Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын гуравдугаар байрын шагналт Ц.Доржготов “Танил биш буун дуу” өгүүллэгийг хүргэж байна.
Танил бус буун дуу
Амар амгаландаа налгар назгай нь дэндсэн Гашууны голынхон хачин жигтэй юм үзэцгээжээ. Ганц гэрэээрээ нутгалдаг Аварга Бадгай гэж алдаршсан зожиг эр нэгэн шөн гутлаа алдчихжээ.
“Шивэр ханхлууллаа” гэж эхнэрийгээ загнаад байхаар зуны бөгчим шөнө аварга том хоёр гутлаа сэрвээхээр түрийг нь сахи сөргүүлээд гэрийнхээ хажуугийн довон дээр тавьсан нь өглөө алга болсон байлаа. “Хачин юм даа, хүн амьтнаас зайдуу эзгүй энэ нутагт миний хоёр гутлыг ямар хүн ирж авдаг байнаа. Хүн ирлээ гэхэд харанхуй шөнөөр гутлыг минь олмооргүй юм даа. Эсвэл гутлын минь үнэрээр чоно шиншилж ирээд зуугаад явчихсан юм болов уу” гэж гайхан бодож зогстол хажуухан талд нь өөрийнх нь гутлаас том уу гэхээс жижигдмээргүй нэлээн том хуучин муухай банхар маахай хэвтэж байлаа. Хөл Бадгай өнөөх гутлыг гайхаж, шохоорхоод:
-Үгүй ер өө, энэ ертөнцөд чинь бас надтай адилхан том хөлтөн бас байдаг байх нээ гэж ижил хөлтнөө олсондоо олзуурхан өнөө гутлыг өмсөж үзээд сууж байтал эхнэр нь хүрч ирснээ “Пээ… яасан муухай том гутал вэ” гэж дуу алдсанаа ам хамраа ханцуйгаа таглан сэжиглээд:
-Хүүш чи танихгүй хүний муухай бузар гутлыг тайлаач ээ. Чи наад хөлөө угаахгүй бол чамтай цуг унтахгүй шүү гэж хэлснээ эм хүний нүдээр өнөөх гутлыг эргүүлж тойруулж үзсэнээ Хөл Бадгайг нударч:
-Хүүш ээ, ул нь цоорчихсон гутлаа чиний бүтэн гутлаар сольж аваад явчихсан байна ш дээ. Чамаас өөр эр хүн ийм л аргатай зальтай байгаа юм даа гэснээ “Хөөе байз… улыг нь элэгдтэл явсныг бодоход явган оргодол манай гадаа иржээ дээ” гээд Бүжинханд нүдээ адтай нь аргагүй тормолзуулан ийш тийшээ сэлбэлзлээ.
Бүжинханд уг нь Хөл Бадгайг тоохооргүй хүүхэн л дээ.
“Харанхуй шөнө эзгүй нутагт хэн тэр гутлыг сольж авдаг байнаа” гэсэн айдас эзэгтэйг зовоож орхилоо. “Орхисон гутлынх нь тантгаар шинжиж үзвэл яавч задарсан хулгайч биш, ядарсан оргодлын гутал байж таарлаа. Ийм гуталны эзэн ямар ч олигтой амьтан явах вэ дээ чааваас. Ядарч л яваа эрийн гутал байна даа” гэж бүсгүй хүний өрөвч зөөлөн сэтгэлээр бодож бас үзлээ.
Ядаж байхад тэдний нохой зөнөглөөд саяхан үхчихсэн болохоор харанхуй шөнө хэн ирснийг мэдсэнгүй явуулж. Бүжинханд “гутлыг нь сольж аваад явсан юм чинь явган оргодол хаа хүрэх билээ. Энэ хавиар л нуугдаж байгаа байх. Яадаг билээ, харанхуй шөнөөр орж ирээд хоолой огтолчихвол яана даа байз” гэж түгшиж суухад Хөл Бадгай толгой түрүүгээ харагдахгүй болтол тамхи баагиулж сууснаа “Мөн азтай оргодол оо. Тэрний тэр орхисон гутлыг нь шинжиж үзэхэд тэрний том хөлөнд багтахаар гуталтай хүн манай суманд лав байхгүй дээ. Азтай мөн золиг оо, яаж яваад манайхыг олчихдог байнаа” гэж бодлоо.
