“Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нар урлагийн үлгэр жишээ залуу гэр бүлүүдийн тоонд зүй ёсоор ордог. Хамтдаа найман жилийг үдсэн хосууд салсан шуугиан ойрын нэг сарын сэдэв болж буй билээ. Урлагийн ертөнцийн шинэ залуу үеийн төлөөлөл жүжигчин Т.Билэгжаргалыг уншигчид андахгүй. “Франц үнсэлт”, “Луйварын хот”, “Сая километр” тэргүүтэй кинонд дүр бүтээснээс гадна өөрөө бие дааж кино уран бүтээлд хүч сорьж яваа чадварлаг залуу уран бүтээлч билээ.
Т.Билэгжаргал гэж ер нь хэн бэ? Тэд үнэхээр гэр бүл салалтын буухиаг үргэлжлүүлэв үү олон асуултын хариултыг түүнээс эрэв. Бэкэ хувьдаа товхийсэн бизнестэй өөрийнх нь тодотгосончлон боломжтой айлын хүүхэд. Аавыгаа, ахыгаа алдаж голомт сахиж үлдсэн хариуцлагатай үүрэгтэй нэгэн. Залуу насны ааг, омог, шартай хүний түргэн уурнаас болж тархиндаа хүнд бэртэл авч 27 оёдол тавиулж байсан оюутан насны гашуун дурсамж ч түүнд бий. Зах зээлийн шуурганд өгсөж уруудан эдний гэр бүл Хорооллоос Дэнжийн мянга, Дэнжийн мянгаас 40 мянгат руу, харин одоо бол арай дөнгүүр хороолол руу буйр сэлгэн гэр бүлийнхээ бизнесийн үр шимийг үзэж яваа юм. “Өсөхөөсөө өдий хүртэл цагдаагаас салсангүй” гэсээр тэр намайг угтав. Магадгүй түүний хэлснээр бид нөгөө социализмын үеийн хуулиараа ардчилсан нийгэмд амьдраад байгаа юм биш биз дээ.
-Ер нь Билэгжаргал гэж хэн юм бэ? Өөрийг чинь тойрсон шуугиан сүүлийн хэдэн сар тасарсангүй. Хар тамхичин, зодоонч, эхнэрээ араар нь тавьсан л гэх юм. Маш олон асуултыг өөрөөс чинь асуумаар санагдаад сүүлийн хоёр сар хөөцөлдлөө. Ингэхэд нэлээн турсан байх чинь. Арай өвс татсанаас болсон юм биш биз дээ. Шулуухан асууж байгаад уучлаарай.
-Ходоодны амсрын шарх гэдэг өвчинд нэрвэгдээд хэцүү байна. Уулзсан хүмүүс яасан их “турцын” ч гэх шиг. Хүмүүс намайг аймаар хар тамхичин гэж ярьдаг юм байна лээ. Миний хар тамхи татаж байсан зураг ч юм уу, бичлэгийг тавьчихвал зүгээр байна. Үнэхээр хэцүү юм аа. Хадмууд, ах дүүс… Надад чинь бас айж ичих хүн гэж байна ш дээ. Би ямар асрахын хүүхэд биш. Эцэг эхээ мэдэхгүй хүрдний хүүхэд биш. Хар тамхи бол өнөөдөр Монголд дэлдэж байгаа аюулын харанга.
Дархан, Сэлэнгээр дүүрэн байгаа өвс зулгаагаад, сорсных нь төлөө хүнийг шоронд хийнэ гэдэг бол эмгэнэл. Нөгөө дуурайгаад байдаг Америкт нь тийм юм байдаггүй ш дээ. Би бас нэг зүйлд маш их эмзэглэдэг. Хар багаасаа өнөөдрийг болтол би цагдаагаас салсангүй. Салаад сар боллоо дахиад цагдаа, сар боллоо дахиад л цагдаа. Энэ бол Анхмаа, миний зүрхний хайр, намайг өөрөөсөө түлхэх бас нэг хүчин зүйл. Өдий том болчихоод цагдаагаас салахгүй гээд л. Би ямар сайхандаа тэгээд яваад байдаг биш дээ. Ардчилсан нийгэм юм бол хуулиа ардчилсан болгох хэрэгтэй ш дээ. Социализмын хууль чинь аймаар чанга байхгүй юу.
-Саяхан өөрийн чинь талаар зодооны хэрэгт холбогдож, шүүх цагдаагаар явж байгаа мэдээлэл гарсан. Тэр талаар тодорхой тайлбар өгөөч, нэгэнт уулзсаных шулуухан асуучихья?
-Би гэхдээ энийг бол нээх яримааргүй л байна. Гомдол гаргасан хүн бид хоёр эчнээ урлагийн хүмүүс. Ээж аав нь бас урлагийн хүмүүс л дээ. Телевизэд диктор хийдэг залуу, их гоё нэртэй Учрал гэж . Одоо ямар ч телевизэд байдаг юм мэдэхгүй. Ямар ч байсан UBS-д лав байсан юм байна лээ.
-Хоёулаа урлагийн хүмүүс байж шүүх, цагдаадаа тулсан гэхээр ноцтой л юм болж дээ. Яг юу болсон юм бэ?
-Ер нь хүн архиа уугаад явж байна уу, толгой дээрээ эвэр ургуулчихсан явж байна уу, тахир дутуу хүн дагуулаад явж байна уу, эрэгтэй хүнтэй секс хийнэ үү, эмэгтэй хүнтэй секс хийнэ үү надад бол хамаагүй. Хэн юугаа хийгээд явж байна, эзэн биед гай болоогүй бол ямар ч падлийгүй байхгүй юу. Тамхины хуулиа мөрдөөд клубын гадаа тамхилж байлаа. Өнгөрсөн жилийн 9-р сарын 11-нд ш дээ. Ямар шалтгааны улмаас намайг цохисныг би ойлгоогүй. Би амьдралдаа тэгж чанга цохиулж үзээгүй. Энэ хэрэг шийдэгдээгүй байгаа, одоо ч шүүхээр явж байна.
