Харанхуйд тэмтчин, хана түшсээр гал тогоонд орлоо. “Хэдэн жил гашуун нясуун юм амсаагүй болохоор аргагүй биз. Хичээж цэнээд байсан мөртлөө их эрт тасарсан байна шүү. За, байз. “Шанага” Готовт ямар нэг сэжиг авахуулчихаагүй байгаа даа” хэмээн бодсоноо Бүтэнбаяр хүйтэн ус гоожуулж, дахин гүд гүдхийтэл залгиллаа. Нүцгэн биеэ нааж өдөөд байсан бүсгүйтэй наадахсан гэж дур хүсэл нь оволзовч Бүтэнбаяр хүйтэн хана налан сандал дээр суув. Цэрийтэл уусан хүйтэн усанд бие нь тавирав бололтой түүний хөлс чийхарчээ. Харанхуй өрөөнд нүдээ тас анин хэсэг суутал өчигдрийн болсон явдал түүнд өнгө дүрсээрээ ялгаран тодроод иржээ.
“Хоёр сар гаруй хугацаа өнгөрчихлөө гэж тайвширч болохгүй шүү. Цаадахь нохойнууд чинь отох нь отож, шиншлэх нь шиншлээд л явж байгаа. Гэхдээ самган бид хоёроос өөр хүнтэй үг солихгүй сууна гэдэг залуу хүнд хэцүү. Тэгэхээр хүү минь хаана гишгэх, хэнтэй уулзахаа мэдэж байгаа биз?” гээд Төрөө ах 200 мянган төгрөг тоолж өгсөн. “Хамаатны маань нэг эгч байх ёстой. Түүнийгээ олж уулзмаар байна” гэж худлаа хэлсэндээ бантаад Эгшиглэнгийн багын найз Очмаагийн гэрийн хаягийг авахаа мартсан байсан. Бид хоёр болзох болгондоо “Хан” ресторанд очдог байсан болохоор шууд тийшээ очихоор таксинд суугаад явж байтал гэнэт шүгэл тасхийж, машин ч зогсон “Нүднээс гал бутрах шиг болж би бараг амьсгалж чадахгүй сууж байтал жолооч залуу “Манай найз замын зохицуулагч болсноо мэдэгдэж байгаа юм байх аа” гэхэд нь дургүй хүрэх шиг болсон шүү. Таван жилийн өмнө Эгшиглэнтэйгээ танилцаж байсан ширээн дээр очиж суухад өөдөөс халуу төөнөх шиг болж, ямар сайхан байсан гээч. Гэтэл “Хүүе ээ, Бүки. Чи чинь Бүки мөн байна ш дээ. Анд руугаа ярьж, хөөрөх ч үгүй, тэгсэн мөртлөө энд ганцаархнаа сууж байдаг. Ямар сонин хүн бэ?” гээд Готов наргиатан инээсэн. Гол зураад л явчихсан шүү. Тэгээд үнэнээ хэлэхээс яахав. Өөр арга байгаагүй. “Найз нь тусална. Миний анд тайван бай”. “Шанага” Готовыг ингэж шивнэхэд яагаад ч юм бэ сэтгэл минь онгойж, түүний тухай өөрийн бодлоосоо хүртэл ичих аядсан шүү.
Нөгөөх чинь урьдын адил ам хуурайгүй чалчиж байснаа яах ийхийн зуургүй найрын ширээ засуулж, найзууддаа намайг танилцуулахдаа “Миний багын найз Баяраа” гээд харцаараа “Биеэ битгий барьж гөлөлзөөд бай” гэсэн сануулгыг надад өгч байлаа. “Согтож болохгүй. “Шанага” дэргэд минь байгаа шүү” хэмээн өөртөө дахин сануулаад би ч дарвисан юмдаг. “Миний анд, яагаад ийм сайхан хүүхнээс цэрвээд байгаа юм бэ? Наадахь чинь нөхөр сүүдэргүй. Тэгээд ч аятайхан амьтан байгаа биз дээ? Хүн амьтан ирэхгүй. Айх юм байхгүй. Тийм болохоор миний анд ангаж цангасан эрхтэнээ амилуулж үз” гээд гаднаас түлхүүр шажигнуулан цоожилсон. Эгшиглэн минь биш гэж бодсон хэдий ч эр биеийн мунаг хүсэлдээ дийлдэн өөдөөс харж суучихаад аальгүйтээд байсан Гиймаатай унтсан. Бүсгүй хүнтэй ойртолгүй бүтэн гурван жил болсон, бас хайргүй болохоор би түүний сэтгэлд хүрээгүй бололтой. “Ийм сайхан залуу байж яагаад ингэж сульдаад байгаа юм бэ? Май. Зоригоо чангалаад үүнийг уучих. Эр хүн жаахан уучихаад загас наадуулахаараа ямар галзуу байдаг гээч”. Гиймаагийн энэ үгэнд орж бараг шил архи бүтнээр нь уучихсан. Бүтэнбаяр энэ бүгдийг эргэцүүлэхийн зэрэгцээ “Анд минь, одоо гар, толгойгоо зэрэг ажиллуулах цаг ш дээ. Эхний ээлжинд зүгээ буруулах хэрэгтэй. Юун Эгшиглэн? Хаанаас олох юм бэ? Ийм юм ярих цаг мөн үү? Монголоос яаж гарах вэ гэдгээ л бод. Би тусална” гэсэн Готовын үгийг сайн санаж байлаа.
