Миний өмнө Монгол Рэйн сууж байлаа. Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг нь тавихыг олонтаа харж, сонсож байлаа. Нээрээ “амьд”-аар нь харсан чинь адилхан юм байна шүү. Түүнд энэ нэр, цолоо батлахад нэг л юм дутагдаж байлаа. Инээмсэглэл. Угаасаа ч инээхээргүй нөхцөл байдалд түүнийг эрж суран, хоргоон байж уулзаж байгаа нь энэ л дээ.
Загварын ертөнцийн төгс хос С.Эрдэнэцогт, С.Төгс хоёр тус тусын зам мөрөө хөөгөөд багагүй хугацаа өнгөрчээ. Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн, улс төр судлаач А.Саруулын ганц охин С.Төгс охиноо ганцаараа өсгөж байгаад саяхнаас загвар өмсөгч Ч.Сүбээдэй хэмээх залуутай нэг гэрт орсоноо ил шулуухан зарласан.
Нялх, балчир охинтойгоо уулзахын хүслэн болсон залуухан аав, эрх дураараа насандаа алдсандаа харамсаж буй нь нүүрэн дээр нь бичээтэй С.Эрдэнэцогтоос би олон олон ээдрээтэй асуултын хариуг эрж очив. Ухаалаг, цэгцтэй яриа, их л юм боддог байрын гүн харцтай нүд, ээдрээт амьдралыг туулахдаа наснаасаа эрт хатуужсан айлын том хүү, үе үе гэнэхэн инээмсэглэл зурвас үзэгдэхийг бодоход хүүхэд зангаа ч гээж амжаагүй нэгэн болох нь мэдрэгдэнэ.
Түүнийг бид секс машин, 200 бүсгүйтэй нэг оронд орсон womenizer, эхнэрийгээ эзгүйд бааранд тайчигчтай зугаацдаг нэгэн гэж алсаас тодорхойлохдоо хэр онож дүгнэж вэ? Халуун сенсаацийн эзэнтэй уулзсаных асуултаар булж гарлаа, хаа очиж тэр миний өмнө баггүй суусанд нь үнэхээр талархав. Эсвэл хэвлэлд төдийлөн ам нээдэггүйнх энэ удаад үнэхээр чин сэтгэлээсээ ярья гэж эрс шийдсэн ч байж мэднэ ээ.
-Уулзангуутаа шуудхан ийм сэдвээр ярилцлагаа эхэлж байгаадаа хүлцэл өчье. Нэгэнт сенсаацийн эзэнтэй уулзсаных асуухаа асуугаад чөлөөтэй ярилцсан нь дээр болов уу. Өөрийн чинь бааранд тайчигчтай нялуурч байгаа зураг цахим ертөнцөд багагүй шуугиан тарилаа. Гэргийгээ эзгүйд яагаад playboy дүрд тоглочихов?
-Манай найз Баагий тухайн үед VLVT-д болсон Black Johnny-гийн идэвхижүүлэлтийн party-г зохион байгуулсан юм. Шоуны үеэр тайчигч хүүхэн авчирч үзэгчдийн дундаас хүн сонгоод хамт бүжиглүүлнэ. Шагнал нь виски байна гэхчлэн шоуны сюрпризийн зах зухаас би мэдэж байсан. Тэгсэн чинь хэн нэгэн хүнийг гаргаж ирээд тайчигчтай бүжиглүүлэхээр нөгөө хүндээ эвгүй байж магадгүй. Найз нь чамайг тайчигч бүсгүйгээр сонгуулчих уу гэж байна. Тэгээд л би гэдэг хүн гэнэ сэнэгүй сонгогдчихлоо. Гэхдээ би хувцасаа тайлна, тайлуулна гэж бодоо ч үгүй байсан. Яахав, тайчигч над дээр сууж бүжиглэнэ л биз, найздаа тусалья л гэж бодсон. Тэгээд бүжгийн талбай дээр гарсан, хувцас ч тайлаад эхэлсэн. Болиулах аргагүй, бүх хүмүүс харж байхад тэгээд л гүрийчихсэн. /инээв/ Тэр тайчигч бүсгүй их active сэтгэхүйтэй байсан л даа. Миний хувцасыг нэг нэгээр нь тайчаад, цээжин дээр виски асгаж байгаад долоож байгаа юм шиг үйлдэл үзүүлээд. Яг ч долоогоогүй л дээ. Энэ бүр арваннэгэн сард болсон үйл явдал. Гэтэл саяхан фото нь гараад, эхнэрээ Нью-Йоркийн загварын долоо хоногт явсан хойгуур зугаацлаа ч гэх шиг. Уг нь хоорондоо цаг хугацааны хувьд ч хаа хамаагүй л дээ.
-Ний нуугүй асуучихад, өөрийг чинь 200 бүсгүйтэй унтсан, секс машин гээд байдаг. Анх загварын ертөнцөд гарч ирсэн үеэс л энэ нэр, хоч дагалаа шүү дээ. Яагаад ер нь тийм яриа гарах болов?
-Худлаа, худлаа. “Үдшийн шивнээ” сэтгүүлд ярилцлага өгөөд, өөрөө ер нь хэдэн хүнтэй унтсан бэ гэхээр нь би тэрийг тоолдоггүй шүү дээ л гэсэн. Тэрнээс ямар тэнэг хүн тэгж хэлэх юм, солиотой. Би хүүхэмсэг биш шүү дээ.
Авгай нар яах вэ, гомо нар зүгээр байлгахгүй юм
-Ер нь зөвхөн загвар өмсөгчид гэхгүй эрэгтэй дуучид хамтлагийн талаар ч гэсэн мөнгөтэй хүмүүстэй дотно харилцаа тогтоож мөнгө олдог гэсэн ойлголт байдаг. Энэ хэр үнэний ортой вэ, нууж хаалгүй тодорхой хариулт өгөөч?