Би аймаар чанга цохиулаад доошоо суусан, цус гарсан. Шууд зөрүүлээд цохичихсон байхгүй юу. Тэгэхдээ Учралыг цохичихсон. Андуурах ч биш урд нь зогсож байсан юмуу даа. Их хурдан хугацаанд болж байгаа юм. Би аймаар өвдсөнөө бодоод доошоо тонгойгоод халуу дүүгээд бөгжтэй гараараа цохичихсон юмаа бас. Тэгээд эндээс хоёр залуу хажуу талаас нөгөө цохисон залуу дахиж цохиод миний нэг цохисон хөмсгөн дээр хоёр сэтрээд. Гурвуулаа нийлээд намайг, хүүхэлдэйн кинон дээр толгой дээр болжмор жиргэдий ш дээ тэр чинь яг жинхнээсээ тэгдэг юм билээ. Би нагдаундад орсон Хамгаалагч нар зөндөө зодуулж байхад хараад зогсоод байсан. Яахав клубээс гадаа болохоор тоохгүй байхгүй юу. Би сүүлд камерыг нь шүүлгээд жон жон хийх гэснээ больсон.
Өмнө нь зам дээр машин араас ирж мөргөчихөөд яваад өгөхөөр нь за гайгүй байлгүй гээд явчихсан чинь намайг шүүхэд өгчихсөн. Тэгээд би очоогүй удчихсан, шүүхээр ороод Приусын гэрэл төлөөд. Нэг жилийн тэнсэн авсан. Анхны шүүх хурал шууд тэнсэн өгсөн. Тэнсэн нэг жил өгснөө түр харгалзах хугацаа 5 жил ч гэх шиг би тэрийг ойлгоогүй. Нэг мөсөн тэнсэнг 6 жил өгчихгүй тэр нь шударга биз дээ. Хууль мэдээлэх байгууллагууд нь өчнөөн л цаг аваад МҮОНТ-ээр гарч л байдаг. Би хуулийн цагийг их үздэг. Гэтэл надад мэдээлэл байгаагүйгээс болоод ийм шийтгэл хүлээсэн. Хэрвээ тэрийг мэдсэн бол би түрүүлж цохих байсан учраас энийг яриад байна л даа.
Яг зодуулсны дараа манай зуслангийн, 24-р сургуулийн Шинээ Анар гээд манай найзууд байдаг. Тэр хоёр аз болж дайралдаад, ээ Бэкэ миний найзын нүдийг ямар аймаар болгочихов оо гээд намайг шууд таксинд суулгаад гэмтэл дээр очоод. Ашгүй залуухан эмч таараад намайг ойлгоод.
Тэр зодооноос хэдхэн цагийн өмнө Их дэлгүүрээс хойшоо алхаж байсан чинь Урнаа эгч тааралдаад, завшаанд Зэрлэг цэцэгсийн хүлэмжийн урилга аваад. Зодуулсныхаа маргааш орой тийм хүндтэй юманд уригдчихаад тэрнээс би хоцрохыг хүсэхгүй байсан. Тэгээд нүдний шил зүүгээд очсон чинь папараци хийдэг сайтынхан зураг аваад тавьчихаж.
Сэтгэгдэл бичдэг хүмүүс байна аа, би энийг үнэхээр ний нуугүй хэлмээр байна. Хүн хэн ч байж болно, хүн ямар ч байж болно. Эрийг бүү бас уулыг бүү шанд гэдэг. Нүдний шил аргагүйн эрхэнд зүүгээд очсон. Би үзмээр байсан. Миний нүд амьдралдаа 3 удаа бүр нээгдээгүй. Тэгээд би өмнө нь өөртөө хариуцлага тооцуулж байсан хүмүүсээ бодсон л доо. Нээрээ л нүд рүүгээ цохиулах үнэхээр зэвүүн болохоор намайг цагдаад өгч байсан юм байна даа гэж. Хүний цаад учир шалтгааныг мэдэхгүй байж сэтгэгдэл бичдэг хүмүүс үнэхээр биш шүү.
Би зүгээр боломжтой айлын шөрмөстэй хүүхэд
-Ингэхэд Бэкэ 10 жилээ хаана төгссөн бэ. Унаган хотын хүүхэд үү?
-Манай өвөө хотынх, аав хотынх. Өвөө Өвөрхангайн Хужирт сумын хүүхэд. Ээж Говь-Алтайн Тайширын охин. Аав ясаа дагавал Өвөрхангайн Тайширынх буюу Засагт хаан аймгийнх гэсэн үг л дээ. Засагт хааны хөх харчууд гэдэг шиг. Аав ээжээс бид гурвуулаа. Миний хамгийн том ахыг Азжаргал, дундах эгчийг Болоржаргал гэдэг.
-Танай гэр бүлд урлагийн хүн байгаа юу. Аав ээж чинь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
-Манай аав залуу байхдаа “Хоршоолол” клубын боксчин байсан. Сүүлд “Соёл” нэртэй болсон “Сөгнөгөр” гэдэг амралтын газар байдаг, тэнд бэлтгэл хийдэг, Пан Азийн аварга Лхагваа ахын багштай нэг үе л дээ. Босоо Төмөрөө хочтой боксчин хүн байж байгаад тухайн үед 3 жилээр цэрэгт яваад тэндээсээ химийн батальонд алба хаасан. Аав цэргийн хүн болохоор хатуу ч гэсэн хайр нь гаднаа хал нь дотроо хүн байсан. Зөөлөн сэтгэлтэй, архи ууж чаддаггүй.Ер нь бол цагаан сараар л нэг минчийтлээ улайчихсан сууж байхыг нь харж байсан. Химийн ангид байсан болохоор элэг муутай, архи ууж чаддаггүй хүн байсан юм байна лээ. Ер нь монголчууд чинь ууж идэх наргих цэнгэх тансаглах тэнэх дуртай хүмүүс. Би өөрөө ч бас тийм. Гэхдээ яг яс цусаараа гэхэд би бас ууж чаддагүй юмаа, үнэхээр. Миний ээжийг Лхасүрэнгийн Норвоо гэдэг. Монголын хөрөнгийн биржийн анхны эмэгтэй диллер байсан.
– Бага нас, сургууль, төлөвшлийн нас хаана өнгөрөв?
Намайг мэдээ ороход манай гэр Шархаданд байсан. Тэнд айлын хашаанд бага 4 ханатай гэр барьж, ах маань тэндхийн сургуульд анх 1-р ангид орж байсан. Удалгүй хороолол руу нүүж, би “Эрдмийн- Ундраа” цогцолборт орж байлаа.
