Таны төрөх хугацаа дөхөж байгаа юу? Та ямар зүйлс хэрэг болох бол хэмээн бодож байж магадгүй. Төлөвлөгөөт кесар хагалгаагаар төрөх заалттай бол эмчтэйгээ ярилцан товлосон өдрөө очиж хэвтэж болох боловч таны төрөлтийн үйл ажиллагаа эхлэх, ураг орчмын шингэн гарах зэрэг шалтгааны улмаас шөнө, өдрийн хэдийд ч амаржих газар хэвтэхээр яарах тохиолдол гарч болох тул шаардлагатай зүйлсээ урдаас бэлдсэн байвал тохиромжтой. Эдгээр зүйлс таныг төрөх үед тав тухтай байдлыг хангахад хэрэг болох нь дамжиггүй.
•Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, солилцох хуудас, жирэмсний хяналтын карт, эрүүл мэндийн бусад баримтаа авчрахаа мартуузай.
•Дотуур өмсөх хувцас тань цэвэрхэн, өргөн ханцуйтай (даралт үзэх, тариа хийхэд саад болохооргүй), хөвөн даавуугаар хийгдсэн, задгай энгэртэй байвал тохиромжтой. Хөхний даруулгаа нэг размераар ахиулж аваарай.
•Дотуур өмд, унтлагын хувцас 2-3 ээлж байх хэрэгтэйгээс гадна төрөлтийн үе болон дараа нь хэрэглэх том хүний живх 2-3 ширхэг хэрэг болно. Мөн ариун цэврийн хэрэглэл авахаа мартуузай.
•Цагаан хэрэглэл. Эмнэлэгт ор хөнжлийн даавуу байдаг хэдий ч олон удаа угааж ариутгаснаас өнгөө алдаж хуучирсан байдаг тул өөрсдөө авч ирэх нь тохиромжтой.
•Шаахай тань тайлахад амар, угааж арчихад хялбар, чийг татдаггүй, намхан зөөлөн ултай байвал зүгээр
•Аяга, халбага, оо, сойз, алчуур, нойтон салфетка, ариун цэврийн цаас зэрэг зүйлс хэрэг болно. Мөн утас цэнэглэгчээ авчирж болно.
•Та амаржих газарт ирэхдээ хумсаа авсан, будаагүй байхаас гадна алт, үнэт эдлэл хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
•Нярай хүүхдэд шаардлагатай зүйлсийг гол төлөв төрөх газарт ариутгаж бэлтгэсэн байдаг.