Дэлхийн загварын ертөнцийн нэр хүндтэй олон арван шагналын эзэн Gianfranco Ferre-эрэгтэй эмэгтэй хувцасны брэнд, Ferre -үслэг эдлэл, том размерын хувцасны брэнд, GF Ferre-залуусын брэнд зэрэг бүтээгдэхүүний загварыг зохион бүтээсэн алдарт Италийн загвар зохион бүтээгч Gianfranco Ferre-ийн тухай түүхийг сөхлөө. Gianfranco Ferre 1944 оны наймдугаар сарын 15-нд Италийн хойд хэсэг дэх Легнон хотод мэндэлжээ. 1969 онд тэрээр Миланы Полотехникийн их сургуулийг уран барилгач, архитекторын мэргэжлээр дүүргэсэн.
Ferre-д архитектурын чиглэлээр ажиллах олон арван ажлын санал ирсэн боловч түүнд энэ салбарт ажиллах хүсэл тийм ч их байсангүй. Архитектурын суурь боловсролтой байсан нь түүнийг “Загварын ертөнцийн уран барилгач” гэж нэрлэгдэхэд хүргэсэн гэдэг. Ferre Портофинод чамин бутик ажиллуулдаг найз бүсгүйдээ туслан аксессуар хийж эхлэв. Энэ үеэс түүний загварын ертөнцийн карьер эхэлсэн ажээ. 1970-1973 оны хооронд Ferre Энэтхэгийн гар урлалын гайхамшгийг судалж суралцах гэж амьдралынхаа гурван жилийг өнгөрөөжээ. 1973 онд Ferre Италид ирээд Franco Mattioli гэгчтэй танилцаж, тэд хамтран “Bailа” гэгч эмэгтэй хувцасны компани байгуулжээ. 1982 онд Ferre анхны бие даасан хувцасны коллекцоо, 1986 онд Италийн Ром хотноо анхны couture коллекцоо тус тус танилцуулснаар 1989 онд түүнд алдарт “Christian Dior”-оос стилист дизайнер буюу топ дизайнераар ажиллах санал тавьсан явдал нь Ferre загварын ертөнцөд алдар хүндийн шатаар хурдтай өгсөж эхэллээ. “Christian Dior”-т долоон жил ажилласаны эцэст 1996 онд өөрийн хүсэлтээр Парисын загварын ордныг орхисон хэдий ч энэ хугацаанд Ferre өөрийн брэндийн коллекцоо давхар зохион бүтээсээр байжээ.
1996 онд жийнсэн хувцасны брэндээ танилцуулав. Түүний загваруудаас өрнө, дорнын хэв шинж холилдсон нь анзаарагддаг бөгөөд тухайн улиралын загварын чиг хандлагыг хэт дагасан биш анзаарагдмаар итгээд содон детальгүй хэрнээ цаанаа л дэгжин ганган, эмэгтэйлэг стильтэй, ихэвчлэн график дүрслэлийг илтгэсэн хурц хэлбэртэй, тод өнгөтэй, цаг үеийн хандлагаа гайхалтай мэдэрсэн байдаг.
Сул өргөн ханцуй, бариу ханцуйны эмжээр, буржгар захтай Ferre-ийн бүтээсэн цагаан цамцнууд бол загварын ертөнцийн хамгийн гоё нь байсан, хамгийн гоё нь байсаар ч байгаа. Ferre 2007 оны зургаадугаар сарын 17-нд Милан хотод тархины хүнд өвчнөөр нас барж дэлхийн хувцас загварын ертөнцөд нөхөж баршгүй гарз учирсан билээ. Гэсэн хэдий ч нэрт дизайнерийн хувцас загварын ертөнцөд үлдээсэн өв үүрд мөнх үлдэх бизээ.