-Харин тийм. Муу шаарууд одоо муухайгаар хэлэхэд биеэ үнэлдэг болчихож. Би энд нэр, усыг нь хэлээд ч яахав дээ. Саяхан би нэг хүнтэй ам зөрлөө. Тэгсэн чинь намайг аан муу бөгсөө зарж барьдаг ч гэх шиг. Чи зүгээр байгаарай хэдэн охидууд л тэгдэг болохоос гэсэн чинь эр, эмгүй тийм болчихсон шүү дээ гэж байна. Тийм л юм байх. Тэгээд бас бус хүмүүсийг ч тиймийг нь дууллаа. Битгий нэр баасдаад байгаарай, нэг салбарынх гэж хэлэхээсээ ичиж байна шүү гэж хэлсэн. Хоморгонд нь явчихаад байгаа юм чинь. /инээв/ Хэцүү ч юмаа даа.
-Өөрт чинь тийм санал тавьж байсан тохиолдол байна уу. Дотно больё, мөнгө өгье амраг минь болооч гэдэг ч юмуу?
-Өө тийм, хэд хэдэн хөгшин авгай хандаж байсан. За зүгээр байгаарай, юухэв дээ л гэсэн. Тэр авгай нар нь одоо дүүрч. Гомо нар нь зүгээр байхгүй шүү. Харанхуй хар хавцалд чинь хар азаргаа усалья л гэнэ. Чи миний хонгорхон болооч дээ л гэх юм. Би чамайг юугаар ч дутаахгүй, чамд хэцүү байвал хоёулаа гадаадад амьдарч болно шүү дээ л гэнэ. Хамгийн аймаар нь жинхэнээсээ яриад байгаа байхгүй юу. Тэнэг юм. Муу явахаар сайн үх гэж тийм болсноос амиа хорловол таарна.
-Шулуухан асуучихад өөрийг чинь олон эмэгтэйтэй уулздаг, гэр бүлтэй болсон ч зангаа тавихгүй байгаа гэсэн мэдээлэл их гардаг. Энэ байдлыг чинь тэвчихгүй Төгсөө салсан юм биш үү?
-Үгүй үгүй, эмэгтэй хүний асуудал байхгүй. Бид хоёрын хооронд ерөөсөө ямар ч сэдвээр хэрүүл байхгүй. Гол нь хадам надад дургүй, дээрээс нь би айлд байх дургүй. Тусдаа гарья гэхээр манай хадам гаргадаггүй байсан. Одооны хүүхдүүд эмзэг болчихсон та хоёр хэзээд нь ажил хийж хэзээ нь хүүхдээ харах гээд байгаа юм, наад хүүхэд чинь хаягдана гээд. Хүмүүс хэлдэг л байсан. Тусдаа гарсан нь дээр, хамтдаа байх юм бол хэрүүл ч гарахгүй. Эхнэр, хүүхэд чинь хамт байвал чиний гарч орох чинь ч гайгүй болно гээд. Тэгээд энэ асуудлын дараа би нэг шоудаад тэр чигтээ алга болчихсон чинь Төгсөө араас мессеж бичээд, бараг л чамтай биш тэрэнтэй байдаг байж ухааны юм яриад. Тэгэж хэлэхээр нь миний зэвүү хүрээд, гэхдээ хүүхдээ санаад очиж л байгаа юм л даа.
-Саяхан өөрөө бас дуулиан тарьж зодоон хийлээ. Хоёр загвар өмсөгч цусаа гартал зодолдлоо гэсэн мэдээлэл хүчтэй явлаа шүү. Болсон явдлыг ний нуугүй яриач?
-Ирмүүн бид хоёр “Face of Mongolia”-д орж байх үеэс бие биеэ мэднэ. Манай найзтай уулздаг нэг охин манайд ирээд Ирмүүнтэй урд нь үерхдэг байсан гээд муулж муулж явсан юм. Тэгсэн чинь дараахан нь Ирмүүн чи намайг гомо гэлээ гээд учир зүггүй фэйсбүүкээр ална тална гэж бичээд. Би тэрэнд алуулах хүн мөн ч юмуу үгүй ч юмуу. Угаасаа сагсны тэмцээн дээр бид таарах нь тодорхой байсан. Би зодоон болгоё гэж бодоогүй л дээ. Уулзаад юу болсон юм бэ тэрний задаргааг нь гаргая, хоёулаа гарья гэсэн. Тэгсэн чинь араас татаж савхин хүрэм ураад. Бид харилцан ганц ганц цохилцсон. Хоморгонд нь хөөрхий, Болормаа захирал нэг цохиулчих шиг болсон. Зодооны дараа чи манай дүүг хасаг гэсэн үү гээд баахан казак ах нар над дээр ирсэн. Адилхан нэг үндэстэн, монголчууд байж бие биенээ ингэх хэрэг байна уу гээд над руу уурласан. Би ерөөсөө тийм юм яриагүй гэдгээ хэлсэн. Цусаа гартал зодолдоод ч гэх шиг хэнээс нь ч цус гараагүй шүү дээ. Тийм сүртэй юм болоо ч үгүй. Тэр охины ярианаас л болж байгаа юм. Тэр охин чинь чамайг тэгж хэлж байна гээд намайг Ирмүүнд хэлчих байх гээд айсан юмуу хаашаа юм. Ирмүүнд очоод өөрийнхөө бодож явдаг муулсан юмнуудаа бүгдэнг нь миний нэрээр ярьчихсан юм шиг байсан. Тэр охины над руу фэйсбүүкээр бичсэн мессэж байж л байгаа. Надтай дотносох гээд байгаа юмуу яах гээд байгаа юм. Ер нь найз залуутай охидууд мессэж бичихээ больчихвол их аятайхан болох гээд байна шүү.
“Шилмэл загвар” новшийн гэдгийг бүгд мэднэ
-Яг одоо өөрөө амьдралдаа ямар зорилго тавьж байна даа. Мэдээж алдаа, онооноосоо их л зүйл сурж байгаа байх?
