Бүх ээжүүдийн түгээмэл асуудлын нэг нь хүүхэд нь бусадтай хуваалцаж мэдэхгүй байх явдал байдаг. Хүүхдийн хувьд “хуваалцах” гэдэг нь эхээс төрөлхийн мэдрэмж биш байдаг, хүүхэд үүнд суралцдаг. Зарим эцэг эхчүүдхүүхдийн өсөлт хөгжлийн хувьд цаг хугацаа нь болоогүй байтал хүүхдээсээ бусадтай “хуваалцах”-ыг хүлээдэг.
Хэрвээ гэрт нэгээс олон хүүхэд байгаа бол “хуваалцах” асуудал зайлшгүй гарна. Энэ бол хэвийн үзэгдэл. Ийм үед яах ёстой вэ? Хүүхдэд “хуваалцах” сэтгэлгээг төлөвшүүлэхэд хамгийн чухал нь түүнийг ажиглаж, зааварчлах арга үр дүнтэй байдаг. Хуваалцахад сургах гэж хүүхдийг албадах нь түүнийг анхнаасаа буруу арга барил юм. Тоглоомыг нь булааж авах, түүнийг сүрдүүлэх, шийтгэх гэх мэт арга барилууд нь хүүхдийн уур хилэнг улам бүр дэвэргэхээс өөр ямар ч нэмэргүй.
Иймээс хүүхдэдээ хуваалцахыг зааж сургахдаа хамгийн түрүүнд эрх мэдэл, өмч түүнд хадгалаастай байгаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй: “Одоо хамтдаа зураг зурцгаая. Аль харандаагаа найздаа өгмөөр байна? Цэнхэрийг нь үү, улааныг нь уу?” Энэ ярианаас хүүхэд, өөрийн мэдлийн зүйлс нь өөрийнх нь хэвээр байгааг ойлгож мэдэрнэ. Сонголт хийх, шийдвэр гаргах эрхийг эдлэх нь хүүхдэд хуваалцах гэсэн нэр томьёоны эерэг талуудыг харуулдаг. Хүүхдэдээ өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндэтгэх мэдрэмжийг заавал төрүүл. Хүүхдээ хуваалцах тал дээр яасан ч албадаж болохгүй.
Өөрийн бусдад ч гэсэн тэдний өмчийн зүйлс байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэ ээжийн ном, тэр аавын үзэг, энэ дүүгийн цамц гэх мэт. Хүүхдийнхээ өмнөөс бусадтай та юмыг нь хуваалцаж болохгүй. Хүүхдийнхээ ямар нэгэн зүйлийг түүний зөвшөөрөлгүйгээр өөр хэн нэгэнтэй маш богинохон хугацаанд ч болов хуваалцахгүй байх нь зүйтэй. Хэрвээ хүүхэд тань зөвшөөрөхгүй бол асуудлыг дахин дэвшүүлэлгүй, өөр сэдэв рүү орох хэрэгтэй.
Хүүхдийнхээ бусадтай эд зүйлсээ хуваалцах тал дээр гаргаж буй өчүүхэн дэвшлийг магтан урамшуулж бай. Хүүхэд тань ямар нэгэн тоглоомоо хуваалцах саналыг зөвшөөрөхгүй бол өөр ямар нэгэн тоглоомыг нь санал болго. Хүүхэдтэйгээ хуваалцдаг тоглоомуудыг тогло. Энэ миний ном, гэхдээ чи үзэж болно.
Яагаад гэвэл чи надад бас заримдаа юмаа хэрэглүүлдэг шүү дээ гэж хэл. Нас нь ойрхон, олон хүүхэдтэй бол тэдний хоорондын хуваалцах асуудлыг зохицуулах гэж хэтэрхий ихээр бүү оролц. Тэдний хуваалцах аргыг нь ажигла. Хэрвээ асуудал шийдэгдэхэд хуваалцах тал дээр нааштай хандсан хүүхдээ магтаж, урамшуул.