-Таныг “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү гэдгээр хүмүүс илүү мэддэг. Өөрийн тухай товч танилцуулаач?
-Бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарын отгон хүү. Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангиийг төгссөн. Дараа нь “Сантис” боловсролын төвийн бизнесийн удирдлагын ангид суралцсан л даа. Хэдийгээр өөр мэргэжлээр суралцсан ч гэр бүлээрээ урлагтай салшгүй холбоотой, орчинд нь өссөн болохоор дуулахаар шийдсэн.
-Морин хуурч мэргэжлээрээ ажиллахгүй дуучин болох замыг яагаад сонгов?
-Дуулах, бүжиглэх, морин хуур тоглох миний сонирхол. Тэгээд л мөрөөдлөө биелүүлэхээр санаа шулуудсан минь энэ. Би багадаа бэлэг дурсгалын зүйл шиг жижигхэн морин хуураар тоглодог хүүхэд байсан. Дээрээс нь аав “Чамд бүжиглэх авьяас байгаа. Чи хэзээ л бол хэзээ бүжиглэж чадна. Тийм болохоор давхар мэргэжил эзэмшээд морин хуур тоглонгоо уран бүтээл хийж болно” гэж зөвлөсөн. Хөгжим бүжгийн коллежид байхдаа хөгжимчдөөс бүрдсэн хамтлагтай байсан. Одоо байгаа “Арга билэг” хамтлагийн өмнөх нь манай хамтлаг юм л даа. Энэ хамтлагийн намтрыг судалбал манай хамтлаг байсныг мэдэх байх. Тухайн үед хамтлагтайгаа хамтарч гурван дуу гаргаж байлаа.
-Гэр бүлийнхэн тань дуучин болно гэсэн шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Гэр бүлийнхэн маань миний шийдвэрийг нааштайгаар хүлээж авсан. Өмнө нь дуулна, дуучин болно гэж хэлж байгаагүй. Тэгээд “Хатариш” дуугаа бичүүлээд авчраад үзүүлсэн чинь “шок”-онд орсон. “Хэзээ дуугаа хийлгэчихэв” гэж байсан.
-Уран бүтээл хийхдээ ахаасаа зөвлөгөө авдаг уу?
-Зөвлөгөөг нь сайн сонсдог. Ах маань өөрийнхөө алдаж оносон бас сургамжтай, амьдрал дээр тохиолдсон зүйлүүдээ хэлж өгдөг. Дүүдээ хайртайгаа үгээр биш үйл хөдлөл, сургаалаараа илэрхийлдэг ахыгаа хүндэлдэг. Ахдаа маш их хайртай. Мөн найз нар минь их тусалж дэмждэг юм.
-“Хатариш” дууг хамтран дуулсан Т.Номинтой үерхдэг үү?
-Бид хоёр зүгээр л энгийн найзууд.
-Таны стиль, имиж ахтайгаа адилхан. Дуурайж байгаа юм уу?
-Амараа ах маань их цэмбэгэр, үлгэр дууриал болохуйц биеэ авч явдаг. Стиль, имиж нь ч надад таалагддаг. Тийм болохоор ахыгаа дуурайсан гэж хэлж болно. Тэр үед ойр тойрны хүмүүс “Ах шигээ хувцаслах хэрэгтэй. Чи өөр хүн шүү дээ” гэж хэлж байсан. Түүний дараа ийм стильтэй болсон. Би өмнө нь жинсэн өмдтэй жирийн нэгэн С.Амарбаясгалант байсан. Харин одоо миний шинэ имиж надад100 хувь таалагдаж байна.
-Аав, ахтайгаа хамтарч уран бүтээл хийх бодол бий юу?
-Гэр бүлээрээ ярилцаж байгаад тоглолт хийх бодол байгаа. Ойрын үед хийх байх.
-Таныг хэн нэгэн эмэгтэй дуучинтай хамтар гэвэл хэнийг сонгох вэ?
-Өмнө нь ингэж бодож байгаагүй юм байна. Хэрвээ дуул гэвэл С.Наран эгчтэй л дуулах байх даа.
-Дууны үг бичдэг үү?
-Миний дууны үг бичнэ гэж юу байхав. Арай болоогүй байна. Хааяа толгойнд дууны үг орж ирдэг. Гэхдээ цаашдаа бичих бодол бий. Ер нь ирээдүйн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө их зүйл төлөвлөж байна. Миний мөрөөдөл хязгааргүй. Хамгийн түрүүнд “American music awards” наадамд хүч үзнэ гэж боддог. Мөн ах шигээ, “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн ах шиг хүндлэл хүлээсэн дуучин болохыг мөрөөддөг.
-“Хатариш” клипэн дээрээ Таныг чонотой адилхан байна гэж ярьж байсан. Ер нь гадны яриаг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Ач холбогдол өг дөг гүй. Муугаар хэлж байгааг нь тоодоггүй. Ямар тэдний хэлснээр муудчих биш. Муу юм ярьж байгаа хүмүүсийн ухамсар нь хэлж байгаа шигээ илжирсэн юм байдаг гэж боддог. Гэхдээ миний тухаймуугаасаа илүү сайн зүйл ярьж байгаасай гэж хүсдэг.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Хамгийн сүүлд дуучин Т.Номинтой хамтарч “Хатариш” дуугаа дүрсжүүлсэн. Клипээ “Creative Art Group” студиэр хийлгэсэн. Одоо дөрвөн шинэ дуу гаргахаар ажиллаж байна. “Хатариш”- тай адилхан цоглог байхаас гадна намуухан, уянгын дуу бий. Эдгээр дуугаа нэг мөсөн дүрсжүүлж байгаад цацах төлөвлөгөөтэй байгаа.
www.UNEN.mn сайт