-Ээжийнхээ намайг арван сар тээж төрүүлсний гавьяаг гаргая даа энэ чинь. Манай ээж залуудаа телевизийн хөтлөгч больё гэж боддог байсан юм шиг байгаа юм. Хөтлөгч болчих л доо, хүүгээ телевизээр хараад байж байвал гоё шүү дээ гээд байдаг байсан. Хэсэг чимээгүй болчихсон байсан, дахиад тэгдэг болчихлоо. Хэдэн телевизээр ордог юмуу гэж бодоод байна. Ийм том хүн чинь камерт нь багтах юм болов уу даа. Ярилцлага өгөхөд дандаа доошоо тонгойж өгдөг байсан санагдаад, ер нь хөтлөгчид намхан байдаг байх гэж төсөөлөөд байна. /инээв/ Саяхан “Хувьсал” продакшнд кино пробонд орсон. Чадвал энэ зун нэг кинонд тоглочих бодол байна.
-Ингэхэд өөрөө ямар мэргэжилтэй вэ. Хэр сурлагатай хүү байв?
-Солонгост олон улсын худалдаагаар сурч байсан, хаячихаад ирсэн. Бие холдохоор сэтгэл холдоно гэж бодогдоод. Хүүхдээ санаад байгаа юм чинь. Фэйсбүүкээр охиноо харахаар өөрийн эрхгүй нулимс гараад. Маш их санаад, ядаж байтал надтай үнэхээр адилхан. Охиноо өсөж байгаа мөчид хажууд нь байхгүй болохоор хэцүү санагдаад. Тэгээд солиорох гээд тэсэхээ байгаад хүрээд ирсэн. Өмнө нь ИЗИС-д суралцаж байгаад ар гэрт асуудал гараад сургуулиа орхисон. Манай ээж, дүү бид хоёрыг бага байхаас биеэ даасан байдалд сургасан. Ээж маань барилгын компанийн захирал, их завгүй байдаг байлаа. Намайг чи яасан хариуцлагагүй юм, би өөрийнхөө зүгээс хийхээ хийж байгаа, чи яагаад өөрийнхөө үүргийг биелүүлэхгүй байгаа юм гэж загнадаг байлаа. Хичээлээ хий, даалгавараа хий, онц сур, зургаа зур гээд л. Би онц сурдаг байсан. Одоо дахиад сурах бодол байгаа. Гэхдээ ээжийнхээ компанид ажиллаж байсан болохоор муухан оффисын ажилтнаас илүү шүү. Илтгэл тавина, төсөл бас биччихнэ.
-Эрэгтэй хүний хувьд хөөрхөн царай гэхээсээ бие бялдар чухал юм шиг ээ. Өөрийн чинь хувьд хэр хугацаанд хөдөлмөрлөж байж одоогийн бие галбираа бий болгосон бэ?
-Юухан байхав дээ. Одоо чинь гурван сар хичээллээд уураг энээ тэрээ уугаад л бакь болчихдог болсон байна шүү дээ. Би бол уураг хэрэглэдэггүй, ямар мэргэжлийн тамирчин болох гэж байгаа биш. Бага байхын л манай ээж хэлдэг байсан. Эрэгтэй хүн хөөрхөн, давхраатай алаг нүдтэй байх албагүй. Эрэгтэй хүн эр хүн шиг л байх ёстой. Гоё биетэй, гоё арьстай, гоё харилцаатай, цэвэрхэн хувцасладаг байхад болоо гээд. Ээж намайг бага байхаас спортоор хичээллүүлсэн. Байлдааны самбо, жудо, тэеквондо гээд бүгдэнгээр нь хичээллэсэн. Сүүлд том болоод ирсэн чинь чи боди-д яваач нээх туранхай хатсан борц шиг гээд. /инээв/ Загвар өмсөхөөр дундаас нь ялгарч харагдах хэрэгтэй. Ямар мэс засал хийлгэлтэй биш, нүүрээ будалтай биш. Бакь л болохгүй бол тэгээд хэцүү байгаа юм чинь.
-Гэр бүлийнхнээ энэ дашрамд танилцуулахгүй юу. Анх загварын ертөнцөд хөл тавихад магадгүй ойр дотныхон чинь нөлөөлсөн байх?
-Би аавыгаа мэдэхгүй. Ямар ч байсан ааваас долуулаа гэдгээ мэднэ. Ээжээс хоёулаа, доороо нэг дүүтэй. Ээж, дүү, ээжийн дүү гээд ахтайгаа хамт амьдардаг. Багадаа их олон зүйл мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдлийн маань нэг нь загвар өмсөгч болох байсан. Намайг загвар өмсөж эхлэхэд гэрийнхэн маань анхнаасаа дургүй байсан. Би 16, 17-той байхдаа Corprate-д бармен хийдэг байсан юм. Тэр үед загвар өмсдөг хэдэн ах нар орж ирнэ. Мөнгө ч ихтэй үнэтэй хоол идэж, үнэтэй виски захиалаад л. Өмссөн зүүсэн биеэ авч яваа байдал нь цаанаа л гоё. Тэгэхээр нь загвар өмсөх ер нь мөнгө их олдог, гоё ажил юм байна гэж бодоод. Тэгээд “Шилмэл загвар” дээр очиж гэрээ хийгээд, найзаараа загварын алхаа заалгуулаад энэ ертөнцөд хөл тавьсан даа.
