Эр цэргийн баяр болох гээд, эмэгтэй та хайртыгаа хэрхэн баярлуулахаа мэдэхгүй л явна уу? Тэгвэл Happy hour булан та бүхэнд зөвлөж байна. Эрчүүд гэдэг хачин улс. Тэд бие биетэйгээ улс төр, ажил төрөл, эсвэл спортын талаар хөөрөлдөж, дундуур нь өөрийгөө бага сага магтсан шигээ “тусгаар тогтнол”-оо мэдэрч суухдаа л жаргалтай байдаг.
Үнэндээ танд л хэлэхгүй байгаа болохоос, ганц баярынхаа өдрөө тэд “хөвгүүд”-ээрээ өнгөрүүлэхийг нууцхан хүсч л байгаа байх. Тиймээс түүнд өгөх хамгийн сайхан бэлэг бол энэ боломжийг нь бүрдүүлж өгөх юм. Plus, тэр орой хөл бөмбөгтэйг хэлэх үү! Гэр бүлээрээ найзалдаг хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрийг Гоолнигоо бэлдлээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлбэл тэд ч баярлана, тэднийг баярлах хоорондуур бүсгүйчүүд бид ч цагийг сайхан өнгөрүүлнэ. Давхар ашигтай байгаа биз?
Төлөвлөгөө: Нөхрийнхөө найзуудын эхнэрүүдтэй юм уу, өөрийнхөө найз хүүхнүүдтэй нийлж байгаад нэгнийдээ цугларна. Хамгийн олон төрлийн гал тогооны хэрэгсэлтэй, олуулаа суухад тохиромжтой орон зай ихтэй найзынхаа гэрийг сонгож баяраа тэмдэглээрэй. Овжин эхнэрүүд маань эхлээд нөхрүүдээ цугт нь саун юм уу массажинд явуулаарай. Эсвэл заал авч өгсөн ч болно. Тэднийг бөөндөө хөгжилдөж байх хоорондуур хүүхнүүдээрээ нийлж эрчүүдийнхээ дуртай хоолыг бэлдэж ширээ засна. Нөхрүүдийг ирмэгц ширээ дүүрэн сайхан хоол, хөөрхөн эхнэрүүд нь угтаж авах ёстой. Хоолоо идэнгээ юм ярьж, инээлдсээр оройны 21.30 минут болоход эрчүүдийг хөлбөмбөг үзүүлэхээр гаргана. Гэрт нэг ч эрэгтэй хүн үлдээгүй үед “жоорлосон” дарсаа задалж, хүүхнүүдийн яриа өрнүүлээрэй.
Нэгдүгээр алхам: Өмнөх өдрийн өглөө нь найз бүсгүйчүүд лүүгээ утас цохиж эрчүүдийгээ нэгэн үдэш хамтдаа баярлуулах тухай саналаа дуулга. Тэгээд зөвшөөрсөн найзуудынхаа нэрсийг жагсаан бичээд, хоол хийх хоорондуур эрчүүдийг хаана “саатуулах” тухайгаа хэлэлцээрэй. Хоёрдугаар алхам: Санал хураалтаар шалгарсан “газар”-т эрчүүддээ зориулсан тусгай захиалга өг. Хүсвэл хөтөлбөрийнхөө цагийн хуваарь, газрыг бичсэн бяцхан урилга хэвлүүлээд, нөхрүүддээ өөрсдийн гараар өгөөрэй. Үйл ажиллагаандаа чамин нэр өгсөн ч болно. “Эрчүүдийгээ эрхлүүлэх өдөр” гэх мэт.
Гуравдугаар алхам: 18-ны өглөө авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Тэгээд хүүхнүүдээрээ хамтдаа дэлгүүр явж хүнсээ цуглуулаарай. Энэ өвөрмөц шоппинг биш гэжүү? / Улаан дарс авахаа мартваа, бас хэдэн шил шар айраг авахад илүүдэхгүй. /
Дөрөвдүгээр алхам: Сонгосон найзынхаа гэрт бүгд очоод, бүсгүйчүүддээ хийх ажлыг нь хуваарилаж өгөөрэй. Хүн бүрт сайн хийж чаддаг зүйл заавал байдаг. Ширээ засах, хоол чимэглэх, бэлтгэх, зууш хийх. хүсвэл бие биенийхээ үсийг янзалж өгөх гэх мэт. Энэ үдэш бид ч гэсэн сайхан харагдах хэрэгтэй. Гал тогооны ажилд тийм ч сайн биш нэг нь “сайхан харагдах” ажлыг хариуцаад авчихвал цаг ч хэмнэнэ.
Тавдугаар алхам:Бүх юмаа яв цав болгосныхоо дараа бүгд нөхөр лүүгээ утасдаарай. Хөлсөө гаргасан эрчүүд маань одоо бүхэл хонины мах идэхэд ч бэлэн байгаа. Ийм үед сайхан хоол бэлдээд тавьчихсан байх нь супер гэнэтийн бэлэг болох болно.
Зуравдугаар алхам: Амттай хоолоор дайлж аяга шар айраг ууцгаа. Энэ үеэр бэлдсэн бэлгээ ч өгч болно.
Долоодугаар алхам: Хамтдаа хөгжөөнт тоглоом тоглоцгоо. Хөзөр, даалуу, шагай ч байж болох юм.
Наймдугаар алхам: Тэд өөрсдөө тамирчид болсон бол одоо тэднийг жинхэнэ тоглолт үзэхийг уриал. Хэдий эхнэртэйгээ сайхан байгаа боловч өнөөдөр тэдэнд өөрсдөө чөлөө олгоё. Тэд ямар их баярлах болоо.
Жич: 3 сарын 18-нд Wolverhampton, Manchester United-ийн хооронд 21:30-аас тоглолттой.
– Санал болгох газар: “Pub 23” хаяг- СБД, 4-р хороо, Сөүлийн гудамж, ХААН банкны зүүн талд, Захиалгын утас-94969100
“Premier sport’s pub” баруун дөрвөн зам МҮЭСТО-ны чанх урд, Захиалгын утас- 99005551, 98612461, 98612024
Есдүгээр алхам: Эрчүүдийгээ явсан хойно найз бүсгүйчүүдтэйгээ дарс задалж сайхан яриа өрнүүлэх боломжтой. Одоо л бид хамгийн дуртай “ажил”-аа хийж болох нь.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдсэн үү? Тэгвэл бичсэн дээр нэмэрлэх шинэ санаа байвал хуваалцаарай. Хүсвэл та бүхэн нөхрүүдээ хөлбөмбөгт явуулахгүй байсан ч болно. Ингэж шийдсэн бол өдрийн нь “хөвгүүдийн” хөтөлбөрийг онцгой байлгаарай. Тэгээд оройг зөвхөн гэр бүлээрээ өнгөрөө.
Goolingoo.mn