-Амьдрал дээшилсэн гэсэн үг үү?
-Амьдрал дээшилсэндээ биш, аав маань цэргийн ангид, офицерууд угаасаа өндөр цалинтай, сард 800 авна. Ээж хөрөнгийн биржид ажиллаж байсан үе. Нэг л өглөө Монголд байсан оросууд нүүж, Улаанбаатарт олон байр эзгүйрсэн дээ, тэнд орсон хэрэг. Ээж маань хөрөнгийн биржэд анхны эмэгтэй дилер, эдийн засгийн хүн учраас зах зээл эвгүйдэх гээд байгааг мэдэж байсан юм шиг байгаа юм. Биржээсээ гарч түр зээлдүүлэх буюу ломбард байгуулж байлаа. Булган малгай, мөнгөн бөгж, приставк ч юм уу, тухайн үед нүдний гэм, ховрын бараанууд өрөөстэй байна. Би чинь өдөрт 2 өндөг идээд тансаг байсан. Тэр үед манай ээж 5445 дугаартай мөнгөлөг цагаан BMW унаж байла. Улаанбаатарт “Петровис”-ын Ж.Оюунгэрэл тэргүүтэй гарын 5 хуруунд багтах хүүхнүүд л үнэтэй машин унадаг байсан гэдэг.
Гэтэл 3-р анги төгссөн жил манайх Дэнжийн мянга руу нүүж байгаа юм. Ломбарданд тавьсан мөнгөн бөгж, хивс, приставкаа хэн буцааж авах юм, тэгээд шатсан хэрэг. 69-д хамаг юмаа ачаад хуучин зах байсны хажууд төвхнөлөө. Манай гудмын эхэнд алдарт Равсал панз гуайнх байна. Тэднийх тахиа, тагтаа тэжээнэ. Сайхан дурсамжууд тэнд үлдсэн байдаг юм. одоо очиход дурсамж сэргээд сайхан санагддаг. Ээж өндөр алба хашдаг байсан болохоор найз нөхөд сайтай. Нисэхэд ажилладаг холбоотой хүмүүсийнхээ ах дүүсийн хамар хашаанд түр орогнож байсан юм шиг байгаа юм.
-Тэгээд Дэнжийн мянгадаа хэр удав?
-Нэг л зун болсон. Дараа нь 40 мянгат гэдэг гайхалтай газар ирлээ. Тэгэхэд Бөмбөгөрийн хажууд шахдаг өвгөнт байсан. Нэг онигоо байдаг даа, авах шиг болоод амаа арчаад л хаях шиг болсон чинь ард нь уут нь унаж байна гэж. Монголчууд ёстой архин далайд живж байсан үе дээ. Намайг ёстой гайхалтай түүх угтсан. Квантуны арми гэдгийн Эрка, Ганзо, Ариука гэж 3 хүний ёстой үлгэр домог шиг зодоонуудыг сонсож өссөн. Манайх 23-р байрны 4 давхарт 4 дэхь хаалганд байсан юм.
Дөчин мянгатад нүүж ирсэн нь гэр бүлийн бизнестэй холбоотой. Бүх өрөө дараад, 500-хан доллартай үлдсэн ээж маань Эрээн явсан байгаа юм. Яг л зах зээл эхэлж байсан үе. Ээж маань Монголд анх удаа нэг удаагийн хэрэглээ буюу хөөсөнцөр хоолны пакет оруулж ирсэн хүн. Хутга, алчуур, төмс арилгагч,сүүлдээ халбага, сэрээ гээд нэг удаагийн хэрэглээний юу л байдаг, тэр бүгдийг оруулж ирсэн. “Бөмбөгөр”-т 4 контейнертэй, эгч бид 2 жаахан бараатай зогсоно. Гэвч их хурдан хугацаанд бараа битүү болж, бизнес маань өргөжсөн. Сүүлдээ “Меркури” захын хашаан дотор “Хэрэглээ шоп” гэдэг нэг удаагийн хэрэглэл зардаг дэлгүүр Монголд анх нээж байсан. Өнөөдрийн байдлаар нэг удаагийн зориулалттай бүх л зүйлийг оруулж ирж байна. Саунд хэрэглэдэг нэг удаагийн бикини буюу плавкыг хүртэл оруулж ирдэг. Гэр бүлийн маань үндсэн бизнес л дээ. Би тэгтлээ баян айлын хүүхэд биш гэхдээ зүгээр боломжтой айлын шөрмөстэй хүүхэд.
“Хэрэглээ шоп” маань хоёр салбартай болсон. Уул уурхайн компаниудаас авахуулаад амралт, жуулчны баазууд хүртэл олон газарт нэг удаагийн хэрэглэл нийлүүлж байна. Налайхад нэг салбар нээе, Зайсанд жижигхээн ч гэсэн дэлгүүртэй болъё гэж төлөвлөж байна. Эдийн засаг сэргэхийг хүлээж байна. Хүмүүс гэртээ шейк хийж уух дуртай болчихож. Шейкний соруул, зоонтог манай онцгой барааны тоонд орж байгаа.
Анхмаа бид хоёр тусдаа амьдраад 1 жил болж байна
-Анхмаа та хоёр урлагийн үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг болсон. Ар гэрээ өрхийн тэргүүний хувьд хэрхэн төвхнүүлэв дээ?
-Манай аавын гэр 5-р хороололд, гэхдээ манайх нэг гүүр даваад нэлээд баян болцоон, аая/инээв/. “Дөрвөн улирлын цэцэрлэг” гэдэг хороололд манай эхнэр, охин бид гурав голомтоо бадраасан. Яахав, миний эцгийн үлдээсэн жаахан мөнгө, ахын маань үлдээсэн жаахан мөнгө, ээжийн минь олон жилийн нөр их хөдөлмөр, тэгээд дээрээс нь миний урлагийн өчүүхэн дусал буян нийлээд их сайхан байранд анхны амьдралаа эхлүүлж байсан. Одоо бол би ээжтэйгээ байгаа
-Яагаад ээжтэйгээ амьдраад байгаа юм?
