Би эмэгтэй хүн… Бийрээр зураагүй үзэсгэлэнг байгаль надад хайрласан. Биелэшгүй мөрөөдлийн охин тэнгэр бүсгүй намайг ивээдэг. Билэг хурц ухаан бүсгүй намайг чимэглэдэг.
Хорвоогийн эрээн өдрүүд надгүй бол утгагүй, хонгор гэнэн ааль хүүхэн надаас л урсдаг. Орчлонгийн хатуу болгоныг торгон мэдрэмжээрээ зөөллөж, очиж ирэхийн тавиландаа бүсгүй би элгэмсдэг.
Сая сая эрчүүд бүсгүй надад дурлаж, сарнайн дэлбээ мэт зүрхээ зүсэн энэлдэг. Минж булга хүртэл мөрөн дээр минь сугсрах гэж миний л төлөө халуун амиа өргөдөг.
Амьдралын эрээн бараан, айдас хүйдсийг алслах гэж аз жаргалын билэгдлийг бүсгүй надаар төсөөлдөг. Алаг цэцэгс хүртэл бүсгүй намайг мишээлгэх гэж агшин зуур дэлбээлээд халуун намраар хагдардаг.
Загвар гоёлын ертөнц бүсгүй намайг гоёх гэж завсарлагагүйгээр эдийн дээдийн урладаг. Тансаг үнэртэн чамин гоёл зүүлт танхилхан бүсгүй надгүйгээр зүгээр л нэг хог.
Би яг л зуны цэцэгс шиг, зулзган хус шиг, нарны цацраг шиг, навчны судал шиг, найгаж ганхах нарийн улиас шиг, намар намрын намираа хур шиг, насаараа үл гандах цагаан уул цэцэг шиг. Эмзэг турьхан биед минь энэ ертөнц хайлахдаа энхрийхнээр надад “бүсгүй” нэр шивнэсэн. Энэ орчлонгийн хамгийн сайхан эгшгийг эргэлзэлзүйгээр “бүүвэй” хэмээн нэрийдсэн.
Хад шиг хатуу эрс бүсгүй надаас халширдаг, хавсарга шиг салхи хайрлахдаа зүгээр л илбэдэг, хайрнаас урсах бал бүсгүй надад зориулагдсан, хавар хаврын яргуй надад насаа өргөхдөө эгшин зуур амьдардаг.
Энэ орчлон амар амгалан байхад, эгэлгүй сайхан нь элэг бүтэн байхад, энэрэлгүй хорвоо уян хатан байхад эрхэмсэг бүсгүй би бүхнээс илүү үүрэгтэй.
Турьхан нуруундаа хүндхэн ачаа үүрч тунгалаг оюунаар улсаа залж явсан түүхэн гавьяаг бүсгүй хүн л бүтээсэн, түүний араас бүх дэлхий замнасан. Өргөсөн тангарагаа эвдэхгүй гэж эгц хаднаас халих, өвөг дээдсээ хайрлахдаа өөрөө өмнөөс нь золих, өвдсөн нэгнээ өрөвдөхдөө өрцөө урж эмтрэх өндөр хатан зориг бүсгүй хүнээс л гардаг.
Тиймээ, би бүсгүй хүн, тэсэхийн аргагүй шаналанг даагаад гардаг мөртлөө тэрхэн зуурын гоморхолд шалдаа буун сөхөрдөг тэнэгхэн мөртлөө ухаалаг, тэнхээтэй атлаа эмзэгхэн тийм л нэгэн бүсгүй хүн.
Дуудах нэрнээс минь хүртэл гайхамшиг цацардаг, дуулах хоолойноос минь эгшиг уянгалдаг, үгийн сайхнаар би өрөөлийн гэмийг уучилдаг, үйлсийн сайхнаар би өнгөт орчлонг сүүлдэг.
Тиймээ би бүсгүй хүн…
Энэ орчлонгийн нар болсон ээжүүддээ, эмээ нартаа, эгч нартаа, охин дүү нартаа, хөөрхөн бяцхан охин үрсдээ, эмэгтэй найзууддаа, блогчиддоо, хорвоогийн бүх бүсгүйчүүлдээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын гал халуун мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Алаг хорвоо бидэнгүй бол аяа юутай харанхуй вэ?