Хэрвээ та бялуу, шоколад, чихэр зэрэг амттан идэхийг асар ихээр хүсэж буй бол энэ нь бие дэх сахарын хэмжээ хэт доошилсныг харуулж байгаа юм. Та хүслээ дарахын тулд дэлгүүр рүү яаравчлан гүйж, амттанууд авч идэж болох ч энэ нь байдлыг дордуулахаас хэтрэхгүй. Учир нь хэт их чихэрлэг авсан цусан дахь чихрийн эргэлт хурдасч, улам их чихэр идэх хүслийг төрүүлэхээс гадна цаашилбал диабеттэй болох эрсдэл нэмэгдэнэ. Үүний оронд амттан идэх хүслээ алим, тарвас, гадил зэрэг жимсээр дарсан нь эрүүл мэндэд тустай. Түүнчлэн цусан дахь сахарыг тогтвортой байлгахын тулд өдөр бүр жимс идэж, ислэг ихтэй бор гурил, бүхэл үрийн талх, шош тэргүүтнийг хэрэглээрэй.
Бяслаг
Бяслаг, ялангуяа бяслаг ихээр агуулсан пицца идэх гэнэтийн хүслэн бол биед омега-3 хэрэгтэй байгаагийн шинж тэмдэг. Бяслаг энэ бодисыг агуулдаг ч их хэмжээгээр, ялангуяа пиццатай идвэл илүүдэл өөх нэмэгдээд л байна. Харин шаардлагатай омега-3 аа загас, самарнаас авах нь илүү үр дүнтэй юм.
Шоколад
Амттан бус зөвхөн шоколад идэхийг шалтгаангүйгээр их хүсэх нь биед магни дутагдсаныг харуулдаг. Хоол, шим тэжээлийн судлаачид, эрдэмтэд дэлхийн хүн амын талаас ч илүү хувь нь магнийн дутагдалтайг судалгаагаар тогтоожээ. Тиймээс бид шоколаданд үнэнхүү дуртайдаа ч бус, биед магни дутагдсан учраас л идэхийг ихээр хүсэж, энэхүү амттанд хайр зарладаг ч байж болох юм. Шоколад магни болон антиоксидантуудаар баялаг ч ихэнх шоколад чихэр маш их хэмжээгээр агуулдаг нь аминдэмүүдийнх нь хүчийг сулруулдаг. Тиймээс аль болох 50 хувиас дээш какаотой цэвэр шоколад багахан хэмжээгээр тогтмол хэрэглэж заншвал таны шоколад идэх гэсэн их хүсэл аажим алга болж, биед ч шаардлагатай магниг өгч чадна.
Давсархаг хоол
Шарсан төмс, попкорн, дарсан өргөст хэмх идмээр байна уу? Таны бөөрний булчирхай хэвийн ажиллахад хүндрэлтэй байгааг энэ нь илэрхийлнэ. Та стресст орж, уурлаж бухимдах эсвэл гүн гуниглахад бөөрний булчирхай кортизол хэмээх бодис ялгаруулдаг аж. Мэдээж их стресстэх тусам бөөрний булчирхайд ачаалал өгч, дарамт учруулна. Тиймээс аль болох тайван байж, стрессээ тайлахын тулд давс их агуулсан түргэн хоол иддэгээ больж, бясалгал хийн, спортоор хичээллэн, стрессээ тайлах аргад суралцах хэрэгтэй.
Ус
Ус их хэмжээгээр уугаад л байхыг хүсдэг хүн ховор. Харин ус бол бүхний хариулт юм. Ялангуяа монголчуудын хувьд уснаас илүүтэй ундаа эсвэл өтгөн сүүтэй цай уухыг эрхэмлэдэг. Энэ нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалтад хүргэдэг аж. Зарим тохиолдолд хоол идсэн атал өлсөх мэдрэмж төрөх нь биед шингэн хэрэгтэйн дохио болдог. Тиймээс та хангалттай хоол идсэн ч дахиад юм идэхийг хүсвэл цэвэр ус уугаад хагас цаг хүлээгээрэй. Юм идэх гэсэн хүсэл чинь алга болсныг та анзаарах болно.
– See more at: http://entertainment.time.mn/content/30315.shtml#sthash.FjCeienp.dpuf