-Хөгшрөөд хүн нутгаа санана гэдэг шиг би ээжийгээ санаад байгаа юм уу даа. Худлаа, худлаа /инээгээд/. Ээжийнхээ хажууд байх цаг л таараад байна. Надад эхнэр байхгүй ш дээ. Авгай байхгүй, гэргий байхгүй. Яагаад гэвэл бид албан ёсоор сууж хурим хийгээгүй. Би албан ёсоор сүй тавья ч гэж гуйгаагүй. Ёстой л хоёр талаасаа хоосон чемоданаа бариад 2-р курсээсээ хойш хамт байсан.
-Анхмаа та хоёр тусдаа хэр удаж байна?
-Жил болж байна. Өнөөдөр алтан хуримаа хийсэн, мөнгөн хуримаа хийсэн эсвэл хийх гэж яваа хүмүүс мэдэх байх аа. Ариун хайраараа ёстой нөгөө хоосон чемодантай нийлсэн хосуудад 7-8 жил дээр үнэхээр мөчлөг байдаг юм байна лээ. Ихэнх тохиолдолд тийм олон тэнэглэл, тийм олон арчаагүйтэл, тийм олон алдааг нь уучилж байсан байж яг тэр чухал мөчлөг дээр эмэгтэйчүүд бууж өгдөг гэдэг миний биш, сэтгэл судлаачдын судалгаа байдаг юм байна лээ. Би Анхмаагаа бууж өгсөн гэж байгаа юм биш ээ. Энэ бол бид хоёр бие биедээ time out олгож байгаа асуудал. Би бас муу эр ээ.
-Охинтойгоо уулзаж байгаа юу?
-Хагассайн өдөр болгон уулздаг. Би сайн аав байхыг хүсдэг. “Гурван гал”-ын эмч сувилагч нар намайг ямар аав болохыг мэдэх байх. Хүүхдийг өнөөдөр эрхлүүлж, зайрмаг авч өгөхөөсөө илүүтэй ирээдүйн баталгаат амьдралд нь эцэг эх санаа зовох ёстой. Би 27 насныхаа төрсөн өдрөөр бодсон, би ямар арчаагүй юм бэ? Яагаад?
Яагаад гэвэл 27 хүрчихээд байхад дансанд чинь 27-хон сая төгрөг алга байна ш дээ. Гучин нас хүрэхдээ 3 тэрбумтай болох ёстой шүү, чи гэж өөртөө хэлсэн. Би хүүхдийнхээ төлөө санаа зовж байна. Өнөөдөр тэр хүүхэд сайн сургуульд сурч, өндөр боловсрол эзэмшихийн тулд мөнгө хэрэгтэй. Яахав жаахан л мөнгө л дөө. Гэхдээ бидний хувьд дэндүү их мөнгө. Охиноо цэцэрлэгт өгсөн чинь сарын 390 мянга. Яанаа, энэ аймаар их мөнгө, хөөе. 390 мянга биш 90 хүрэхгүй мянган төгрөгөөр сар амьдарч байгаа айл зөндөө байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Надад бол яах вэ, 10 мянган төгрөгнөөс дээш мөнгө их мөнгө гэж би боддог болсон. Мөнгөний тухай ойлголтоо жаахан өөрчлөх цаг ирчихсэн юм байна. Амьдрал нүүрэн дээр тулаад ирэхээр боддог юм байна. Манайх “Хэрэглээ шоп”-той, боломжийн мөнгө төгрөгтэй гэж боддог байсан. Өвчин зовлон ирэхээр хуруу хумсаа хугалах шахам байж хураасан мөнгийг ховх сороод л аваад явчихдаг юм байна.
-Анхмаа та хоёр хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-/бодолхийлэв/ Сэтгэлдээ бол өдөр болгон уулзаж байгаа. Тийм удаан хугацаанд хамт байсан, хайрлуулж, хайраар тэжээгдэж байсан. Амжилт олж байсан тэр их хүчээс холдож, салсны дараа мартчихсан, гомдоож байсан бүх юмаа эргэж санадаг юм байна. Өөрийнхөө ямар арчаагүйгээ л мэдэж байгаа юм л даа. Дэндүү үзэсгэлэнтэй, дэндүү ухаантай, дэндүү хөөрхөн охиныг би 8 жил хардаагүй. Гэртээ орж ирэхээр нь утсыг нь авч, листийг нь гүйлгэж, мессэжийг нь уншиж, хойноос нь орилж чарлаагүйдээ би 8 жил хажуудаа байлгасан гэж боддог. Тэрийгээ ч би хэлсэн. Тэгэхэд миний өөдөөс юу гэж хэлсэн гээч /санаа алдав/ Анхмаа … миний хэзээ ч сонсож байгаагүй үгийг хэлсэн. Яагаад гэвэл … энэ бол, мэдэхгүй миний хувьд бодоход 8 жил дороо ч өнгөрчихөж дээ. /санаа алдав/. Тэр үг бид хоёрын дунд үлдсэн нь дээр юм байна. Би тэгж хэлнэ гэж зүүдлээгүй. Би гэхдээ гомдоогүй, зүгээр л гайхсан. Гэхдээ би тэрийг 200 хувь сайхан үг юм байна, 100 хувь гоё үг хэлсэн юм байна гэж бодож байгаа. Тэр үг одоо болтол миний ой тойнд байна.
-Анхмаа яг ямар үг тэгж ой тойнд чинь үлдтэл хэлсэн юм бол оо?
-Мэдээж эхлэл нь хайр гэдэг үг байсан. Яах вэ, эмэгтэй хүнд хайртай гэдэг үгийг хэлж, байнга үнсэж хааяа нэг хамт зугаалж, хааяа шинэ хослол авч өгч, ажил руу нь цэцэг явуулж … Мэдэхгүй, энэ хүн эзэнтэй шүү гэдгийг эргэн тойрных нь хүмүүст сануулж байх ёстой юм байна лээ.
– Урлагийн хүмүүс амьдрал тэр чигээрээ шоу юм шиг харагддаг. Та хоёр хамтдаа хэр шоудаж байв?
