“Хэцүү анги” олон ангит киноны Зулын дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг нууц авьяасаа нээж, кино зохиол бичжээ.
Нэгэн цагт УДЭТ-аар овоглож уран бүтээлээ туурвиж явсан жүжигчин бүсгүй Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгаж, үзэгчдийг баярлуулсан цаг саяхан. Цол дагаж бяр гэгчээр төрийн хүндтэй шагнал нь түүнд кино зохиол бичих онгод хайрласан бололтой.
Тэрбээр “Зүрхээр наадагч” гэх содон нэртэй шинэхэн зохиолоо бүтэн жилийн хугацаанд туурвижээ. Харин түүний эл зохиолоор “Хувьсал” продакшны хамт олон кино хийхээр ажилдаа хэдийнэ ороод байгаа аж.
Киноны зураг авалт өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд ирэх намар нээлтээ хийхээр төлөвлөжээ. Гол дүрд МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нараас гадна 2009 оны Азийн топ модель О.Мөнгөндалай нар хамтран тоглож байгаа гэнэ.