Тэгсэн чинь нөгөө “Шилмэл загвар” нь надад мөнгө өгдөггүй ээ. Угаасаа салбарынхан бүгд мэднэ л дээ, Шилмэл новшийн газар гэдгийг. Таван цаас хялгайхгүй. Тэгсэн мөртлөө ачаалал ихтэй. Энэ бүхэн чамд туршлага болж үлдэнэ гээд л. Анх зурагтаар гарч эхлэхээр бас сонин шүү дээ. Тэр үед 18, 19-тэй л байсан. Олон ч тэмцээн, уралдаанд орсон. Тэгж байсан чинь “Талст”-ын шоу болоод “Монгол модель”-ын моделиудтай хамт орлоо. Тэгсэн чинь нүдэн дээр тоолоод моделиуддаа мөнгө өгөөд байна. Тэгэхээр нь тэнд ажилладаг таньдаг охиноосоо асуугаад, танай агентлагт чинь би орчихьё л доо, мөнгө өгдөг юм байна шүү дээ гээд. Тэгээд л Болормаа захирал руу яриад “Монгол модель”-д орсон. Тэрнээс хойш бараг л баяжингаа алдсан. /инээв/
Би хадмын тал дээр үнэхээр азгүй сугалаа сугалсан
-Загварын ертөнцийн өсөх ирээдүйтэй, авьяаслаг моделиуд хайр сэтгэлийн холбоотой болоход олон хүн та хоёрт баяр хүргэж байсан. Эх орондоо карьер хөөж болохоор ид оргил үедээ яагаад гэнэтхэн хамтдаа гадаад руу явах болсон юм бэ?
-Төгсөө тухайн үед манай нэг найзтай үерхдэг байсан. Намайг тэр үедээ харж явдаг байсан юм билээ. Өөрөөс нь өндөр, булчинлаг, шивээстэй, бага зэрэг bad boy, gang залуу гэж төсөөлсөн, мөрөөдлийн залуугаа тэр хүн сэтгэлдээ зурчихсан явж. Би тэрэнд нь их нийцдэг байсан юм байна. Тэгээд надтай үерхсэн. Бид хоёр сар үерхлээ. Нэг өдөр Төгсөөгийн ээж залгаад “Муу шоучин бацаан минь манай охиноос хол байгаарай” гээд утсаар зүсэн зүйлээр намайг доромжилдог юм байна. Би тэр үед бага зэрэг халамцуу, “Тэнэг авгай минь, охин чинь өөрөө надтай үерхье гэж гуйж ирсэн за” гээд. Угаасаа тийм л юм чинь. Төгсөө ч ярилцлага өгөхдөө хэлдэг шүү дээ, би өөрөө үерхэх санал тавьсан гээд. Тэгээд бид ээжээс нь нууцаар гурван жил үерхлээ. Энэ хугацаанд Төгсөө Монголд ирэн очин байдаг байлаа. Германд байж байгаад Австрид сурахаар болсон. Тэгэхээр нь хоёулаа бараг худлаа юм байна, салья гэлээ. Тэгсэн чинь хамт явья гээд. Тухайн үед манай гэр бүлд намайг Европ явуулж сургах боломж байгаагүй л дээ. Тэгсэн чинь Төгсөө, за за чи тэгвэл Азидаа ядаж сурчихна биз дээ. Манай гэрийнхэн намайг энд байлгахгүй заавал гадагшаа явж сур гээд байна гээд. Тэнд хүн Австрид сургуулиа орхиж байхад би яагаад солонгост ч юмуу сурах сэтгэл гаргаж болохгүй байх билээ. Энд байхаар ээж нь гадарлаад, хамтдаа төгс хос болж шагнал авсан чинь, чи нөгөөтөхтэйгөө эргээд нийлчихсэн юм биш биз дээ гэж шалаад. Солонгост ямар ч санаа зовох юмгүй хамт байж болмоор санагдсан. Яг явах гээд онгоцны буудал дээр бид хоёр тус тусдаа байж байлаа. Тэгсэн чинь ээж нь биднийг хамт явах гэж байгааг мэдчихээд онгоцны буудал дээр Төгсөөг эмээд нь ч үнсүүлэхгүй хаячихаад яваад өгсөн. Тэгээд манай хүн онгоцон дотор уйлаад бөөн юм болсон. Тэр үед уйлж байхад нь сэтгэлийг нь засья, баярлаг гээд би хуримынхаа бөгжийг гаргаж өгсөн. Уг нь очоод өгөхөөр төлөвлөж байсан юм. Тэгээд тэнд очоод ядаж байтал бүтэлгүй ээ. Гурван сар болоод Төгсөө жирэмсэн болчихсон. Бид хоёр гэхдээ хэн хэн нь хүүхэдтэй болно гэдгээ мэдэрч байсан. Тэнд би ажил хийгээд давхар сурдаг. Бидэнд таньдаг найз, хамаатан аль нь ч байхгүй. Золоор тэр үед мөнгөтэй байсан нь их юм болсон. Төгсөө Монголд ирж амаржсан. Би тэнд монголчуудын баар ажиллуулдаг байсан. Тэгээд түрүү жилийн долоон сард охин, эхнэр хоёрынхоо араас ирсэн. Ирээд хоёр, гурван удаа шоудчихсан. Тэгээд л хадамд оноо алдаж эхэлсэн дээ. Солонгос явахаас өмнө Төгсөө бид хоёр манайд бүх найзуудаа цуглуулаад өдөр болгон бужигнадаг байсан. Би бүтэн жил илүү хугацаанд Солонгост байж байгаад ирээд найзуудаа хараад хэт догдлохгүй юу. Гэхдээ энэ миний буруу л даа. Чухал биш хүмүүсээс болж чухал хүнээ битгий алдаарай гэдэг үг байдаг шүү дээ. Би өөрөө хэтрүүлчихсэн. Нэг гарахаараа заавал доод тал нь хоёр гурван хоногоор явчихдаг.
-Та хоёр гэрлэлтээ батлуулсан байсан уу?