-Манай Анхмаа эмэгтэй хүн гэхэд яг миний найз шиг. Намайг архи ууж байхад хажууд хүн шиг яриад суучихдаг. Хамт ууж байснаа би санахгүй байна. Вино ууж байснаа санаж байна. Охиноо төрсөн жил бид хоёр Велла Вистагийн “Суши” лоунжид вино уугаад сууж байснаа хэзээ ч мартахгүй. Тэр өдөр нэг л юм дутуу байсан. Салют. Бид хоёр чинь зөндөө салж нийлсэн. Дандаа төрсөн өдөр дөхөөд ирэхээр нь л салчихдаг.
Хайртай хайртай гээд төмөр орон дээр тэврэлдээд хэвтэлтэй биш…
-Таны гэр бүлийн хүн урлагийн хүн. Тэр хэрээр өртөг зардал ихтэй. Санхүүгийн асуудлыг нь шийдэж чадахгүй саллаа ч гэж зарим нь ярих болж. Ер нь хайр байхад мөнгө хэрэгтэй юу, хэрэггүй юу?
-Манай 10 жилийн охин тэгж байсан юм, Э.Сэлэнгэ гэж, Дэлхийн мисст хэдэн онд ч явж байлаа даа. Хайртай, хайртай гээд төмөр орон дээр тэврэлдээд хэвтээд байх ёсгүй ш дээ гэдэг Сэлэнгээгийн үг надад тухайн үед гоё сонсогдож байсан. Өнөөдөр сайхан машин унаж, хайртай хүмүүсээ жаргалтай байлгахын тулд өнөөх мөнгө, доллар, евро хэрэгтэй. Тийм болохоор хайрыг мөнгөөр үнэлдэг болчихжээ гэж ярьдаг хүмүүст сүүлийн жилүүдэд би жаахан дургүй болж эхэлж байна. Өнөөдөр гэтэл гал халуун хайраараа голомтоо бадраагаад, хайртынхаа хөлийг даруулахгүйн тулд 7 буудалд папришик түлж байгаа залуучууд байна. Би ч гэсэн хайртай хүнээ аз жаргалтай байлгахын тулд мөнгөний төлөө явахаас аргагүй. Гэхдээ урлагийн буян сайхан ш дээ. Цаашдаа ч надад илүү өгөөжөө өгнө гэж би харж байна.
Би муу залуу гэдгээ мэднэ!
-Өөрийн чинь сэтгүүлд тайчсан бүсгүйтэй хамт авахуулсан зураг олны анхаарлыг их татсан. Тэр бүсгүй яагаад Бэкэгийн амьдралд сэдэв болох болов оо, ний нуугүй хариулт өгөөч?
-Энэрэл … За тэрийг яривал эгч нь намайг шүүхэд өгнө гээд байна лээ. Гэр бүлийн хоёр нэг талд байхад аль ч орны шүүхэд ялалт байгуулдаг. Яг өнөөдрийн байдлаар би дэндүү хангалттай доромжууллаа. Би хэзээ ч коммент уншдаггүй. Би эхний гурван комментийг л уншдаг, хандалтыг хардаг. Тэр дунд миний талд нэг коммент байхад би тайвширдаг. Надад хайртай, намайг ойлгодог хүмүүс байдаг юм байна лээ. Намайг хөөрхөн сайхан гэж магтах ч хэрэггүй, би өөрийнхөө хэн гэдгийг мэднэ. Өөрийнхөө муу залуу гэдгийг би мэднэ. Намайг сонирхсон эмэгтэй хүнд би хэлдэг, би аймаар муу залуу шүү гэж. Намайг магтах хэрэггүй, харин миний хэн гэдгийг мэдэхгүй байж муулах юм бол шөрмөс шатаачихна шүү, зүгээр. Коммент бичдэг хүмүүсийг би өрөвддөг, жинхнээсээ. Тэр коммент бичээд байгаа хүмүүстэй би үг солихгүй, зүгээр царайг нь хармаар санагддаг. Гэхдээ мөнх хөх тэнгэрүүд хүчтэй харуулж өгч чаддаг. Ийм хүмүүс шүү дээ, чи хармаар байгаа юм уу гээд. Тийм хүмүүсийг тэнгэрийн хэлээр бол албин гэдэг юм. Дэлхий нийтийн хэллэгээр бол чөтгөр, хүн төрөлхтөн хамгийн хялбархан ярьдаг англи хэлээр бол devil гэдэг. Ер нь сайтууд тэгж хүний эрхэнд халдаж болохгүй.
-Тэр ямар учиртай зураг юм бэ?
-Тэр бол зүгээр алцагнал гэх юм уу даа. Би тэр зургийг яагаад өөрийнхөө инстаграмм дээр тавьсан гэхээр би өөрийнхөө тийм гоё зургийг харж байгаагүй. Александр Тихомиров гэж Оросын зурагчин байдаг. Тэр хүний дарсан зургууд дотор залуучуудын хэлээ гаргачихсан гоё гоё зураг байдаг. Би санамсаргүй энд тэнд хараад ямар гоё зураг вэ гэж бодож байсан. Эцэстээ нэг хүний дарсан зураг болохыг мэдсэн. Тэр бол зүгээр л селфи. Тэр зураг бол Нэнэг /Энэрэл/ таньдаг болсны дараа авахуулсан зураг. Хамгийн анх манай Америкт байдаг Итгэл гэдэг найз уулзах үед бид санамсаргүй танилцсан. Тэр найз маань нэг өдөр над руу ярилаа. Найз нь шартаж үхлээ, амь авраач гээд. Би шар тайлах юм аваад очтол Итгэл нэг найзтайгаа, нэг дэндүү хөөрхөн охин, бас нэг охин гурав байсан. Эхэндээ би Энэрэлийг анзаараагүй. Харин тэр дэндүү хөөрхөн охиныг Итгэлийн найзтай үнсэлцэж байгааг хараад би бараг дурлаж байсан. Гэхдээ би тэр хоёр хүнийг секс хийсэн гэж хэлээгүй шүү. Тэр өдөр Энэрэлтэй танилцсаны дараа, энд тэнд таардаг болсон. Энэрэлийг мэдэх хүмүүс нь дотроо бол тийм, тэнд явдаг гэж бодож байгаа байх. Дараа нь “Rock Sugar”-т миний төрсөн өдөр болоод, тэнд бид хоёр, хоёр талаасаа яриад, хэн нь ч эхэлж ярилаа, санахгүй байна. Тэндхийн коктейль хийдэг Жигмэдийг их хотын залуус бол андахгүй. Тэр найз маань надад үнэтэй виски задаллаа. Угаасаа ч ууж чадахаа больчихсон, нүүр халуу шатаад нойлд орж угаагаад гарч иртэл Энэрэл зогсож байсан. Хоёулаа нэг зургаа даруулах уу гэлээ. Тэр зургийг Энэрэл дарсан. Үнэхээр гоё харагдаад, би шууд инстаграмм дээрээ тавьсан. Ийм л юм болсон.
