Хавар, зуны цагт хүний нүүрний арьс харлаж борлох, сэвхтэх хандлагатай болдог. Янз бүрийн гуужуулагч, крем тосыг хэрэглээд ч тэр бүр үр дүнд хүрдэггүй. Харин үүний оронд гэрийн нөхцөлд бэлтгэсэн маск, түрхэц хэрэглэвэл илүү тустай. Хөлсний сүв нь эрс тодорсон үед өндөгний цагаан хатааж агшаах үйлчилгээтэй түрхэцтохиромжтой байдаг.
Өндөгний цагааны маск – Нэг өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгана. Үүний дараа угааж цэвэрлэсэн нүүрэндээ хөвөнгөөр түрхэнэ \зовхиндоо тослог ихтэй нүүрний тосыг түрхэнэ\ маскийг 15 минут байлгасны дараа бүлээн усаар угааж, эцэст нь пудр тавина.
Нимбэг өндөгний цагааны маск – Сэвхтэх, харлаж борлоход тустай. Нэг өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад дээр нь цайны халбага нимбэгний шүүс нэмнэ. Энэ маск нь нүүрний арьсыг өнгөлөг болгоно. Өндөгний цагааны түрхлэгийн нэгэн адил хэрэглэнэ.
Сүүн түрхэц – Сүүнд дүрсэн хэрчим талхыг нүүрэндээ тавиад 10-15 минут байлгана. Уг маскийг байнга хэрэглэвэл арьс булбарай зөөлөн, цагаан болно.
Төмсөн түрхэц – Түүхий төмсийг үрүүлээр үрээд нүүрэндээ 20 минут тавина. Тослог багатай нүүрийг бяцалж үймрүүлсэн төмс өндөгний цагаан халбага зөгийн бал бүхий хольц сайн цэвэрлэдэг.
Хөрөнгөний түрхэц – 20 грамм хөрөнгийг \ эсгэгч\ жаахан сүүтэй хольж хутгаад нүүрэнд түрхэж 25 минут байлгана. Дараа нь нүүрээ халуун бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлна. Энэ маск нь үрчлээг толийлгож арьсыг сэргээнэ. Нэн ялангуяа тийм ч цэвэр биш, батгатай нүүрэнд тохиромжтой. Ийм маскийг долоо хоногт нэг удаа тогтмол хэрэглэвэл арьсыг цэвэр, цайвар болгоно.