Тэрбээр хурууныхаа үеийг нужигнатал гараа чангалан атгаснаа “Би Эгшиглэнгээ заавал олно. Хайрттайгаа уулзчих юм бол тэнд дахиж очих ч үгүй” хэмээн өөртөө дуулдахаар хэлэв. Нүдээ нээж ч чадахгүй суусан Бүтэнбаяр нүцгэн хөлийнхөө өлмий дээр гэтсээр Гиймаа дэргэд нь ирсэнийг мэдсэнгүй. Хүзүүгээр нь тэврэхэд давхийн цочсоноо “Хэн бэ, чи?” гээд Гиймааг ширүүн гэгч нь түлхчихэв. “Хонгор минь, яасан бэ? Хоёулаа орондоо оръё л доо” хэмээн аргадах, айхыг хослуулан дуугарсан бүсгүйг эв хавгүйхэн тэвэрч авсанаа “Намайг уучлаарай, чи. Би чинь хайртай бүсгүйтэй хүн байгаа юм. Харин яагаад чамтай нэг оронд орчихов гээд бодоод сууж байна” гэж хэлчихээд Бүтэнбаяр “Цаг хэд болж байгаа бол?” гэж асууснаа хариултыг нь сонсолгүй буцаж сандал дээр суулаа. Энэ өдөр хаашаа ч хөдлөлгүй зогсч “За, нарийн ширхэгтэй, шигшчихсэн сайхан элс аваарай. Ах нь үнэрхэхгүй ээ, тохиролцоод л хүргэж өгнө” хэмээн амаа чилтэл хэлсэн Төрөө нэг ч төгрөгийн орлогогүй болохоор урам муутайхан харьжээ. Тэвш дүүрэн элстэй машинаа дараалуулан хаазалсаар хашаандаа орж ирэхэд нь дааман хаалгандаа даруулчих шахан зогсч байгаа самганаа хараад Төрөө “Өнөөх лүд чинь бас л ирээгүй юм байх даа?” хэмээн бодож, тэрхэн зуур бухимдсандаа гар нь салганаад иржээ.
Гэрээ тойрч нягталдаг зангаараа алхаж явтал хөгшин нь “Хүүе, өвгөөн. Гэртээ орооч. Сайхан мэдээ дуулгая” гээд гараа сарвагануулан гэрийнхээ үүдэнд инээд алдан зогсов. “Охин, хүргэн хоёр л утсаар яриа биз. Манай энэ өөр юунд ингэтлээ хөөрч, хөөрцөглөв гэж” хэмээн бодсон Төрөөг “Бүтэнбаяр яасан бол? Ингэж сураггүй гурав хоног алга болох учиргүй дээ” гэсэн бодол нь дийлээд байлаа. Тэрэгнийхээ дөрвөн дугуйнд хэдэн чулуугаа эвчихээд Төрөө яаралгүйхэн гэртээ оров. Тогооноос уур савсуулан мах гаргаж зогссон самган нь “За, суу. Өвгөөн. Ойрд мөнгө муутай гээд бүхэл юм чанаагүй. Махсаад уур, унтуу чинь их байгаа байлгүй. Сайхан мах чаначихлаа” гэж ирээд л ам хуурайгүй давигнах атлаа яагаад ингэж хөөрцөглөөд байгаагаа хэлсэнгүй. Өглөө нарнаар гарч, үдэш орж ирж байгаа Төрөөд өөх нь алагласан мах сайхан санагдсан авч “Манай энэ болсон хойно мөнгөгүй, хоолгүй болчихлоо” гэж гонгинож байгаад хүний газар яваа муу охиноос минь мөнгө авчихаад ингэж гайхуулж байгаагаас зайлахгүй. Энэ бид хоёр өөр юугаараа авдаг юм” гэсэн шүү юм бодоод хүрмээ тайлж, хайш яйшхан шидэв.