Гар хангалга хийвэл алган дээр чинь үс ургадаг юм шүү!
-Анхмаа тэр зургийг яаж хүлээж авсан бэ?Үнэхээр тэр зурагнаас болоод салчихсан юмуу?
– Тэр угаасаа л гоё зураг ш дээ. Анхмаа бид хоёр эмзэглэхгүй байхад. Би ариун хайртай учирсан, гэхдээ сална гэж тэр хүнтэй суугаагүй. Салах байсан бол бид хоёр суух хэрэггүй байсан юм. Гэхдээ би энд нэг юмыг анхааруулж хэлье! Анхмаа гэдэг хүн, бас миний охин, бид ариун гэр бүл. Миний охины нэр төр гэж байна. Тэр хөөрхөн охиныг ч гэх шиг. Тэр муу п …-д ер нь ямар хамаатай юм, миний охин. Миний охины нэрийг шүлсээ үсчүүлж хэлэлгүй хуруугаараа бичсэнд нь би тайвшраад байгаа байхгүй юу. Миний өмнө ирээд чи Ундаргыг тэгж доромжиллоо гэвэл би шууд шанаадад авна, нээрээ. Анхмаа та хоёр ер нь энэ тэр гэх юм бол би хүзүүнд нь сэрээ шаана, нээрээ. Өнөөдөр надтай уулзаж байгаа хүн болгон л Анхмаа та хоёр, Анхмаа та хоёр гэх юм. Анхмаа бид хоёрын асуудал ямар хамаатай юм бэ? Ямар ч хамаагүй ш дээ. Өөрийнхөө авгайг хэнтэй сексдэж, яадаг ийдгийг бүгдийг нь мэддэг болчихсон л байна лээ шд. Бид нарын үед нэг тийм үг байсан. Монгол эрчүүдийн тал нь жомбого, тал нь бүр жомбого гэж. Би бүр жомбого хүнийг мэднэ. Би хар багаасаа хүнтэй суучихсан. Тэгж хүүхэндэж, охин чихдээд явах завшаан ховор ч байсан.
Шалтгаан юу юм бэ? Бид хоёрын хувьд бол … мөчлөг. Найман жил хамтдаа байж бие биенийгээ хайрласан хоёр хүн. Бид зүгээр нэг нэгэндээ цаг олгож байгаа гэж дээр хэлснээ дахин давтан хэлье. Бид хоёр найман жил ариун хайраараа амьдарсан. Бид тав дахь жил рүүгээ орж эхлэхэд үерхдэг гэдгийг хүмүүс мэдэж эхэлж байсан юм. Бид хоёр хайраа тийм нандигнаж байсан хэрэг. Би тэр коммент бичдэг хүмүүст хэлээд байна, эцэг эхийн элбэрэл, найз нөхдийн харилцаа, ариун орь ганц зүрхний хайраа ялгаж салгаж чадахгүй байж хүний хүүхэн шаамаар санагдаад оролдлого хийж явдаг хүмүүс өрөвдөлтэй. Гар хангалга хийвэл алган дээр чинь үс ургадаг юм шүү гэж үг байдаг. Энийг хүн болгон л мэднэ ш дээ. Намайг гар хангалга ярилаа гээд тэнэг гэж бодож байгаа хүн байвал өөрөө гар хангалга хийж байгаа эсэхээ бодчихоорой, хөгшөөн.
-Яасан ширүүн байх юм! Ингэхэд Энэрэл сэтгүүл дээр нүцгэлж байсныг өөрөө ч мэдэх байх. Магадгүй тэрэнд нь татагдсан юм биш биз дээ? Сайхан бүсгүйг харахгүй өнгөрдөг эр хүн байхгүй. Тэр зураг таалагдсан ч юмуу?
-Гэхдээ тэр хамгийн тэнэг зураг байсан. Энэрэлийн гарсан дугаар үнэхээр гутамшигтай, миа байсан. Энэрэл бид хоёр нэлээн юм ярьсан, ярьсан. Шүүхээр орвол би Америкаас Итгэл гэдэг найзыгаа авчирья гэж бодож байгаа. Албан ёсоор хэлье, бид хоёр секс хийгээгүй. Бид хоёрыг секс хийж байгааг харсан хүн байвал тэр зураг бичлэгээ гаргаад тавьчихаач. Би нисдэг таваг унаад резинэн хувцас өмсөөд яваад байгаа юмуу? Үгүй ш дээ. Би оцойж овойтлоо баяжчихсан, Улаанбаатар хотоор дээвэр нь онгойдог Rolls Royce унаад яваад байгаа юм уу, үгүй ш дээ. Адилхан л ар гэрээ тэжээх гээд амьдрах гэж яваа залуу хүн. Одоо больчихооч п …, ер нь бол.
Би аль хэдийнэ больчихсон юм болов уу, нэг сенсааци 7 хоноод л больдог гэж бодож байсан. Өчигдөр “Говь” саунд ороход надтай дайралдсан хүн болгон надаас асууж байгаа юм. Надад үнэхээр тээртэй байна. Би сая сүүлд Америкийн ахлах сургуулийн чөлөөт бөхийн аварга, youtube дээр Мянганбаяр гээд бичвэл Монгол алтын Мянганбаяр биш манай тэр найз гарч ирдэг. Тэр найз Анхмаа та хоёр гэхээр нь миний аймаар уур хүрээд. Чи Анхмааг хүсдэг юмуу, чадал чинь байгаад цаадах чинь зөвшөөрвөл чи хүслээ биелүүлж болно ш дээ гэж би уурандаа хэлсэн.
