Эхнэрээ жирэмсэн болсон үеэс эхлэн таны хувьд ч гэсэн шинэ үе эхэлж байна гэдгийг ухаарах хэрэгтэй. Эхнэр жирэмслэх эцэг хүний сэтгэл санааны байдалд шууд нөлөөлдөг Жирэмсэн үед эр нөхрийн оролцоо маш чухал байдаг. Та өөрөө болон таны гэр бүлийн хүн, ойр дотны хүмүүс, жирэмсний хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байвал жирэмсний үед гарч болох хүндрэлээс сэргийлж чадна.
Хэрэв таны эхнэр:
– 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай бол,
– 5-аас дээш удаа төрсөн бол,
– Бага хүүхэд тань хоёр нас хүрээгүй байгаа бол,
– Эрхтэн тогтолцооны архаг өвчинтэй бол (зүрх судас, бөөрний эмгэгүүд, цусны даралт ихсэх гэх мэт),
– Өмнөх жирэмслэлтийн явцад болон төрөх үе ба төрсний дараах үед хүндрэл гарч байсан бол,
– Хоол тэжээлийн дутагдалтай байвал,
– Зулбаж байсан бол,
– Олон удаа үр хөндүүлж байсан бол,
Жирэмсний явцад болон төрөх үе ба төрсний дараах үед хүндрэл гарах, эсвэл бага жинтэй буюу амьгүй сул дорой хүүхэд төрүүлэх эрсдэлтэй байдаг.
Жирэмсэн үед тохиолдож болох хүндрэлүүд
Жирэмсэн үед төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүд цус багадалт цөөнгүй тохиолддог. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчинтэй олон төрсөн эсвэл үр хөндүүлсэн, урьд нь цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
Цус багадах нь ямар шинжээр илрэх вэ?
Эх амархан ядарч сульдах толгой эргэх, нүд эрээлжлэх,оч гялалзах, арьс цонхийх, үс унах зэрэг шинжүүд илэрнэ.
Үтрээнээс цус гарах
Жирэмсний эхний хагас буюу 4 сараас өмнө үтрээнээс цус гарах нь үр хөврөл зулбаж байгаа, эсвэл умайн гадуурх жирэмсний шинж байж болзошгүй. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст мөн төрөлт эхлэхэд цус гарвал эхэс умайн хананаас цагаасаа өмнө ховхорч байгаа болон эхэс түрүүлж төрөх гэж байгаагийн шинж мөн. Таны жирэмсэн эхнэрт доорх шинжүүд илэрвэл цаг алдалгүй яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.
– Үтрээнээс цусархаг ялгадас гарах эсвэл цус гарах,
– Хэвлийгээр базалж өвдөх, гэнэт хүчтэй өвдөх,
– Гэнэт толгой эргэх, дотор муухайрах,
– Xүйтэн хөлс гарч, нүд харанхуйлах,
– Эдгээр шинжүүд нь эхийн болон хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг илэрхийлэх учир дариу арга хэмжээ аваарай. Эхнэрийн тань биед эдгээр зовиур шаналгаа илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь насанд аюултай байж болохыг анхаарна уу.