Орчин үед амьдралын төлөө зүтгэсэн эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамт байх боломж тэр бүр байдаггүй. Тиймээс доорх зөвлөмжийг толилуулж байна.
1. Гэртээ ирээд ажил чухал мэтээр бүү ярь
Хэрэв та хүүхэдтэйгээ харьцах гэж байгаа бол “Ажил ихтэй байхад”, гэдэг ч юм уу ажил төрлөө илүүтэй онцолж ярих хэрэггүй. Хүүхэд чинь “Ажил нь надаас чухал юм байна” гэж ойлгоод өөрийнхөө тухай ярихаа болина.
2. Алжаалаа тайлж амарсан үедээ л хүүхэдтэйгээ ярилц
Өлссөн, ядарсан, ууртай үедээ хүүхэдтэйгээ бүү ярилц. Алжаалаа тайлж, сэтгэл санаагаа тайван байлгаж байж л харьцвал үр дүнтэй.
З. Эхлээд хүүхдийнхээ яриаг сонсож сур
Эхлээд хүүхдээ сонсох нь чухал. Түүнд өөрөө өөрийнхөө тухай ярих боломжийг гаргаж өг. Яриаг бүү тасал. Ярьж буй юмных нь гол санааг ойлгохыг хичээ. Хүүхэд тань гэнэн инээдтэй юм ярьвал бүү доог тохуу болго. Хэрэв та хүүхдийнхээ яриаг сонсох нь байтугай харин ч бүр шүүмжлэлтэй хандаад байвал та хоёрын хооронд ямар ч итгэлцэл үүсэхгүй.
4. Хүүхэдтэйгээ зөвлөж бай
Өөрийнхөө санаа бодол, төлөвлөгөө, эмзэглэж буй зүйлийнхээ тухай хүүхэдтэйгээ ний нуугүй ярилц. Хүүхдээсээ зөвлөгөө авахаас бүү ич. Харин ч хамгийн мэргэн зөвлөгөөг хүүхэд өгч болно шүү дээ. Хүүхэдтэйгээ зөвлөлдөх нь гэр бүлд илэн далангүй уур амьсгалыг үүсгэн, эцэг эх хүүхдийн хооронд итгэлцлийг бий болгодог.
5. Гэрийн ажлаа зөв шударгаар хувиарла
Хүүхдээ тусд орох үеэс л гэрийн ажлаа сайн муу гэж ялгаварлахгүй байдалд сурга. Гэрийн ажлаа өөрөө үлгэр жишээ хийж үзүүл. Хэн завтай байна, тэр нь гэрээ цэвэрлэх тийм арга ухаанд сургаж төлөвшүүл. Хүүхэд гэхээр л заавал хог асгах, аяга таваг угаах ёстой гэсэн ойлголтоосоо сал. Гэр бүлийн гишүүд бүгд ижил тэгш эрхтэй гэдгийг мэдрүүлэх нь хүүхдэд маш тустай.