Барилгыг тоосго, шавар, цементээр барьдаг. Сүрлээр барих бас нэг арга буй төдий ойлголттой явсан хүн барилгын хөөсөнцөр материал үзээд ёстой алмайрав. Хүүхдийн өрж тоглодог нэгэн тоглоом байдаг даа. Яг түүний томруулсан дүр газар хэвтэхийг хараад гайхсан хэрэг. Санаандгүй барьж үзтэл хөнгөн гэдэг нь жигтэйхэн юм. Цаасан хайрцаг өргөх дайны л санагдав. Ингээд тус материалыг үйлдвэрлэдэг “GDM” /Гейтвэй девелопмент Монголиа/ жижиг, дунд үйлдвэрийн менежер Сэнгэдоржийн Долгормаатай уулзав. Тэдний үйлдвэр Америкийн “GDI” хэмээх барилгын нэр хүндтэй компанийг түшдэг аж. Үйлдвэрийн бүтээгдэхүүнээ термоблок буюу монголчилбол хатуу полиуретан хөөсөнцөр гулдмай гэх. Хоёрхон уусмалаар хийдэг гэнэ. Тэр материалыг нь үзээд “Үүгээр барьсан барилга ч дээ, хаврын хавсарга даахгүй биз. Сахилгагүй нөхөр тал тоосго шидчихвэл цөмөрч орхих эд шив дээ” гэх бодол төрснийг нуух юун. Гэтэл тэр хөөсөнцөрийн нүхээр бетон цутгаад өгөхөөр маш бат бөх хана болдог увдистай юм байна. Түүгээр барьсан барилга “Катерина” хар сахинд ч нурдаггүй, ганхаад л байж байдаг учир Америктаа ихэд нэртэй болжээ. Нэг ёсондоо найдаж болох эд гэсэн үг. Газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог манай улсад уг нь их хэрэгтэй эд санагдав. Газар хөдлөж л байг, ганхаад л байж байна биз. Хүйтэнд тэсвэртэй нь ч гайхалтай бололтой. Яармагийн Спорт цогцолборын ойролцоо загварын байшингаа барьжээ. Хэрхэхийг нь энэ өвөл шалгасан гэсэн үг. Хачин дулаахан байжээ.
Энэ хавраас эхний ээлжинд 1-3 давхар барилга барихаар төлөвлөжээ. “Элитүүдэд бус энгийн иргэдэд зориулах тул эрэлт мундахгүй гэдэгт эргэлздэггүй. Харьцангуй хямд төсөр” хэмээн Долгормаа ярилаа. Яаж ч бодсон хямд, дулаан, хурдан барих нь илэрхий байв. Тоглоом шиг өрөөд л явчих юм чинь. Бусдаар бариулсан мэт муруй сарий болохгүй. Зөвхөн шоо дөрвөлжин бус хэрэглэгчийн хүссэнээр геометрийн ямар ч дүрсээр босгож болох нь сонирхол ихэд татав. Бүтээгдэхүүнийх нь онцлогийг дурдвал бэлгэдлийн тоо есийг илэрхийлж буй нь ч учиртай мэт. Гаднах хэмээс хамааралгүй дулаанаа сайн барьдаг. Халаалтын зардлыг 50 хувь хэмнэдэг. Эрс, тэс цаг уурт тэсвэртэй, засвар хийх шаардлагагүй нь эдэлгээ сайтай болгодог аж. Зах зээлийн дундаж үнээр үнэлэгдэх тул худалдан авах боломж өндөр. Галд тэсвэртэйн ангиллаар нэгд ордог. Уугих төдий л байна гэсэн үг. Мөөгөнцөр, хаг, бактер үүсэхгүй. Хорхой, шавьж үүрлэхгүй сайн талтай. “Катерина” салхийг ч тэсвэрлэдэг нь бат, бөхийг нь харуулна. Термоблок ердөө л 20 сантиметр өргөн. Хөөсөнцөрөөр давхар дулаалга хийх шаардлагагүй тул зай ихтэй. Дуу, чимээ сайн тусгаарладаг тул орон сууцаас гадна сургууль, цэцэрлэг, зочид буудал барих боломжтой. Түүнээс гадна термоблокоор барьсан барилгад ямар ч дээвэр, шал, цонх, хаалга, сантехникийн системийг хэрэглэж болдог.
Орон нутагт барилга барих бол материал зөөх хэрэггүй. Түүнийг үйлдвэрлэдэг чингэлгийг/контейнер/ чирээд явахад л болно. Зардал маш бага гарах нь ойлгомжтой гэх зэрэг давуу тал олонтой юм. Термоблокийг нэг дор 20 ширхэгээр үйлдвэрлэдэг юм байна. Барилгын материалын бодисуудыг Америкаас ирүүлдэг тул тасалдах, хүлээлгэх, дутагдах гачигдах, үнэ өртөг өсөх зовлон учирдаггүй. Өөрөөр хэлбэл, томхон компани түшсэний давуу талын нэг бололтой. Манайхан шиг итгэл найдвар алдахгүй, бизнесийн хамтрагчийн үүргээ жинхэнэ биелүүлдэг гэнэ. Нарийн мэргэжлийн хүмүүс Америкаас ирж мэргэжилтэн бэлтгэх, сургахад нь байнга зөвлөж, тусладаг бас нэг дэмтэйг хэлэв. Нэр төртэй томхон компаниудын үйл ажиллагаа хуулийн хүрээнд итгэл найдварт түшиглэдэг учраас сэтгэл амар ажиллах нөхцөл бүрдүүлдэг сайн талтайг ч дурслаа. Улаанбаатараас ачуулсан бараа энүүхэн Өвөрхангайд хүрэхдээ элдэв бэрхшээл туулсаар товлосон хугацаанаасаа ямагт хоцордог.
Тэгтэл Америкаас ачуулсан бараа яг хугацаандаа ирдгийг ч сонирхууллаа. “Тэр сарын төдөнд ачууллаа. Төдөнд танайд очих болно” гэдэг хуультай. Хэлсэн өдөр нь л хүлээгээд авчихна. Одоо хаана яваа, ачуулсан эсэхийг ч лавлах шаардлагагүй гэв. Тэднийх энд барилгын “Засагтхан” компанийг түшиглэдэг ажээ. Тус компанийн захирал Б.Цогтсайхан “Иргэдэд хэрэгтэй зүйл хийж буй газрыг дэмжилгүй яахав. Ажлын байр, мэргэжлийн зөвлөгөөгөөр тусалдаг” хэмээлээ. Тэднийх “ХААН”, “ХАС” банктай хамтарч ажиллахаар зарим талаар тохиролцоонд хүрснээ ч нуусангүй. Барилга барихад нь хүмүүст туслаж, зөвлөгөө өгч, зөв бариулахаа ч хэлээд амжина билээ. Түүний хамтрагчийг Н.Баасанжав гэдэг. Хоёрхон бүсгүй бүхэл бүтэн барилгын материал хийдэг нь хачин бас сонин атлаа бахархмаар санагдсаныг нуух юун.
Г.Мөнхнасан (www.wikimon.mn)