“Өвгөн минь, хагарсан дугуй шиг юунд ингэж хачин царайлаав дээ? Бүтэнбаяр минь өглөө чамайг гарсны дараахан ирсэн” гээд том мөнгөн аяганд цай аягалангаа дараагийнхаа үгийг залгах гэтэл Төрөөгийн нүд нь эргэлдэж ирсэнээ “Ашгүй дээ, амьд мэнд явна уу?” гэснээ мушилзах аядлаа. Янжин өвгөнөө яагаад дуугаа хурааж, хохилзоод байсны учрыг ойлгоод “Чи чинь Бүтэнбаярын араас санаа зовохдоо надтай ч дуугарахаа болих нь шив” хэмээх гоморхсон үг шидэж амжлаа. Тэгснээ Төрөөгийн юу гэж асуухыг мэдсэн юм шиг “Цаадахь чинь найз нөхөдтэйгээ уулзаад наргиж цэнгэсэн юм байх. Манай энэ залуу хүн мөртлөө сүрхий хүүхэд шүү. Бүтэн хонины мах бариад ирсэн. Бас болоогүй ээ” гэснээ хоймрынхоо том улаан авдраас боодолтой юм гаргаж ирсэнээ “Май. Чамд өгөөрэй гэсэн” гээд Янжингийн дууны өнгө сааралтав. Боодлыг задалсангүй, гаднаас нь тэмтэрч үзээд Төрөө “Монди чинь юу хийгээд яваа хэрэг вэ? Ийм их мөнгө” хэмээх асуултыг өөртөө тавилаа. Овоо ааш нь засарч, нүүрнийх нь арьс тэнийж ирсэн өвгөнийх нь царай буцаад бараантаж, хүрлийгээд зовхи нь хүртэл буугаад ирэхийг анзаарсан Янжин гэм хийсэн хүүхэд шиг дуугаа хурааснаа зурагтын удирдлагаа барьсаар чимээгүйхэн цааш эргэв. Дургүйцэл болон өөрийн таагүй байдлаа илэрхийлэх Төрөө аягатай цайгаа шоржигнотол сорох аж. Гэр доторх энэхүү хөндий хүйтэн уур амьсгалыг хачирлах гэсэн юм шиг хоёр хөгшний нүд, чих болж байдаг банхар нь ааг амьсгаагүй ээрэн боргов. Төрөө аягатай цайгаа тавиад өндийтөл банхрыг аргадах танил дуу гарчээ.
Ингэж Бүтэнбаяр ирсэнээр Төрөө инээхтэйгээ болж, Янжин өөрт оногдсон хувиар юу авсанаа үзүүлж, сая санаа нь амарцгаажээ. Гурав хоногийнхоо тайланг тавихдаа Бүтэнбаяр Гиймаагийн тухай ярилгүй өнгөрч чадсангүй. “Готовын өгсөн мөнгийг аваагүй. Харин халаасандаа байсан 200 мянгаар бооцоо тавьж түүний хэдэн найзтай тоглоод гурав дараалан хожсон. Тэгээд Янжин эгч, та хоёртоо дээжээс нь хувь хүртээсэн юм”. Бүтэнбаярын ингэж ярьсан нь Төрөөгийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бололтой эргэж хөрвөөгөөд шөнө унтаагүй байна. Тэгсэн мөртлөө үүр цайгаагүй байхад л хөгшнөө ёворч “Самгаан, бос, бос. Цаад хүүдээ цай, хоолыг нь хийж өг. Өнөөдөр ажил төрөл ихтэй гэсэн шүү” гэсээр байгаад Янжинг үүрийн дөрвөн цагийн үед босгожээ. Цай хоол аягалж, хойгуур, урдуур нь гарч орохдоо Янжин Бүтэнбаяр өөр газар амьдрах болж байгаа юм байна гэдгийг тэр хоёрын аминчхан ярианаас чих дэлсч ойлгосон байна.