-Солонгост наймдугаар сарын 1–нд батлуулсан. Хоёр жилийн ой болох гэж байлаа. Төгсөө хүнтэй болсон ч гэсэн охинтой минь уулзуулах байлгүй дээ. Төгсөөтэй холбогдох гэхээр утсыг нь мэдэхгүй юм, шинэ найз залуугаас нь асуудаг юмуу яадаг юм. Гэрт нь очиж ээжээр нь маажуулмааргүй байна шүү. Манай хадам талбай дээр суулт хийж өлсгөлөн зарладаг байсан хүн шүү дээ. Манай найзууд хэлдэг юм, чи хадмын тал дээр үнэхээрийн азгүй сугалаа сугалж гээд. /инээв/
-Гэхдээ хэчнээн тийм ч гэсэн хадам, хүргэний хооронд сайхан дурсамж байгаа л байлгүй дээ?
-Надад хадмыг, Төгсөөг үзэн ядах асуудал байхгүй. Хүмүүс хадмыг таагүйгээр хэлдэг ч гэсэн хувь хүн нь мундаг эмэгтэй. Би хадмыг хүндэлнэ. Угаасаа би өөрөө олигтой байсан биш. Харин ч намайг их олон удаа тэвчиж тэсдэг байсан юм шиг байгаа юм. Энэ өндөрлөгөөс эргээд харахад гэдэг шиг. /инээв/ Хүндэлнэ ээ. Хурц ааштай, амбицтай хүн.
-Өөрөө л их зүггүй болохоос Төгсөө бол их даруу төлөв бүсгүй юмаа даа?
-Мэдэхгүй. Энд тэндээс хүмүүс хэлдэг л юм. Тэнд нэг залуутай, энд нэг залуутай, цагаан сараар манай найзынд нэг залуутай орж ирсэн гээд. Тэгэнгүүт би сэжиг хүрээд байгаа байхгүй юу. Би өөрөө ч мэдээж зүгээр байгаагүй л дээ. Магадгүй таван жилийн дараа би өөр юм бодож болно л доо. Одоо бол эргэж нийлэх бодол алга.
-Ер нь хадаг тавьж бэр гуйх ч юмуу, хурим найр яагаад хийгээгүй юм бэ. Магадгүй хуримаа хийчихсэн бол ингэж амархан салах хэврэг харилцаа болохгүй байсан байлгүй?
-Би бэр гуйя гэж хэлсэн. Тэгсэн чинь манайханд нэг ч хүн тэгж байгаагүй гээд. Өвөө ч тэр, хадам ээж бол угаасаа хүнтэй суугаагүй. Манай найз, Амгаа /“Big fish”, “Учиртай гурав”-т тоглодог модель/ их хэлэмгий доломгой. Тэр тухайн үед “Алтай кашмер”-ын нүүр царай байсан юм. Найз нь чамд “Алтай кашмер”-аас гоё дээл аваад, би өөрөө дээл өмсөөд танай хадмынд очиж бэр гуйна аа гээд л. Тэгж төлөвлөж байсан чинь хадмын талынхан татгалзаад тэгээд л өнгөрсөн дөө. Би “Монгол шилтгээн”-д сүртэй хурим хийе гэж бодсон. Бүр төсөвлөчихсөн байсан юм чинь. Тэр тэр хүмүүсийг урина, тийм тийм хүмүүсээр зохион байгуулуулаад тэр тэр хүмүүс ирж дуулна гээд. Ойрын арван жилдээ мартагдахгүй гоё хурим хийнэ гэж бодож байлаа. Versace-гийн дизайнераар даашинзыг нь хийлгэнэ гээд өөрөө ч ярьчихсан байсан л даа. Тэр бүх төлөвлөгөөний маань аль нь ч биелээгүй. Миний буруу ч байгаа л даа. Хүмүүс минь шоудалтаа багасгасан нь дээр юм байна шүү. Ер нь залуучууд ямар ч нөхцөлд нөхөрлөл мандтугай гээд гүйгээд байх хэрэггүй. Гэр бүлээ л бод. Төгсөө одоо гадуур шоудна гэж байхгүй. Хүмүүжилтэйдээ биш, бид хоёр хөтлөлцөөд л шоуддаг үе байсан. Одоо Төгсөө хүүхэдтэй юм чинь. Бид хоёр гадуур сууя, кино үзье гээд хааяа гарна. Тэгэнгүүт хүүхдэдээ санаа зовоод, санаад за за явах уу хоёулаа явья явья гээд. Тэгээд л гэртээ очингуут тэр мэдрэмж үнэхээр сайхан. Яваад оронгуут хөөрхий амьтан, охин маань уйлчихсан сууж байгаа юм чинь. Ээ гээд л гүйлдээд очно. Уучлаарай, уучлаарай аавыгаа уучлаарай, ээжийгээ уучлаарай гээд л. Аймаар тийм гомдож уйлдаг байхгүй юу. Ингэхээрээ /үзүүлэв/ ядахад надтай үнэхээр адилхан.
-Өөрөө Төгсөөгийн ямар үеийг марталгүй санадаг вэ. Сэтгэлд тод үлдсэн дурсамж гэж байдаг даа?
-Бид хоёр гурван жил үерхсэн бие биенээ их л сайн мэддэг гэж боддог байлаа. Гэтэл яасан, Солонгост очоод дайн болж байгаа юм чинь. Манай хүн өндөг ч чанаж мэдэхгүй. Би уйлуулаад л загнаад хоол хийхийг зааж өгч байлаа. Арга ч үгүй дээ, эмээ өвөө, ээжийнхээ гар дээр бөмбөрч өссөн танхи охин. Би хүртэл тэднийд хэсэг амьдарсан чинь яг Төгсөө шиг гандангийн тагтаа болох гэж байгаа юм чинь. Дурсамж гэснээс, “Гялс” төв ёстой новшийн давхраа хийдэг газар. Өглөө унтаж байсан чинь Төгсөө нүдэн дээрээ цаас наачихсан ороод ирсэн. Тэр дүр зургийг нь би ёстой мартдаггүй юм. Надаас бас их юм болсон. Онийчоод энэ тэр гэж дооглоод л. Угаасаа өөрөө нүдээ сэтлүүлнэ, давхраа оёулна гэж ярьдаг байсан. Тэгээд ийм байдлыг удаан тэсвэрлээгүй давхраа оёулахаар шийдсэн юм шиг байсан. Тэр дүр зураг одоо ч нүдэнд харагддаг шүү.