Хоёр муухай банхар гутал Бүжинхандын сэтгэлд байн байн эргэлдэж байлаа. Хөл Бадгай ярих мэдээтэй боллоо гэж бодоод айл хэсэж, аяга тагш юм ууя гэж бодоод шодон буурал модондоо мордон
Уулын модыг ургаа гээ юу
Улсууд намайг завхай гээ юу
Талын модыг тархай гээ юу
Та нар намайг завхай гээ юу гэж дуулсаар яваад өглөө.
Энэ үест махчин шувуудаас үргэсэн хэдэн болжморын дэрхийн нисэхээс өөр чимээ сонсогдсонгүй. Бүжинханд тогоотой сүүгээ юүлж, тогооныхоо бор хусмыг эвтэйхэн тавих зуураа:
-Хөөрхий дөө, муу нохой минь зөнөг ч гэсэн хусманд хэчнээн дуртай сан. Намайг тогоо хусах чимээнээр гэрийн үүдэнд сүүлээ годогонуулан зогсдог сон доо хөөрхий гэж бодлоо.
Өглөө болгон хаанаас ч юм хоёр хэрээ нисч ирээд эзэгтэйн гаргаж тавьсан хусмыг амтархан иддэг болоод уджээ. Тэр өглөө ч өнөө хоёр хэрээ ирж хусмыг амтархан идлээ. Том хөлтэй оргодлоос айж байх үед хоёр хэрээнээс өөр хань бараа болох амьтан өглөөгүүр ганц гэрийн эзэгтэйд харагдсангүй.
Бүжинханд үнээгээ саагаад, үхрээ бэлчээж, зэлээ цэвэрлэж, нойтон аргалаа эргүүлж тойруулж сэврээгээд хэдэн тугалаа бэлчээрт нь хүргэж явлаа. Эргэн тойрон нам гүм чимээгүй. Хуучин судрын хуудас шиг шаргал тал налайн намбайж байлаа.
Гэтэл юу болсон гэж санана. Гэнэтхэн буун дуу тасхийж эзэгтэй суун туссан ч биеийнх нь энд тэндээс цус асгарсангүй. Чив чимээгүй орчлонд буун дуу яасан аймшигтай түгшүүртэй сонсогдсон гэж санана. Тэгсэн мөртлөө тэр буун дуу нэг л хачин танил биш буун дуу байлаа.
Эзгүй хээр ганц гэрээрээ, хоёр муу гутлыг сольж авсан хулгайч тодроогүй. Хэдийгээр налгар тайван нутаг ч гэлээ цаанаа л нэг хачин янзын. Айж үзээгүй, айж сураагүй эхнэр яах ч учраа олохгүй дэмий л гайхаж ийш тийш тормолзон эргэн тойрноо битүүхэндээ түгшүүртэй ажиглалаа.
Тарваганы арьс үнэд орсноос хэдэн тарвагачид гэрийнх нь ойр тойрны тарвагыг ирж агнадаг болсноос анчдын буун дуу Бүжинхандын сэтгэлд тод, ойрхон дотно санагддаг байлаа. Гэтэл саяын гэрийнх нь ойролцоо дуугарсан буун дуу нэг л янзын ер бусын, бөглүүдүү дуу байлаа гэдгийг хожуу ухаарлаа.
-Ээ яанаа, хар хүнээ хэрэггүй л явууллаа. Дэндүү цагаахан байна даа. Энэ чинь одоо том хөлтэй оргодлыг яаж ч мэдэх вэ дээ. Оргодол хулгайч элдвийн муу юм үзээгүй л дээ гэнэдлээ гэж Бүжинханд танил бус буун дуу гарсны дараа боллоо. Танил бус буун дуу гарсан нь үйлийн үргүй үнэн боловч буу тавьсан эзнийг хайгаад хайгаад олсонгүй ээ.