Нийслэлийн хоймор зүгээс уруудсаар “Баянбүрдийн тойрог”-оор эргэж явтал Бүтэнбаярын утас дахин дуугарлаа. Утсаа авахаасаа өмнө бугуйн цагаа харав. Үдийн 12.00 цагаас найман минут өнгөрчээ. Утсаа авангуутаа Бүтэнбаяр “Очиж явна” хэмээн нэлээд хүйтэн хөндий хэлэв. Тэгтэл цаанаас нь “Миний хонгор, цагаа хараач” гэснээ хүчлэв бололтой итгэл муутайхан инээснээ “Зочид аль хэдийнэ ирчихлээ” гээд утсаа таслав. Бүтэнбаяр энгэрийнхээ халааснаас тамхи авах гэснээ жолооч залуу руу хараад больж, “Манай залуус нэг үеэ бодвол соёлтой, боловсон болсон байна шүү. Үе тэнгийнхнээсээ хоцорч болохгүй. Эгшиглэн маань голбол яана?” хэмээн бодсоноо малгайгаа авч мулзан толгойгоо хэд хэд шударснаа зөөлөн гэгч нь санаа алдлаа. Цахилгаан шатны товчлуур дарах гэснээ больж, шатаар өгсөн есөн давхарт гарахдаа Бүтэнбаяр хэн, хэн ирчихээд сууж байгааг таамаглаж явав. Хаалганы дэргэд ирсэнээ тэрбээр ийш тийш харлаа. Хүн, амьтангүй шахам орчин гэдгийг мэдэж байсан мөртлөө ингэж эргэн тойрноо нягталж өөртөө бас нэг тааруухан үнэлгээ өгчихөөд хаалга руу дөхтөл өөдөөс нь бүтнээрээ онгойж, “Миний хайрын цаг буруу яваагүй биз дээ?” гэсээр Гиймаа инээд алдан угтаж авлаа. Хүрмийг нь авч өлгөх зуураа бүсгүй “Шинэ хослолоо өмсөхгүй яасан юм бэ?” гэж шивнэснийг Бүтэнбаяр сонсоогүй юм шиг өнгөрүүлээд “шанага” Готов байн байн худлаа инээж, дуу нь чанга чанга гараад байгаа өрөө рүү оров.
Гурван жил гаруйн өмнө “Ганц худаг”-ийн харанхуй, давчуухан камерт хамт хоригдож байсан Готовтой тааралдаад, түүний зөвлөснөөр нөхрөөс өөр дутуу юмгүй гэх хүүхэнтэй нэг гэрт орчихсон гэхээс Бүтэнбаярын дотор байн байн давчдаж ирнэ. Гэвч тэрбээр хүсч биш хүчээр ингэж амьдрахаас өөр аргагүй гэдгээ дэндүү сайн мэдэж байлаа. Яагаад гэвэл “Би өөр бүсгүйд хайртай. Тийм болохоор чи, бид хоёр нэг гэрт хамт амьдрах боломжгүй. Би Эгшиглэнгээ заавал олно. Хаашаа нүүсэн, хаана яваа гэдгийг нь хэлж өгөх хүмүүс байх л ёстой” гэж хэлчихээд Бүтэнбаяр хэд хоног зугтаж, “Гиймаатай дахиж уулзахгүй шүү” гэдгээ Готовт дуулгажээ. Гэтэл Гиймаа аргадаж, араас нь гүйж байснаа аргаа гэнэт өөрчилсөн нь Бүтэнбаярыг гарцаагүй байдалд оруулж, бүсгүйн хүссэн бүгдийг гүйцэлдүүлэхэд хүргэсэн байна. “Гоодойн аманд байгаа зуслангийн газрыг солонгосчууд үзье гэсэн. Хайр нь тийшээ явлаа. Өдрийн хоолныхоо цагийг болонгуут өнөөх газраа хүрээд очоорой”. Гиймааг ингэж хэлээд гарангуут Бүтэнбаяр яаран хувцаслаад гарч Хөхөөгийн гэрт очив.
