Ялангуяа эртнээс төлөвлөсөн тохиолдолд хааяа нэгхэн хүссэн зүйлээ идэж өөрийгөө баярлуулах нь өөрийгөө хуурч байгаа хэрэг биш юм.
Татвараас зугтах, шалгалтан дээр хуулах, хайртай хүнээ хуурах нь мэдээж маш буруу. Тэгээд ч ийм бодол толгойд чинь орж ирсэн тохиолдолд багшаасаа, дотны эсвэл хайртай хүнээсээ зөвшөөрөл авахгүй л байх. Харин хүмүүс яагаад надаас байнга “хоолны дэглэмээ зөрчиж” болох уу гэж асуугаад байдаг юм бол оо? “Муу зүйл хийх” нь тийм сайхан мэдрэмж төрүүлдэг гэж үү? Хэрвээ хоолны дэглэмээ алдагдаж жингээ хасаж чадахгүй бол бүх бурууг надад “чихэхийг” хүсч байна уу? Эсвэл тэд ердөө л “Би өдөр бүр өөртөө ийм хахир хатуу хандаж чадахгүй нь, жаахан амармаар байна!” гэж хэлээд байна уу?
Юуны өмнө хоолны дэглэмийн тухай яригдаж байгаа үед бий “хуурах” гэдэг үгийг ашиглах дургүй гэж хэлмээр байна. Учир нь ийм юм. Бидний ихэнх нь буруу зүйл гэж боддог болохоор татвараас зугтдаггүй, шалгалтан дээрээ хуулдаггүй, хайртай хүнээ хуурдаггүй. Хэрэв үнэхээр тэгэх юм бол дараа нь орох байх газраа олж яддаг. Яг үүнтэй адилаар хэрэв та хоолны дэглэмээ зөрчвөл энэ нь буруу зүйл учир ийм юм хийсэндээ гэмших болно. Тийм болохоор “хуурах” гэдэг үгийг зүгээр л аваад хаячихъя.
Хуурах уу эсвэл өөрийгөө баярлуулах уу?
Хуурах гэдэг үг маш сөрөг сонсогдож байгаа учир оронд нь илүү эерэг үг хэрэглээд үзье. Миний бодлоор “өөрийгөө баярлуулах” гэдэг үг хамаагүй дээр сонсогдож байна. Ялангуяа онцгой тохиолдолд зориулан тодорхой хэмжээний калорийн аваагүй үлдээсэн бол хааяадаа нэг хүссэн зүйлээ идэж өөрийгөө баярлуулахад буруу зүйл байхгүй. Та амралтын өдрүүдээрээ иднэ гээд долоо хоногийн эхний таван өдөр авах ёстойгоосоо арай бага калори авсан бол энэ нь хуурч байгаад тооцогдох уу? Надад бол “сайн төлөвлөгөө” шиг л санагдаж байна.
Яагаад заавал хуурмаар санагддаг вэ?
Төлөвлөж эхлэхээсээ өмнө анхнаасаа яагаад “хуурмаар” санагддаг тухай бодож үзэх хэрэгтэй байх. Та хэт хатуу хоолны дэглэм бариад, юу ч идэхгүй байна уу? Та ердийн үед идэж байгаа хоолондоо сэтгэл хангалуун бус байна уу, танд таалагдахгүй байна уу? Бүтэн долоо хоногийн турш сайн байсныхаа төлөө өөртөө өгч байгаа шагнал чинь “хуурах”, “муу зүйл хийх” юм уу? Хоолныхоо дэглэмээс хазайх шаардлагыг үгүй хийх нэг арга бол асуудлын угийг олж тодорхойлох юм.
Хэт хатуу хоолны дэглэм сахих гэж оролдох нь “хуурах” үйлийг эхлүүлдэг хамгийн нийтлэг шалтгаануудын нэг байдаг. Та долоо хоногийн эхний хэдэн өдрийн турш өөрийгөө сайн хянаж чадсан болохоор жаахан ч гэсэн эрх чөлөө амьсгалж амралтын өдрүүдээр наргих гавъяатай гэж бодсон байх.