Миний эхнэр надаас өмнө хайрын тухай ойлголттой байсан. Надтай учрахаасаа өмнө гэсэн үг ш дээ. Тэр хүн намайг бодоход дэндүү туршлагатай байсан. Тийм тансаг баян айлын охин биш. Яахав одоо эхнэр гэдэг тодотголдоо орох юм байна. Гэхдээ эхнэр гэдэг нэр надад хэрэггүй, Анхмаа гэдэг нэр л байхад болоо. Анхмаа, эхнэр хоёр яг адилхан үгс. Долоон жил ариун хайраараа амьдарсны шагналаар намайг шагнасан хүн. Яг үнэнээ хэлчих үү? Би тэр хүнд өртэй гэж хэлэхгүй, тэр хүнээс уучлалт гуйхгүй. Зүгээр л миний зүрхэнд байдаг тусдаа хүн. Хүслээ хангадаг, хүсэл шуналыг гүйцээдэг тэр хүмүүсээс тусдаа. Өнөөдөр эхнэртэй эрчүүд эхнэрээ араар нь тавьж үзээгүй гэж хэлбэл … /бодлогошров/.
Миний анхны хайр Эгшиглэн, харин Жульетта нь Заяа байсан
-Хэдий эрт амьдралд хөл тавьсан ч гэсэн бүсгүйчүүдийг харахгүй өнгөрнө гэж байхгүй л байх. Ингэхэд эмэгтэй хүнийг юуг нь их анзаардаг вэ?
-Би оюутан байхдаа нэг бүдүүн охинтой үерхэж байлаа. Тэгэхэд манай “Эмоци”-ийн Тэмка ах гүйж ирээд, “Дөкө та хоёр үерхэж байгаа юм уу?” гэж асууж байсан юм. Тийм гэсэн чинь, Тэмка ах бодолхийлсэн янзтай. Тэмка чинь аймаар “энергичный” хүн байхгүй юу. Тэгээд харсан чинь нээрээ аймаар бүдүүн охинтой үерхэж байсан юм байна лээ. Гэхдээ тэр аймаар хөөрхөн охин. Дэндүү гэнэн, дэндүү цайлган. Эмэгтэй хүний хумс, гутал, ус гурав л гоё байвал, үнэтэй байвал. Өөртөө тохируулаад шуудайгаар өмд хийгээд өмсчихвөл харин гоё ш дээ. Эмэгтэй хүний өсгийтэй гутал зэрлэг л дээ. Ер нь бол онцгой эрхтэй хүмүүс. Яагаад гэвэл хүссэн хүнээсээ өндөр болж чадаж байна.
-Өөрөө ер нь хэр дурламтгай бэ? Анхны хайрынхаа эзнийг энэ дашрамд дурсаач?
-Манай Лхасүрэн багш хэлдэг байсан юм, яагаав нөгөө “Гарын таван хуруу”-гийн Шагдар, та нар олон удаа дурла, дурлаад хая, хүс тэмүүл! Ав гэж бол хэлээгүй, зүгээр л дурла гэдэг байсан. Миний анхны хайр дуучин Эгшиглэн байлаа. Жинхэнэ нэр нь Болортуяа. Манайх Майхан толгойд лагерт гардаг байхад Эгшиглэн бид хоёр байшингийн дунд тоглож өссөн хүүхдүүд л дээ. Мойлон хар нүдтэй, цав цагаан царайтай, дэндүү хөөрхөн охин байсан. Цаг хугацаа явах тусам юмс өөрчлөгддөг гэгчээр одоо өөр болсон л доо. Тэр үед би 5-р анги байсан, харьцангуй хожуу хайр дурлалтай учирсан байгаа биз. Гэтэл одооны тавдугаар ангийн хүүхдүүд бэлгийн харьцаанд орчихсон байгаа шүү. Энэ бол энэ цаг үеийн эмэгнэл, интернэт хэвлэл мэдээллийн гай. Эсрэг хүйстнээ сонирхох гэдэг мэдрэмжийг би Эгшиглэнгээс анх авч байлаа.
-Хайрынхаа төлөө хэр их тэмцэж байв? Ер нь амьдралд чинь хайрын төлөө тэмцэл хэдэн удаа өрнөсөн бэ? Мэдээж тэр их бужигнаантай СУИС-д Анхмааг өөрийн болгох гэж нударга зөрүүлэх тохиолдол байсан байх?
-Би хайрынхаа төлөө тэмцээгүй. Хайр сэтгэл бол цагдаж хорьж бас тийм гэж томьёолох аргагүй төвөгтэй асуудал гэж боддог. Тийм болохоор заяаны хань зам дээр гэдэг үгтэй санал нийлээд, хайр сэтгэлинй тухайд болох юм болдгоороо болог гэж би хаяж ирсэн. Болдгоороо болсон, хүслээр болсон. Дээрээс нь тэр хүнийг өөрийн болгох шунал бас хүчтэй нөлөөлсөн байх. Гэхдээ үнэхээр хайр бол өөр. Дурласны дараа шууд хайр болдоггүй ш дээ. Тэгэхэд бид 2-р курс байсан. Жил бүрийн 3-р сарын 26-нд дэлхийн театрын өдөр болдог, тэр өдөр урлагийн сургуулиудын хооронд “Оскар” гэж нэрлэж болохоор оюутны их наадам болдог юм. Ер нь жүжигчин болох гэж байгаа хүүхдүүдийн хувь заяаг тэр наадмаас харж болдог гэж болно. Жүжигчин болсон эрэгтэй хүн болгон Ромеод, эмэгтэй хүн болгон Жульеттад тоглохыг хүсдэг. Хоёрдугаар курст Анхмаа манай ангид орж ирлээ. Би уг нь анх Заяаг Жульеттадаа тоглуулья гэж бодож байсан. Заяа чинь хөөрхөн л дөө. Цогтоогийн нөхөр, Ундрал эгчийн бэр, “Гайз”-ын клипэнд тоглож байсан охин ш дээ. Тэгээд Заяа биш Анхмаа тоглож, тэр үеэс бидний хайр эхэлсэн дээ.
Намайг салсан гэдэг сургаар олон охид эргүүлж байна
-Гэр бүлийн амьдралаар 8 жил амьдарна гэдэг багагүй хугацаа. Хэдий эхнэртэй ч гэсэн араар тавьдаг тохиолдол олон байдаг гэж өөрөө хэллээ. Харин Бэкигийн хувьд?
