Монголын рок попын ертөнцөд тэр дундаа эмэгтэй уран бүтээлчдийн дундаас дахин давтагдашгүй урлагийн агуу их мэдрэмж, олон талт авъяас, гоо үзсэглэнгээрээ ялгарч үзэгч, сонсогч фенүүдийнхээ шүтээн нь болсон “Sweetymotion” хамтлагийн 15-н жилийн ой энэ онд тохиож буй.
Тус хамтлагийнхан ойдоо зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн бөгөөд түүнийхээ эхлэл нь болгож өнгөрсөн 03 сарын 08нд “Тусгаар тогнолын ордонд” Эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулан “Male stars and Unplugged” нэртэй тоглолтоо хийсэн.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр тохиолдуулж тоглосон учраас энэ тоглолтын үзэгчид голдуу ээжүүд, бүсгүйчүүд байсан юм. Тэдний тоглолт цагаасаа жаахан хоцорч эхэлсэн ч хөгжмийн нүсэр аялгуунд хоолой түрэн дуулцгаасаар, үнэхээр халуун, дулаан уур амьсгал дунд сэтгэл дүүрэн үргэлжилсээр хоёр цаг гаруй хугацаанд өнгөрсөн юм. Тоглолтын эхэнд, “Бид хайрын тухай дуулж ханахгүй” хэмээх хамгийн отгон уран бүтээл болох “Хайрласан хайр” дуугаа дурлалт хосууддаа зориулсан бөгөөд тэд эрчүүдээ ч “гомдоохгүй” гэсэндээ “Зүүдлээрэй”, “Санахын аялгуу”, “Хаах нь явна” зэрэг дуунуудаа эгшиглүүлсэн юм. Мөн рок, попын алтан үе, “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” хамтлагийн сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг өөрсдийн уяхан хоолойгоор үзэгчдийн сонорт хүргэсэн нь тоглолтын өрнөл байв. Түүнчлэн тэд “Амин охин”, “Бүжиглэцгээе”, “Ингэн тэмээний дуу”, “Дуу”, “Ханийн дуу”, “Шувуудын цувааг битгий тоолоорой” зэрэг хуучны уран бүтээлүүдээ тайзнаа эгшиглүүлсэн нь хуучны “Эмоушн”-ыг дахин авчрах шиг болж үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгасан юм. Ийнхүү тэд тоглолтондоо гавьяат жүжигчин Б.Дашдондог, “Инээмсэглэл” хамтлагийн Н.Ганхуяг, 1990-ээд оны эстрад урлагийн төлөөлөгч, Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн нарыг “оролцуулсан нь “Алтан үеийнхний” дуу хоолойг энэ цагийн бүсгүйчүүдэд дахин мэдрүүлсэн нэгэн сюрприз байлаа.
“Sweetymotion”-ынхон маань Х.Төмөрбаатар гавьяаттай хамтран “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дуугаар үзэгчдэд аз жаргал авчирсан. Учир нь тэдний хоршоо дуу, бүжиг, дотоод, гадаад төрх байдал үзэгчдэд хөөр баяр бэлэглэсэн юм. Тэд бүх дуугаа шинэчлэн найруулсан байсан бөгөөд мэдээж хэрэг дууны найруулгыг хамтлагийн продюсер Б.Чинбат хийсэн аж. Харин Б.Чинбат хамтлагийнхаа тоглолтод оролцож чадаагүй юм. Гэлээ гэхдээ цэнхэр дэлгэцээр дамжуулан хамтлагийнхаа бүсгүйчүүд, үзэгчиддээ “Дэгжин нүдэн” дуугаар мэндчилсэн нь тэдний хэмжээлэшгүй их үнэнч сэтгэлийн халуун дулаан хайр, хүндэтгэлийг үзэгчдэд мэдрүүлж байсан юм. Мөн энэ тоглолтын үеээр “Sweetymotion”-ны бүсгүйчүүд маань мэргэжилийн хөгжимчид гэдгээ харуулж дэлхийн алдартай бүтээлүүдээс тоглосож танхим дүүрэн үзэгчддэд сэтгэлийн гүн тайвшрал, тайтгарлыг бэлэглэсэн юм. Харин тоглолтын хаалтыг тэд Б.Чинбатын хамт дуулсан “Санахуй” дуугаараа хийсэн бөгөөд энэ дууг дуулахын өмнө хамтлагийн ахлагч Болороо “Бид энэ цаг мөчид анх тайзнаа гарч байсан сайхан дурсамжаа тодхон санаж байна. 1990 оны “Пентатоник” наадмын тайзнаа цагаан костюмтай дөрвөн охин гарч билээ.
Бидний хамгийн анхны уран бүтээл болох “Санахуй” дуугаа бүх ээжүүддээ зориулж байна” хэмээн дуулсанаар энэ үдшийн тоглолт үзэгчдийн сэтгэлийн их ханамж, хязгааргүй үргэлжлэх алга ташилтын дор өндөрлөсөн юм.
www.urlag.mn AYU