“Энэ байрыг худалдаж аваад удаагүй байна. Урьд нь байсан айл хаашаа нүүснийг яаж мэдэхэв дээ”. Уцаартай ийм хариулт Бүтэнбаярын урмыг хугалсан хэдий ч “Эгшиглэнгийн найз нарын нэгтэй заавал уулзана. Миний Эгшиглэн хаашаа ч яваагүй. Монголдоо байгаа. Муу “шанага” новш “Макао руу баян эр дагаад явсан” гэж байна. “Итгэхгүй бол чи өөрөө хорооных нь цагдаагаас асуух юм уу?” гээд ил гарч чадахгүйг минь мэдсээр байж тавлаад байсан. За, яахав. “Шанага”-аас хэтэрхий их зай авч болохгүй. Хоёр том хэрэг дээр нохой хийгээд шагналд нь хулгайнхаа хэргээс мултарч гарахыг нь би өөрөө харж, мэдсэн хүн ш дээ” хэмээн өөртэйгээ ярьсаар хүлээж зогсоо такси руугаа тонгойн гүйлээ. Яриандаа халчихаад явж байсан гурван бүсгүйтэй мөргөлдсөндөө бантаад мань эр нүүрээ даран гүйхдээ “Хүүе ээ, энэ чинь солиотой юм уу?”. “Юу? Мөн байсан гэж үү?” гэхийг нь сонсоод айдас нь улам нэмэгдэж, малгайгаараа халхавч хийсээр машинд орж суухад жолооч нь хүртэл жигтэйхэн гайхсан янзтай нүдээ том болгон ширтэж байжээ. Гиймааг арайхийн хөндийрөнгүүт Бүтэнбаяр хайртай бүсгүйгээ хайж, Эгшиглэнгийн хоёр сайн найзыг олж уулзахыг хичээвч хуучин хаяг, утасныхаа дугаар дээр байгаагүй нь айж, нуугдаж яваа түүнийг улам шаналгана.
Ээжийнхээ хөлийн чимээнээр Эгшиглэн нүдээ аньж, хөнжилдөө шургав. Үсийг нь зөөлөн илбэснээ духан дээр нь энхрийлэн үнсээд “Миний зэрмэгэр охин, босоорой. Хөдөө явах гэж байгаа хүн чинь эрт босдог юм ш дээ. Ээж нь сайхан цай чаначихсан” хэмээн аядуухан хэлэхэд нь нэг их бөх нойрноосоо сэрж байгаа дүр эсгэн Эгшиглэн суниаснаа нүдээ нухалсаар бослоо. “Миний охины нүд жаахан улайгаад, бөлцийсөн байх чинь?”. “Ойрдоо ажил ихтэй болоод тэр байх аа, ээж минь”. Сэтгэл нь гэгэлзээд нойргүй хоносноо нуух гэсэндээ Эгшиглэн ээждээ ингэж хэлчихээд бушуухан хувцаслав. “Холын замд өлсөв, даарав. Миний охин цайгаа сайн ууж, хоолоо ид” хэмээн ээж нь шавдуулавч Эгшиглэнгийн хоолойгоор юу ч давахгүй байлаа. Эргэн, эргэн харж, ийш тийш сортолзсоор товлосон газраа очиход Дармаа аль хэдийнэ ирчихсэн машинаа арчаад зогсч байв. Тэр хоёр шөнийн дэлгүүрээр орлоо. Эгшиглэн цаасан дээрх жагсаалтаасаа дугуйлалгүй үлдээсэн зүйлсээ гүйцээж аваад шууд Очмаагийн байрны гадаа очив. Цонхоороо харж зогссон найз нь Эгшиглэнг утасдаж амжаагүй байхад бас нэг томоос том ууттай юм барьчихсан гараад иржээ.
