Шилдэг дуучид энэ сарын 30-наас долдугаар сарын 7-ныг хүртэл Германы Дюссельдорф хотод болох эцсийн шатны шалгаруулалт буюу үндсэн “ВELVEDERE-2014”-т өрсөлдөнө.
Дуурийн урлагийн нэрт мастер Ганс Габорын нэрэмжит уг уралдааны төв нь Австри улсад байдаг дуурийн залуу дуулаачдыг дэмжих, алдаршуулах зорилгоор зохион байгуулдаг энэхүү уралдааныхаа эцсийн шатны шалгаруулалтыг Вена хотод тогтмол зохион байгуулсаар ирсэн. Харин энэ уламжлалаа түрүү жилээс эвдэж төгсгөлийн шатны үзлэгийг өөр өөр улсад хийж байя гэсэн шийдвэр гаргасан юм билээ. Тэгэхээр “ВELVEDERE- 2014” уралдааны бүсийн шалгаруулалтаас тодорсон манай дуучин Д.Эрдэнэ-Очир дэлхийн өнцөг булан бүрийн аваргуудтай өрсөлдөхөөр энэ сарын сүүлээр Герман улсыг зорих нь ээ.
“ВELVEDERE-2014”-ийн Дорно-Сибирь, Ази, Номхон далайн бүсийн уралдааныг Олон улсын дуурийн хөгжмийн “Дыхание Байкала” дөрөвдүгээр фестивалийн хүрээнд Эрхүү хотод энэ оны тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 1-нд явуулсан байна. Дуурийн дуучдад уран бүтээлийн холбоо тогтоож, олон улсын нэр хүндээ өсгөж, аялан тоглох боломж олгодгоор онцлог уг уралдаанд жил бүр дэлхийн өнцөг булан бүрт 3000 гаруй залуу дуучин хамрагддагаас 200 нь Вена хотод цуглан өрсөлдөж байсан байна. Бүсийн шилдгүүд өнгөрсөн онд Амстердам хотод цугласан бол энэ жил Дюссельдорф хотод Deutsche Oper am Rhein-д тал талаас ирэх нь ээ. Уг уралдааны олон улсын түвшний шүүгчдийн бүрэлдэхүүнд дуурийн урлагийн мэргэжилтнүүдээс гадна продюсерийн байгуулагуудын төлөөллүүдийг оролцуулдгаар онцлог. Монгол Улсаас Тод-Арт” агентлагийн захирал Б.Сэргэлэн шүүгчээр ажиллаад ирлээ.
Р.ОЮУНЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/