-Ний нуугүй хэлэхэд намайг салсан гэдэг сургаар олон биш ч тодорхой тооны охидууд холбогдож байна. Фэйсбүүк гэдэг үгний нийлэмжийг гаргасан чинь sex fuck гэж хоёр үг гарч ирдэг юм байна лээ. Миний хувьд фэйсбүүк fuckbook ш дээ. Би анхнаасаа фэйсбүүкт дургүй байсан. Баба гэж боддог байсан. Одоо хүн болгон тийм гэдгийг нь мэддэг болж, баяртай байна. Илэн далангүй хэлэхэд фэйсбүүкээр холбогдож, дотно харьцаа үүсгэсэн ганц нэг охин байдаг.
Хэний ч мэдээжийн юмыг фэйсбүүк дээрээ тавьж, лайк цуглуулж, тэрний төлөө амьдарч байгаа хүмүүс надад инээдтэй санагддаг. Жишээ нь, өнөөдөр 25 настай залуу ямар хөгжим сонсох, ямар хөгжмөөс кайф авдгаа ялгаж салгадаг байх хэрэгтэй. Хэзээ ч найзаасаа, мань ямар харагдаж байна гэж асуух ёсгүй гэж би боддог. Яагаад гэвэл тэр хүн 25 жил өөрийгөө толинд харсан биз дээ. Яагаад асуух ёстой гэж? Хэн ч хөөрхөн охиныг, чи хөөрхөн гэж хэлэхгүй болохоор тэр хүн аргаа барахдаа янз бүрийн үйлдэл хийдэг байх. Нэг удаа пантан дээр нэг аймаар хөөрхөн охин тааралдаад, тэгэхэд би улаан CRV унадаг байсан юм, би, чи аймаар хөөрхөн охин шүү гэж хэлж байсан. Найз охинтой байсан ч гэсэн үнэхээр хөөрхөн охинд бол шууд хэлдэг. Why not?
-Бэкэ магадгүй боломжтой айлын хүүхэд байсан болохоор урлагт хөл тавихдаа санаа зовоогүй юм болов уу. Энэ мэргэжлээр хоолоо олж идэж чадахгүй бол яанаа гэх анхан шатны айдас байгаагүй бололтой. Ер нь яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ?
-Манай сургууль дээр “Надаар тоглосон хайр” жүжгийн билет ирлээ. Тухайн үед реклам нь гараад, их сэтгэл татагдсан байсан. Тэр билетийг ангиасаа би ганцаараа авсан. Драмын театрт цагаасаа эрт очоод гоё суудалд суугаад, хөшиг нээгдэхээс эхлээд надад бүх юм нь дэндүү гайхалтай санагдсан. Бүүвэй /жүжигчин С.Болд-Эрдэнэ/ ахыг хараад, энэ ах шиг л жүжигчин болно доо гэж бодож байсан. Хүүхэд байхдаа “Гайз”-ын Лхагваа, сүүлд Соёлын яаманд ажиллаж байсан Оргил Махаан хоёрыг бас гоё ах нар гэж хардаг, шүтдэг байлаа. Манай ангийнхан бүгд Санхүү, МУИС-ийн Эдийн засаг гэж хоёр сургуульд хуваагдаж байхад би жүжигчин болно гэхэд гайхах хүн гарч байсангүй. Би багаасаа урлагийн үзлэгт оролцдог, нийгмийн идэвхитэй хүүхэд байсан л даа.
Надад гол дүрд нь тоглосон 7 кино байдаг юм билээ. Сүүлд Пара ахын “Сүүлчийн шөнө” кинонд Билгүүн гэдэг дүр бүтээлээ. Жүжигчин болсны хувьд энэ хүний кинонд тоглосондоо маш их баяртай байгаа. Миний дүр баян айлын хүүгийн дүр. Надад үнэ цэнтэй нөхөрлөдөг, баян айлын хүүхдүүд бий. Тэд бүгд муу хүүхдүүд биш, амьдралын ухаантай, өндөр боловсролтой залуус. Тийм найзуудтай болохоор энэ дүрийг гаргах тийм ч хэцүү байгаагүй. Гурван үеийн хайр дурлалыг харуулсан энэ кино олон хүнд юм юм бодогдуулах байх. Монголын залуус одоо ийм кино үзэх цаг нь болсон.
Бэкэ орж ирэхэд хамгийн түрүүн гутал нь нүдэнд туссан. Гялалзтал тосолсон хар гутал хэдий жийнс, чөлөөт хувцастай байсан ч эрхгүй ялгарсан хэрэг л дээ. Аргагүй, нэгдүгээр ангиасаа офицер аавынхаа гутлыг тосолсных чамбай юм байна гэж бодогдов. Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэдэг. Цалгисан их авьяас, эрчүүдийн ертөнцийн шуурган дунд сөрөн урагшилж буй зориг зүрх, ямар ч өвдөлтийг тэсэн гарах хатуужил, халуун хайр гээд түүний амьдрал дэндүү эрчтэй өрнөж байна. Үнэхээр түүний тодотгосончлон түр хүлээлт, бие биедээ олгосон цаг хугацааны эцэст Монголын нэгэн сайхан залуу гэр бүл бүтэн үлдэхийн ерөөл тавья. Тэр үед эдний гэр бүлд зочлон залуу уран бүтээлчдийн цоо шинэ уран бүтээлийн талаар, залуу гэр бүлүүд хэрхэн гэр бүлээ хадгалж, хамгаалж үлдэх талаар нандин яриа өрнүүлэх биз ээ. Тэд бол New Generation, Монголын урлагийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эрхэм үүрэгтэй залуусын төлөөлөл билээ. Хайр гэдэг үгийг бүгд мэддэг ч зугтах болсон, хайрынхаа төлөө тэмцэх, хадгалахаас аль болох зайлсхийх болсон нийгэмд тэд ёстой л монгол Ромео Жульетта юм даа гэсэн сэтгэгдэл төрөв. Сайхан хайр байдаг олдвол алдаж болохгүй гэсэн үгээр энэхүү ярилцлагаа төгсгөе. Амжилт хүсье! Төмөрбаатарын Билэгжаргал …
Ярилцсан У.Цахирмаа
Гранд сэтгүүл;№52
Эх сурвалж: www.grandnews.mn