Сүбээдэй миний хамгийн муу хувилбар
-Та хоёрын дунд гуравдагч этгээд гараад ирлээ. Тэр ямар учиртай хүн бэ?
-Тэр уул нь манай хуурай дүү. Ичмээр юм, тэр муу бацаан одоо. Намайг найзуудтайгаа хамт буудалд уугаад алга болдог гээд байдаг шүү дээ. Тэгэхэд хамт уугаад явж байсан хүн шүү дээ. /инээв/ Хадам бол бүр сайн мэдэж байгаа. Сүбээдэй бид хоёр хадмынд хамт ороод, зураг авалттай гэж худлаа яриад үсээ янзлаад шоудах гэж гарч л байлаа. Хамт олон удаа ууж байсан.
-Тэр хоёрыг хэзээ мэдсэн бэ. Мэдээж нэг салбарын хүмүүс хоорондоо тааралддаг байх?
-“Tokyo fashion week”-д явахад тэр хоёрын харилцаа хүмүүст ажиглагдсан юм билээ. Би ирэхээр нь Сүбээдэйгээс асуусан. Надаас яаж ийм юм асууж чадаж байна аа, ичээч. Арай ч дээ би яаж зүрхэлдэг юм гээд байсан. Фэйсбүүкт relation хийнгүүт нь би мессеж бичсэн. Миний охиноос хол байгаарай, надтай нэг уулзаарай гээд. Тэрнээс өмнөхөн хүртэл ахдаа мэнд хүргье гээд чатлаж байсан /үзүүлэв/ инээдтэй юм. Яахав дээ тэгээд нийлбэл нийлнэ биз. Тэр балай бацаантай Төгсөөг нийллээ гээд харамсаад байх юм алга.
-Өөрөө бол тэр хоёрыг салгаж амьдралаа аврах шийдвэртэй алхам хийхгүй юм байна тийм үү. Магадгүй амьдрал баялаг та хоёр хүүхдээ бодсон ч эргээд нийлбэл олон хүн баярлах байх?
-Би гуйж очлоо юу, тэнд. Би Сүбээдэйг маш сайн мэднэ. Бид хоёр хамт уудаг, шоуддаг байсан. Миний дараа Төгсөө Сүбээдэйг гэртээ авчирлаа. Бүр миний байж болох хамгийн муу хувилбарыг арчаагүй байдал нь давамгайлчихсан тийм муу хувилбарыг шинэчлээд update хийгээд аваачаад тавьчих юм. Магадгүй амьдрал баялаг эргээд нийлэх ч юмуу гэж өөрөө түрүүн хэлсэн. Эргээд нийллээ гэхэд сэтгэлд сэвтэй. Би зөрж өөр нэг хүнтэй relation хийх тийм алхам хийхгүй. Эргээд уулзья гэж гуйхгүй ээ. Охиноо харья л гэж би Төгсөө рүү залгадаг. Одоо бол бид хоёрын хооронд хайр ярих нь утгагүй болсон. Охинтойгоо хүссэн үедээ уулздаг байхад миний хувьд хангалттай. Хүмүүсийн өгзгөө яаж явуулах нь надад хамаагүй шиг миний өгзөг яаж явах тэр хүмүүст хамаагүй байвал их аятайхан байх гээд байна.
Сексийг амттай хоол идэж байгаа юм шиг хийх хэрэгтэй
-Энэ дашрамд өөртэй чинь анхны хайрын тухай ярилцмаар байна. Хэн гэгч бүсгүй өөрийн чинь сэтгэлийн угт first love болж үлдсэн байдаг юм бол?
-Миний анхны хайр Шүрээ гэж охин байсан. Яг Төгсөөгийн өмнө. Тэр загвар өмсөх гэж оролддог байсан. Төгсөөгийн хажууд бол модель гэж ярьж ч болохгүй хүн. Яг миний цэвэр type Төгсөөгөөс шал өөр. Би цав цагаан царайтай хөөрхөн хацартай, том дүрлэгэр нүдтэй, зузаан уруултай охидод дуртай. Төгсөө тэгсэн чинь хар, туранхай, шөвгөр царайтай, нимгэхээн уруултай. Хацар юу ч байхгүй. Нүд бүр байхгүй, давхраа хийгээд хийгээд нэмэргүй. Хэзээ ч миний type болохгүй.
-Яагаад анхны хайртаасаа салах болов. Төгсөөтэй учраад хаячихсан юм биш биз?
-Би амралтанд найзуудтайгаа хэд хоног шоудчихсан юм. Тэгсэн чинь намайг хаячихдаг юм байна. Бид хоёр чинь гурван жил үерхсэн шүү дээ. Яг тэр үед Төгсөө над руу залгадаг байсан. Фэйсбүүктэй ч болчихсон байлаа. Шууд Төгсөөтэй relation хийсэн. Төгсөөг анх хүмүүс мэддэггүй байлаа. Ээгийгийн найз охин гэдгээр нь мэддэг болсон.
-Төгсөө бол айлын танхи охин, өөрийн гэсэн амбицтай бүсгүй. Тийм атлаа өөр рүү чинь хандарсан гэхээр хэд дахин буулт хийж байж ирсэн юм биш үү. Бас л эмэгтэй хүний хувьд зориг л доо?
