Эштон Катчер, Рианна нар болзож байгаа юу? Хүн бүхэн Рианнаг Крис Браунтай үнэхээр эргэн нийлсэн эсэхийг мэдэхийг хүсч байгаа билээ. Дуулиантай салалтын дараа тэднийг дахин уулзах болсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Харин дуучин Рианнаг шинэ найз залуутай болсон талаар зарим хэвлэлүүд бичих болжээ. Гэвч тэр азтай залуу хэн юм бол? Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрхүү азтай залуу нь Эштон Катчер байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногийн эхээр Рианна Катчерын байшинд ирсэн аж. Харин тэрээр өглөөний 4 цагийн үед дахин гарч ирсэн гэж баттай эх сурвалж мэдээлсэн гэнэ. Британийн The Sun сэтгүүлийн уламжилснаар дуучин бүсгүй, жүжигчин залуу хоёр өнгөрөгч нэгдүгээр сараас халуун дотно харьцаатай болж эхэлсэн ажээ. Харин паппарацийнхны олж мэдсэнээр Рианна Катчераас энэ зуныг өөртэй нь хамт өнгөрүүлж, Лондонгоор цуг аялахыг хүссэн байна.
Итгэмээргүй ч гэлээ тэднийг дээд зэрэглэлийнхний явдаг зарим нэг газраар хамт явж байхыг зарим эх сурвалжууд олж харжээ. Рианна бол Жэй Зигийн удирдлаган дор явдаг дуучин. Харин ноён Зи Диддитэй сайн найзууд. Дидди бол Катчерын дотны анд юм. Тэгэхээр хосуудад уулзаж, дотносох боломж байсан гэсэн үг. Юутай ч энэхүү шинэ цуурхлын талаар тэдний хэн хэн нь мэдээлэл хийгээгүй л байна.
Б.Бурмаа /noyon.mn/