“За, одоо шууд хөдлөх үү?” гэж Дармааг асуухад Эгшиглэн “Хоол хүнсээ өчигдөр орой аччихсан юм чинь одоо нөгөө гуталчныд очиж захиалсан гутлаа аваад л боллоо” гэснээ Очмаа руу дүрлийтэл харах нь “Өөр юм мартаагүй биз?” гэх асуулт болохыг ойлгосон найз нь “Чи нөгөө хэрэгтэй юмных нь жагсаалтыг бүртгэж үзэв үү?” гэв. Эгшиглэн толгой дохисноо “За, за. Гурвуулаа замаараа гутлаа авчихаад эртхэн гаръя” хэмээн шавдууллаа. Баярлаж, догдолсондоо ч тэр үү бүх л замын турш Эгшиглэн дуугаа хураасан тул Дармаа, Очмаа хоёр ч үгийн солиогүй шахам дуугүй дүмбийж явсаар засмалаас гарч, шороон замаар тоос татуулан давхив. Энхэл, донхолтой замын бартаа, зүдэргээг ч эс анзаарах Эгшиглэн гүн бодолд автжээ. “Оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манай хоёр баг цомын төлөө тоглохоор болсон юм. Хоёр, гуравхан хоногийн дараа аваргын төлөө үзэлцэнэ гэхээс байж ядаж байсан үе. Манайхан тавдугаар сургуулийн зааланд бэлтгэлтэй байсан тул би цагаасаа жаахан хоцорчихсон болохоор таксинд суух гээд зам дээр зогсч байтал нэг машин ирж зогссон. Зүсийг нь харсан боловч хэнийг нь мэдэхгүй залуу хаалгаа онгойлгож танимхайран мэндэлснээ “Суу л даа. Танайхан аварга болчих санаатай нойр хоолгүй бэлтгэл хийж байгаа гэл үү?” гэхэд жолоо барьж явсан өндөр бор залуу очтон гялалзсан цоглог хар нүдээрээ намайг цоо ширтсэн юм. Бид хоёр анх ингэж танилцсан.
“Эгшиглэн, би чамд хайртай” гээд бүтэн жил гаруй явж байхад нь чихгүй юм шиг царайлдаг байсан мөртлөө тэр өдөр би түүнд хайртай гэдгээ хэлсэнсэн. Итгэхгүй байгаа юм шиг дахин дахин “Нээрээ юү?” гэж асуугаад гарыг минь чанга чанга атган чичирхийлсэн уруулаараа хацар дээр минь зөөлхөн үнсчихээд ичингүйрэн сууж байсан. Би тэр үгийг аль эрт хэлсэн бол Бүтэнбаяр маань ийм байдалд яасан ч орохгүй л байсан даа. Ямар их баяр хөөртэй байсан гээч. Хайртай тэрний минь тэр их догдлол, аз жаргалыг булаах гэж атгаг санаатнууд ямар муухай юм бодож төлөвлөдөг байна аа?” Эгшиглэнгийн энэ бодлыг хацрыг нь даган урсч ирсэн нулимс тасалдуулав. Тэрээр нулимсаа нуух гэж ядан тонгойхдоо нусаа шорхийтэл татлаа. Сэтгэлдээ ямар их шаналан тээж явааг нь Очмаа сайн мэдэх болохоор түүнийг харцаараа аргадаж байгааг Эгшиглэн анзаарангуутаа нулимстай нүдээрээ муухан инээмсэглэх аядав. Хэдэн намхан цагаан байшингийн бараа харагдаж, Эгшиглэн бүр суудал дээрээ тогтож ядан өндөлзлөө. “Шалган нэвтрүүлэх пост” хэмээх улбар цагаан байшингаас царай нь цайж, бараг гуйвах шахам гарч ирсэн Эгшиглэнгээс юу ч лавлаж чадаагүй Очмаа “Хөдлө” гэсэн дохио болгож Дармаагийн араас ёвров.
Өргөст тороор бэхлэн сараалжилсан модон хашааны дотор байх жижгэвтэр цардмал талбай дээр шилээ харж жагссан эрчүүд гутлынхаа хатуу улыг дэвслэх шахам алхацгааж байлаа. Талбайн өнцөг булан бүрт нар, салхинд өнгө гандаж, зэвхий даасан ногоон эрээн хувцастай хүмүүс зогсох нь тэднийг хянаж байгаа албан хаагчид гэдэг нь тодорхой байв. Эгшиглэн ам нь ангалзсаар гарч ирсэн боловч Очмаад юу ч дуулдсангүй. “Үнэн байна уу? Чи сайн асуув уу?” хэмээн асуусан авч Эгшиглэн гүйх нь холгүй алхсаар машиндаа суулаа. Түүний араас шогшиж явсан Очмаа гэнэт зогтусав. Тэрээр “Эгшиглэн одоо яах бол?” гэхээс зүрхшээж байснаа “Яаралтай хөдөлье” гэх дуунаар нь ухасхийн машиндаа суув. “Оргосон нь үнэн байна. Тэгэхдээ нэлээд удаж байгаа юм байна” гэснээ Эгшиглэнгийн хоолой сааралтлаа. Очмаа юу гэхээ мэдэхгүй самгардсанаа “Одоо яана аа. Яах гэж оргодог байна аа?” хэмээтэл “Оргохоос өөр яадгийн. Ямар гэм буруутай биш” гэж Эгшиглэн ууртай ч юм шиг хэлэхэд найз нь буруу юм хэлсэндээ бантан доош харлаа. Тэгснээ Эгшиглэн “Хаана, яаж яваа юм бол? Одоо яасан ч баригдаж болохгүй ш дээ” гэхэд нь Очмаа тэсэлгүй “Бөөн ял нэмээд, аймаар дарамталж, бараг алдаг гэсэн биз дээ?” гэчихэв. Уйлж, унжаад сүйд болох болов уу гэж айж байсан найз нь харин ч тайвширчихсан “Уг нь миний хайрт нэг их удахгүй цагаадах гэж байгаа юм чинь. Тэгэхээр баригдахгүй байх нь чухал” гээд урт гэгч нь санаа алдахад Очмаа учрыг сайн ойлгоогүй хэдий ч толгой дохин суулаа. Тэд зогсолгүй давхисаар шөнө дундын үед хотод орж ирэв. Хоёр найз Бүтэнбаярыг хаанаас олох тухай янз янзын хувилбар дэвшүүлэн ярьсаар байгаад өглөөтэй золгожээ.