-Төгсөө над дээр гуйгаад ирэх нь аргагүй ээ. Өмнөх найз залуу нь өөрөөс нь намхан, туранхай, хачин амьтан. Тэрэнтэйгээ бас хоёр жил болчихсон байсан. Одоо цаадахыг чинь төгс бүсгүйн бодит илэрхийлэл гээд бичээд байгаа. Тухайн үед Төгсөө тэшийсэн өндөр, өргөн мөртэй, давхраа хийлгээгүй надаас жижигхэн нүдтэй эвгүй байсан. Би заримдаа сүрдүүлдэг юм. Дургүй хүргээд байх юм бол чиний тэр өмнөх давхраа хийлгээгүй будаггүй сампирчихсан байгаа зургуудыг чинь би сайтад зарчихна шүү, зүгээр байгаарай гэдэг юм. /инээв/ Фэйсбүүк дээр над руу хандсан статус бичээд байхаар нь зургийг чинь шейрлээд онигоонуудыг чинь бичээд тавьчихна шүү, аятайхан байгаарай гэдэг. Тэгэнгүүт нөгөөтөхөө устгаж барина. Гэхдээ би тэгэхгүй л дээ.
-Төгсөө өөрийн чинь type биш юм бол тэр үед яагаад дотноссон юм бэ?
-Надад нэг л хөөрхөн санагдсан. Эхлээд би Шүрээд зэвүү хүрч нийлсэн ч гэсэн хэд хоноод л дасчихсан. Цаадах чинь аймаар horny, нэг шөнө арав “хийнэ” шүү дээ, бараг. Намайг унтуулдаггүй байсан. Охидууд ер нь секс хийе гэвэл хийчихээд хийхгүй гэвэл хийдэггүй. Төгсөө тийм биш, зүгээр “элэглэдэг” байлаа. Бидний учрал болгон солиормоор, галзуу байдаг байсан.
-Эмэгтэй хүнийг ер нь өөрийнхөөрөө товчхоноор юу гэж тодорхойлох вэ?
-Цэцэг. Услаад л байвал гоё болоод л байна. Ургаад л.
-Усална гэж яадаг юм, өөрийн чинь хувьд эмэгтэй хүнийг яаж усалдаг вэ?
-Хайрлана, халамжилна.
-Хайр гэж юу юм тэгвэл. Яг ямар үед өөрийн чинь хувьд хайр илүүтэй мэдрэгдэж тэрийгээ илэрхийлдэг вэ?
-Чи больчих л доо. /нүүр нь улайв/ Хайр уу? Хайр гэж бие биедээ итгэх итгэл, хүндлэл. Харцаараа ойлголцох тэр өнцөг. Эмэгтэй хүн надад уусч, над шиг яриад эхлэх юм бол хайр хүрчихдэг. /инээв/
-Аль түрүүнээс хойш хоёулаа секс ийм тийм гэж ярилаа. Одоо яг асуулт болгоод илэн далангүй асууя?
-За яршиг өө /нүүр нь улайв/
-Секс гэж ер нь өөрийн чинь хувьд юу вэ. Товчхоноор тодорхойлвол?
-Хоол шүү дээ. Өөрөө хоолгүй хэд хонож чадах юм? Хоол шиг чухал. Сексийг яг гоё амттай хоол идэж байгаа юм шиг л хийх хэрэгтэй. Гоё оршил, гоё өрнөл, хурц байдал … За юу яриулаад байна аа? Жаахан хүүхдээс том хүний юм асуугаад. /инээв/ Ямар дэмий юм бэ, энэ чинь? /инээв/
Үнэнээ л хэлье, би дандаа “чихдүүлдэг”
-Эмэгтэйчүүдийн хувьд бараг шүтээн нь болчихсон өөрөө ч бүсгүйчүүдийн талаар сайн мэддэг хүнтэй уулзсаных асуухад эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэж ер нь яг юу вэ?
-Намайг хэлээд байгаа юмуу? /инээв/ Эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн байх ёстой. Хэнэггүй, хээгүй ч юмуу спорт, карьер хөөгөөд эвгүй болчихсон эгч нар байна шүү. Боди ч байна бөх ч байна. Мундаг байна, надаасаа л дээр медаль энэ тэр аваад л. Гэхдээ эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн байх хэрэгтэй. Хэн ч харсан нэг тийм гоё эмэгтэйлэг. Тийм л байх ёстой.
-Эмэгтэйлэг гэдэг нь яг ямар ухагдахуун юм. Ямар хүнийг өөрөө жишээлбэл эмэгтэйлэг гэх вэ?
-Нээх тийм бүсгүй ааль ниа ниа гэсэндээ биш. Харахад л гоё бүсгүйчүүд байдаг даа. Одоо жишээ нь Давхраа ахын авгай Алимаа эгч байна. Топ модель Алимаа эгчийг харахаар их гоё. Сумьяабазар ахын эхнэр Мичидмаа эгч байна. Үнэхээр гоё, нэг тийм цэмцгэр. Тийм л байх ёстой. Тэд нарт аймаар олон долоон шалчигнасан эсвэл аальгүй яриа байхгүй.
-Эмэгтэй хүний ямар занг өөрөө ер нь тэвчдэггүй вэ. Орчин үеийн эмэгтэйчүүдийн юу нь таалагддаггүй вэ. Одооны эмэгтэйчүүдийн юу нь өөрийг чинь хамгийн их эмзэглүүлж байна?
-Одоо зүгээр нэг шөнийн учрал бол хамаагүй болчихож. Энэ нь үнэхээр тэнэг. Өөр нэг зүйл нь гадныхантай олноор гэрлэж байна. Бас эмэгтэй хүний моод дагадаг занг би тэвчдэггүй. Зохих байлаа ч гэсэн энэ нь надад утгагүй, тэнэг санагддаг. Өөрийн гэсэн имижгүй бусадтай адилхан болчихоор онцлог нь алдагдчихна шүү дээ.