Гэвч ингэх эрхтэй гэж бодоод амралтын өдрүүд болгон ухаан алдталаа идэж байгаа бол долоо хоногийн эхний хэдэн өдөр гаргасан зүтгэлээ үгүй хийгээд зогсохгүй өөрийн сайн байсныгаа их хэмжээний калори агуулсан хүнсээр шагнаж байна гэсэн үг юм. Цаг өнгөрөх тусам эрүүл долоо хоногийн эхний хэдэн өдрүүдээр иддэг эрүүл хоол чинь таньд шийтгэл мэт, амралтын өдрүүдээр иддэг их хэмжээний калори агуулсан хоол чинь шагнал мэт санагдаж эхлэх бөгөөд энэ нь амьдралын турш мөрдөх эрүүл хооллох дэглэмийг бий болгохгүй л болов уу.
Өөр нэг асуудал бол хэрэв та амралтын өдрүүдээр санаа зовохгүйгээр авч болох калорийн хэмжээг олж тогтоогоогүй бол долоо хоногийн эхний хэдэн өдрүүдэд “хоолны дэглэмээ сайн” мөрдсөн учир их идлээ гээд хэтрүүлэхгүй байх гэж өөртөө хэлэх амархан. Гэвч надад итгээрэй, хэтрүүлдэг л юм.
Баярт мөчөө урьдаас төлөвлөх нь
Энэ бүтэх үү үгүй гэдэг нь маш нарийн зүйлээс буюу зөв зүйтэй төлөвлөхөөс шалтгаална. Үүнд тодорхой хэмжээний калорийг идэхгүй үлдээж, дараагаар энэ эрхээ ухаалгаар зарцуулах багтдаг юм.
Би хүмүүст бүтэн өдөржин юу хүссэнээ идэхээс илүүтэйгээр нэг удаагийн хоолоор л өөрсдийгөө баярлуулаарай гэж зөвлөдөг. Таны ердийн хоолны дэглэмд байдаггүй нэгэн онцгой зүйлийг идэх ба нэг бүтэн өдөр юу хүссэнээ идэх хоёр хоорондоо асар их ялгаатай. Зарим хүмүүсийн хувьд нэг бүтэн өдөр хоолны дэглэмийн хязгаарлалтыг умартана гэдэг нь тормосгүй галт тэрэгтэй л адил хэмжээний хохирол учруулж чадна.
Харин “өөрийгөө баярлуулах нэг удаагийн хоол”-ыг урьдаас төлөвлөх нь хянахад хамаагүй хялбар. Нэгдүгээрт та тухайн долоо хоногт хэр их хэмжээний калори авах ёстойгоо бодолцож үзэх хэрэгтэй. Үүний дараа нь хэрэглэх зорилгоор өдөр бүр татгалзаж чадах калорийн хэмжээг тооцоолж гаргана. Мөн төлөвлөж байхдаа хэзээ, хаана, хэрхэн энэхүү калори авах эрхээ эдлэхээ аль болох тодорхой байлгах нь тустай байдаг. “Би бүтэн долоо хоног дэглэмээ сайн мөрдсөн болохоор оройн хоолонд шарсан үхрийн хавирга идэж болно” гэж өөртөө хэлэх нь “Би энэ долоо хоног 400 калорийг хойш нь тавилаа, учир нь Бямба гарагийн үдэш би Розигийн ресторанд очно. Тэднийх хамгийн гоё алимтай бялуу хийдэг” гэдэгтэй адилхан үйлчлэхгүй байх.
Өөрийгөө баярлуулах нь хуурч байна гэсэн үг биш юм
Хэрэв та “хуурахыг” хэтэрхий хатуу хоолны дэглэмийн үр нөлөө гэж бодож байгаа бол дараах зүйлийг бодолцож үзээрэй. Байгалийн жамаараа жингээ хянаж чаддаг хүмүүс хааяадаа нэг хүссэн зүйлээ идэж өөрийгөө баярлуулдаг. Энэ нь амьдралын нэг хэсэг бөгөөд суралцах ёстой нэгэн чухал чадвар юм. Мэдээж байнга төгс төгөлдөр байдлаар хооллоно гэдэг юу л бол.
Харин та өдөрт гурван удаа тогтмол хооллож, долоо хоногт нэг удаа “хүссэн зүйлээ идэж өөрийгөө баярлуулж” байвал нийт 21 хоолны 20-д буюу 95%-д “хоолны дэглэмээ сайн мөрдөж байна” гэсэн үг юм. Мөн та эртнээс төлөвлөж, тодорхой хэмжээний калорийг хойш нь тавьснаар дараа нь гэмшихгүй байж чадна. Тийм болохоор тэр үеийгээ онцгой тохиолдол болгож ширээгээ сайхан засаад, удаан хооллож, амт бүрийг мэдрээрэй. Учир нь та хөдөлмөрлөсөн болохоор ингэх эрхтэй.