Яг энэ үед Бүтэнбаяр өөрт хэрэгтэй гэсэн бүгдийг хамж аваад дахиж Гиймаа гэдэг бүсгүйтэй уулзахгүй гэж шийдэн гэр доторхийг онгичин бусниулж байлаа. Гэтэл шүүгээн дотроос хэдхэн хоногийн өмнө Гиймаатай хамт авахуулсан зураг нь унав. Тогонд цохиулах шиг болсон Бүтэнбаяр “Ингэж болохгүй. Үүнээс өөр баримт зөндөө үлдэнэ” хэмээх бодол зурсхийх нь тэр. “Чи Баяраа биш. Чамайг хэн гэдгийг би сайн мэднэ. Надаас зугтлаа гээд чамд очих газар, угтаж авах хүн байгаа юм уу? Энэ бүгдийг чинь мэдсээр байж чамд хайртай болчихсондоо би ч гайхаж байна”. Готов “Чамд үнэхээр дурлачихсан байна аа. Чи энэ хүүхнийг алдаж болохгүй, атгаад авдаг байхгүй юу. Асуудал муугаар эргэлээ гэж бодоход чамайг наадахь чинь л салгаж авах байх шүү” хэмээн өөрийнхөө хаяаг манаж, нүүр буруулах замаа зассаар байгаад энэ хүүхэнтэй нааж авсан. Гэтэл намайг хүйтэн, хөндий царайлаад байхаар хэзээ ч хамаагүй явчих юм байна гэдгийг минь мэдчихээд Гиймаа надад ингэж хэлсэн. Ингээд бодохоор “Шанага” новш миний тухай бүгдийг ярьсан нь ойлгомжтой байсан учраас би хүчээр нэг гэрт орж, эхнэр, нөхөр болон жүжиглээд хагас жил болох гэж байна. Цаг хугацаа ч хурдан юм даа. Эгшиглэн минь намайг мартсан байх гэсэн чинь Мааньтад очсон байгаа юм. Явж, явж би гэж ёстой арчаагүй эр юм байна. Хайртай бүсгүйгээ олчихож чадахгүй, ингээд л хайргүй хүнтэйгээ бүр харахаас дургүй хүрч байгаа мөртлөө хамт амьдраад явж байдаг. Намайг алхам холдох юм бол матах учраас би эндээс явж болохгүй”. Бүтэнбаяр ийн бодоод бусниулсан юмаа яаран эмхэллээ. “Одоохондоо хүүхэдтэй болох гэж яараад яах юм бэ”. Ингэж хэлсний төлөө уурлаж, хашгичин, хаалга саваад гарсан Гиймаа руу ярих гэж утасных нь дугаарыг цуглуулснаа больчихоод толины өмнө очтол хаалганы хонх тачигнав. Бүтэнбаяр сэрдхийж, үүдэнд тавьсан гутлаа шүүрч аваад харанхуй өрөө рүү орж, амьсгаагаа түгжин суулаа. Удалгүй түлхүүрийн чимээ гарч, гаднаас нэг биш хүн орж ирэх хөлийн чимээ гарав…
Үргэлжлэл бий…