-Өөрийг чинь нэг хэсэг Монгол Рэйн гэдэг байсан. Тэрнээс үндэслээд асуухад жирийн хүн байж байгаад яг алдрын оргилд хүрээд олны танил болоод ирэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Цаг нь ирлээ. /инээв/ Тэр чинь хоёр гурван жилийн өмнө. Царай ч арай жаахан байлаа. Би Рэйнд үнэхээр баярлаж явдаг. Би солонгос хэл мэднэ, утасных нь дугаарыг мэддэг бол баярлалаа гэж хэлээд л тасалчихмаар байна. Тэр үед ёстой оддын өвчнөөр өвчлөөгүй. Тэр чинь хувь хүний хүмүүжлээс шалтгаалах асуудал л даа. Хэзээ ч биеэ тоох асуудал надад байгаагүй. Зарим гарууд тэгдэг л юм шиг байна лээ. Чи зурагтгүй айлд өссөн юмуу? Чи намайг мэдэх үү? Танайх интернэтгүй юмуу айн гээд л. Би бол ёстой хаа очиж тэгж байгаагүй. Тэгэх ч үгүй. Угаасаа тэгж ярих юм бол тэр ёстой жинхэнэ миа гар гэнэ шүү дээ.
-Эр хүний заль, 13 мэх гээд л ярьдаг. Өөрийн чинь хэрэглэдэг хэдэн мэх байна. Зах зухаас нь ярь л даа. Жишээлбэл таалагдсан охиноо найрах гээд яг яаж байв. Тэр түүх хөгжилтэй дурсамж?
-Би охин найрч, чихдэж ёстой үзээгүй. Би дандаа чихдүүлдэг, үнэнээ л хэлье. Тэгээд л харж байгаад аль таалагдсанд нь чихдүүлэхгүй юу. /инээв/ Би очих юмуу? Онигоо шүү дээ. Очоод амжилтгүй болвол онигоо. Нөгөө Ээгий чинь тэнд очоод нэг охинд “аниулаад” гээд л. /инээв/ Охидууд над дээр юу байна, найз гээд л хүрээд ирдэг. Одооны охидууд эмэгтэйчүүдийн биеэ даасан байдал нь давамгайлаад, тэр хэв шинжийнх нь дутагдалтай талынх нь нэг илрэл л дээ. /инээв/ Гэхдээ гоёо, гоё. Зөв шүү дээ. Би очихгүй, тэд ирэхгүй тэгээд юу болох юм?
Төгсөө, Сүбээдэй хоёр моделийн хувьд СУПЕР
-Өөрт чинь дахиад загварт хөл тавья гэсэн бодол байхгүй юу. Тухайн үед ирээдүйтэй моделийн тоонд ордог байлаа шүү дээ?
-Хэзээ ч үгүй. Би одоо ч гэсэн бэлтгэл хийгээд тайзан дээр гарахад надад хангалттай нөөц бололцоо бий. Гэхдээ тайзны ард Төгсөөтэй уулзах тиймэрхүү нөхцөл байдлаас зайлсхийж байна л даа. Тэртэй тэргүй жил яваад ирсэн чинь би мартагдсан байна. Сайн сайн шинэ, залуу моделиуд ч олон гарч ирлээ.
-Загвар өмсөөд олны танил байхад найзууд мэдээж олон болно. Одоо загвар өмсөхөө больчихлоо, ерөнхийдөө камернаас хол амьдарч байна. Ямар өөрчлөлт харагдаж байна?
-Найзууд маань өөрсдөө загвар өмсөгчид юм чинь. Бид хамт гарч ирээд хамт алга болж байгаа моделиуд. /инээв/ Сайхан байж дээ гэж уулзахаараа тэр цагаа дурсаад л суудаг юм.
-Экс гэргий чинь загварын ертөнцөд маш эрч, хүчтэй явж байна. Төгсөөг загвар өмсөгчийнх нь хувьд хэрхэн дүгнэх вэ?
-Би хамт байдаг байхдаа хайраа чи карьераа хөө гэж хэлдэг байсан. Виктория Секрет үзээд уйлаад суучихдаг хүн шүү дээ. Өөрийгөө тэгж төсөөлдөг юмуу, хараад огишоод л. Ер нь зөв л дөө. Чадварлаг сайн модель. Манай экстэй адилхан тийм биеийн хэл, харьцаатай, тийм өвөрмөц төрхтэй модель байхгүй. Би модель талаас нь үнэхээр супер л гэж хэлнэ. Тэр нийлсэн бацаан нь ч гэсэн сайн шүү дээ. Сүбээдэй гайгүй, үнэхээр чадварлаг модель. Ерөнхийдөө ойрын таван жилд эрэгтэй моделийн өнгө төрхийг тодорхойлох байх. Ирээдүйтэй, сайн модель. Би тэрийг Сүбээдэйд өөрт нь ч хэлдэг байсан.
-Залуу хүний хувьд мөнгө гэдэг зүйлийг юу гэж ойлгож байна. Ихэнх хүмүүс загвар өмсөгчдийг брэнд хөөсөн, ганган чамин тэнгэрт нисчихсэн амьтад гэж төсөөлөөд байдаг?
-Жишээ нь, намайг хар л даа, би тийм байна уу? Залуу хүмүүс гайгүй загварлаг байвал болоо шүү дээ. Тэрнээс биш үнэ мөнгө, брэнд хөөх дургүй. Би хувьдаа ямар ч хүн гоё арьстай, гоё биетэй байх юм бол уранхай шуудай углаад явж байсан ч амилуулна гэж боддог. Тийм болохоор би үнэтэй брэнд, хувцас хунар гэдэггүй. Мөнгө ч бас сонин биш. Гэхдээ одоо хуримтлал үүсгэх нас маань болчихлоо. Би ямар санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн мундаг залуу биш. Овойж оцойтлоо баяжчихсан айлын хүүхэд ч биш. Одоо тогтсон нэг ажил хийгээд хуримтлал үүсгээд хэдэн жилийн дараа охиндоо нэг гэсэн бодол байна шүү дээ.
Ярилцсан Б.УЯН
http://www.grandnews.mn/content/read/51054.htm