-Хачин юм даа, том хөлтэй оргодол ойрхон бүгчихээд байгаа юм болов уу. Ганга жалга руу үздэг юм билүү гэж бодсоноо айгаад үзэж чадсангүй. “Дэрсэн дотор хэвтэж байгаа юм болов уу. Эсвэл дов сондуулын цаана суучихаад намайг харж байгаа юм биш байгаа даа. Би тэгвэл мэдэхгүй шүү дээ. Арай тарваганы нүхэнд орчихоод толгойгоо алгуурхан гаргаад намайг ажиглаж байгаа юм биш байгаа” гэх зэргийн элдэв бодол толгойд нь эргэлдлээ.
“Харанхуй шөнөөр унтаж байхаад гэрт орж ирээд орон доогуур ороод, хүмүүсийг явчихсан хойгуур надад “цаашаагаа зайл” гэсэн дохио өгч тооно руу буудсан байж болох юм гэж бодож айсандаа гэртээ ч орж чадахгүй боллоо. Гэрээ алсуур тойрч хэсэг явлаа. Гэр дотор чимээ анир таг чиг.
Алийн болгон гадаа зогсох вэ дээ. Аажуухан дөхсөөр гэрийнхээ хананд толгой наан зогсвол шүүсэн аарцны шар ус шол шол шол гэж дуугарахаас өөр чимээ гарсангүй.
“Гэртээ ортол муухай том хөлтэй оргодол дан дээлтэй нүцгэн шахуу байгаа намайг дараад авбал би яанаа” гэж бодохоос гэртээ ганцааранг нь орхиод явсан нөхөртөө улам бүр гомдлоо. Гадаа зогсоод байлтай нь биш, айл амьтан байхгүй хаашаа ч очих билээ. Хэндээ ч хэлэх билээ. Аргаа бараад гэртээ айсаар яваад орлоо. Орон доогуур харья гэсэн зүрх хүрсэнгүй, нүдээ анин хэсэг зогслоо.
Тэгтэл орон доороос аварга том хөлийн арван хуруу арзаганаж байх шиг санагдлаа. Айсандаа аяга цай уух гээд халуун савтай цайгаа тэмтэрч автал өглөөхөн дүүргээд тавьсан халуун савтай цай нь хар аяндаа хага үсрээд халуун цай нь юу ч үгүй асгарсан байлаа.
Бүжинханд танил биш буун дуу нь халуун савны хагарсан битүү чимээ байсныг олж мэдээд ганцаараа баахан ичиж, нүүрээ даран аальгүйтэн баахан хөхөрлөө. Тэр өдрөөс хойш том хөлний гутлын эзэн олдолгүй таг чиг болсон юм.
Харин Хөл Бадгайн мал зад өсчээ. Нутгийнхан “энэ Хөл Бадгайн хөл эзнийхээ сайнд өсөөгүй юм. Харин тэр том гутлыг олж авснаар зад баяжсан юм даа” гэж атаархан ярьдаг болжээ. Энэ нь ч алс бөглүү нутгийн хүмүүсийн бодол байх. Тэр ч бүү хэл айл хавийнхан нь “гутал гэдэг дээшээ харсан сав. Энэ том гутланд мөн их буян багтсан байх даа” гэж ярилцаж байхад нэг авгай бүр нөхрөө голоод “үгүй чи, энэ Хөл Бадгай шиг том хөлтэй болоод төрчихгүй яав даа. Тэгсэн бол тэр том хөлтэй оргодол гутал хайж явахдаа Бадгайн гутлыг биш чиний гутлыг олоод авчихсан бол манайх өдийд хагартлаа баяжихгүй юу даа” гэж дуу хадан амьтны элэг доог болсон юм гэнэ лээ.
Дөрвөн цагийн эргэлтэнд малынхаа аяыг дагаж, нутгийн соргогт отор хийж яваа айлын мал сүрэг хар аяндаа өсөхөөс ч өөр яалтай ч билээ дээ.
Зохиолч Ц.Доржготов