Хацрын энгэсгийг бүх будалтынхаа төгсгөлд түрхэх нь тохиромжтой бөгөөд хацрын ясыг тодотгон сүүдэртүүлсэнээр нүүрний хэлбэрийг зөв харагдуулна. Мөн хацрын энгэсэг нь цонхигор цагаан царайг ч эрүүл, өнгөлөг харагдуулах увидастай билээ. Таны хацрын яс будаггүй байхдаа ч тод ялгаран харагддаг бол хэлбэр гарган будах шаардлагагүй. Эрүүл сайхан харагдахын тулд бага зэрэг өнгө оруулахад л хангалттай. Тиймээс юун түрүүнд нүүрнийхээ хэлбэр, төрхийг сайн судалж, зөв тодорхойлсоны дараа аль хэсэгтээ, ямар өнгийн энгэсэг хэр хэмжээтэй тавихаа тооцоолоорой.
Өнгөө хэрхэн сонгох вэ?
Нүдний теньтэйгээ уялдуулж хүйтэн, эсвэл дулаан өнгөтэй хацрын энгэсэг сонгоорой. Мөн арьсны тань суурь өнгө цайвар бол хүйтэн өнгийн, боровтор арьстай бол дулаан өнгийн хацрын энгэсэг тохиромжтой. Бүсгүйчүүд ихэнхдээ улбар шаргал /дулаан өнгө/ , ягаан /хүйтэн өнгө/ энгэсэг хэрэглэдэг. Хацрын ягаан энгэсэг хүнийг наснаас нь илүү залуухан, өнгөлөг, ялдамхан харагдуулдагийг танд аминчлан шивнэе. Завсрын бүдэг энгэсгээр хацраа зөв хэлбэр гарган будсаны дараа өөрийн сонгосон өнгийг нэмэн түрхэж царайгаа гэрэлтүүлж өгөх хэрэгтэй.
Хацрын энгэсгийг хэрхэн түрхэх вэ?
Хацрын энгэсгийг бага зэрэг инээмсэглэж байгаад түрхвэл царай тань илүү натурал харагдана. Ихэвчлэн шанаа, эрүү, хацрын хянганд сүүдэр тавих нь тохиромжтой байдаг. Энгэсэг тавихдаа доорх гурван зөвлөгөөг дагаарай.
1. Юун түрүүнд зориулалтын хацрын багсаа сэгсэрч, үсийг нь сэвсийлгээд, энгэсэгнээсээ багсаараа авч, илүүдэл сул хэсгийг хөнгөхөн цохиж унагана. Тэгээд шанааны ясыг дагуулан доороос дээш чиглэлээр, дараа нь дээрээс доош уусган будна.
2.Чихний дээд хэсэг рүү, дээш чиглэлтэйгээр илбэх маягаар маш зөөлнөөр түрхэх ба хамрын ойролцоох хэсгээр өргөн, дээшлэх тусам нарийхан байхаар будна. Нүүрнийхээ крем, пудратай, хацрын энгэсгийг сайтар уусгах ба үснийхээ уг руу оруулж уусган будах хэрэгтэй.
3.Хацрын тень энгэсэг ихэдсэн санагдвал дээрээс нь пудра тавьж бүдгэрүүлж болно. Будаж дууссаны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд будаг нүүрэнд шингэдэг тул шаардлагатай гэж үзвэл хацрын өнгийг дахин сэргээж болох юм.
Хацрын шингэн тенийг пудра тавихаасаа өмнө түрхэх хэрэгтэй. Шингэн тень зузаан түрхэгдэхээрээ царайг хатуу, хэтэрхий хиймэл харагдуулдаг тул бага зэргийг түрхээд хурууныхаа өндгөөр сайтар уусгах нь тохиромжтой. Хамгийн гол нь хацрын энгэсэг тод өнгөтэй байдаг тул ялгарч харагдах зааг гаргахгүйгээр пудратайгаа маш нарийн уусгах шаардлагатайг мартуузай.