Өнөөдөр Монгол Улсад телевизийн урлаг үүссэний 45 жилийн ой тохиож байна. Цэнхэр дэлгэцээр айл болгоны хойморт урилгагүй зочилдог нэвтрүүлэгч, тэдний ард бүхнийг төлөвлөж цаг, наргүй хөдөлмөрлөдөг инженер техникийн ажилтнууд болон олон сайхан нэвтрүүлэг бэлтгэдэг редакторууд.
Тэд өнөөдөр баярлаж бас ажиллаж байгаа. Ойн баярыг нь тохиолдуулан МҮОНТ-ийн тавдугаар нэгдэлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодолтой ярилцлаа. Тэрбээр биднийг очиход өнөөдөр Соёлын төв өргөөнд болох телевизийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулалтын ажлаар ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболдтой ярилцаж байв.
-Баярын мэнд хүргэе. Телевизийн уран бүтээлч болсон тухай дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлэх үү?
-Тэр ч их урт түүх болно доо.
-Яахав сонин шүү дээ. Хүн бүр мэдэхгүй байх.
-Би дунд сургуулийн IV ангид байхаасаа л нэвтрүүлэгчийн ажлыг сонирсон. Тухайн үед хөдөө суманд зурагт байхгүй, “Эх орон 52”, ВЭФ гэж радио сонсдог байлаа. Аав минь радио их сайн засдаг байж. Миний ээж эрт бурхан болсон болохоор би аавтайгаа амьдардаг байсан юм. Орой бүр “Үлгэрийн цаг” нэвтрүүлэг сонссоор байгаад нэвтрүүлэгч нарынх нь хэлдэг үгийг цээжилсэн. Тэр ч бүү хэл тэднийг дуу хоолойгоор нь ялгана. Батмөнхийн Чулуунбат, Гончигжавын Чулуунбат, Доржсүрэн гуай уншиж байна гээд л эчнээ сайн танина аа. Бас “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг ангийнхандаа ярьж өгнө. “Өнөөдөр ангараг гариг, билгийн тоолын 15…” гээд текстийг нь дэвтэр дээрээ биччихээд өдөр, өдөрт он сарыг нь сольж бичээд уншина. Багш намайг дэмжиж “Ангийнхандаа өглөөний мэдээгээ хэлж өгөөрэй” гэнэ.
06.00 цагт босож радиогоо нээж, мэдээгээ тэмдэглэн авна шүү дээ. Ер нь л шүлэг, яруу найрагт дуртай, урлагийн талдаа бол манлайлагч хүүхэд байсан. Багт наадам зохион байгуулж, найруулна. Сургуулийнхаа хэмжээнд “Жангар” жүжгийг найруулж, хуучин машины радиаторын ялтсан төмрөөр хувцас хийж өмсөөд Жангарт нь өөрөө тоглож байсан. Гэхдээ нэвтрүүлэгч гэдэг мэргэжлийг эзэмших нь миний хувьд асар хол байсан.
-Яагаад?
-Төсөөлөмгүй л байсан юм. Би Аймгийн Соёлын ордны жүжигчин болчих юмсан л гэж боддог байсан. Суманд аймгийн театрынхан ирж, таван удаа тоглоход бүгдийг нь үзэж, бас хувцас хунарыг нь зөөж, тамхинд гүйдэг байлаа. Тэднийг буцаад явчихаар нь нэг хэсэгтээ эвгүй санагдаж, сэтгэл эзгүйрнэ. Хэзээ нэгэн цагт аймгийн театрын жүжигчин болчихоод сумандаа ингэж ирэхсэн гэж бодно. Гэтэл аз таарч 1984 онд аймгийн төвд Кино драмын сургуулийнхан шалгалт авч байгаа тухай сонслоо. Хүнээс хөвөнтэй тэрлэг гуйж өмсөөд, нөгөө ангийн хоёр охины хамт түлээ ачсан машин дээр суугаад аймгийн төв рүү гарлаа. Дөрөвдүгээр сард шүү дээ.
-Та Хөвсгөлийн аль сумынх билээ. Аймгийн төвөөсөө хол уу?
-Галт сумынх. Аймгийн төвөөс 160 км зайтай. Замдаа жолооч маань жаахан балгаад, зэргэлдээ суманд саатаад болдоггүй. Өмнөх өдөр нь шалгаруулалт эхэлчихсэн учраас бид гурав давчдаад жолооч ахад хамаг учраа хэлсэн. Ах ч “за” гэсэн хэрнээ яардаггүй. Арай гэж үүр хаяарч байхад аймгийн төвийн бараа хартал машин нь эвдрээд таг зогсчихсон. Бууж алхсаар хүргэнийдээ очиж толгойгоо угааж, хувцсаа солиод Аймгийн Соёлын төвд очлоо. Наадам болж байгаа юм шиг түмэн хүн цуглачихаж. Тэнд ч хоёр хүн хэрэлдээд л, энд ч нэг залуу магнитафон чихэндээ наачихсан бүжиглээд л. Бодвол шалгалтад бэлтгэж байгаа бололтой. Хөндлөнгөөс харсан хүнд бол галзуурсан шиг санагдана. Биднээс урлаг судлалын доктор Ринченсамбуу, гавьяат жүжигчин Г.Равдан хоёр шалгалт авсан. Хоцорч ирж, явдал учраа тайлбарлаж шалгуулж явсаар манай аймгаас ганц хүн авсан нь би болсон юм.
-Кино драмын ангид ямар ямар жүжигчинтэй хамт сурч байсан бэ?
-Гавьяат жүжигчин Одончимэг, Энхтуул, “ТВ караоке”- гийн Алтангэрэл бид нэг ангийнхан. Манай ангид авьяастай олон хүүхэд байсан. Бидэнд тайзны ярианы хичээлийг ардын жүжигчин П.Цэрэндагва багш заадаг байсан. Багш намайг “Нэвтрүүлэгчээр шалгуулж үз, чи чадна” гэдэг юм байна. Багын хүслээ сэтгэлдээ тээсээр явсан учраас жаахан жийрхэж байсан ч, дуртай байлаа. Тухайн үед Төв шууданд радиогийнхон байсан юм. Драмын театрын найруулагч Баатар ерөнхий найруулагч хийдэг байлаа. Очиж шалгууллаа. Сүхбаатар, Баянхонгор аймгийн тухай нэг нэг мэдээ уншлаа. “Ай болохгүй, болохгүй. Болохооргүй хүүхэд байна. Жүжигчнээр л явбал юу юм гэхээс биш. Нэвтрүүлэгч чинь шал өөр ажил” гэдэг юм байна. Урам жаахан мохсон ч багш намайг чадна гэж зоригжуулан нэвтрүүлэгчидтэй ойр дотно байж, бэлтгэгэсэн юм. Таагүй хариу сонсчихоод байж байтал Монгол телевизэд нэвтрүүлэгч шалгаруулж авах зар явдаг юм байна. 1989 оны тавдугаар сард 400 гаруй хүн шалгаруулалтад орж, сар гаруй шалгуулаад би тэнцэж, сургуулиа төгсөөд л энд ажилласан.
-Нэвтрүүлэгчийн замд хөтөлсөн хүн нь ардын жүжигчин П.Цэрэндагва байсан юм байна, тийм үү?
-Миний багш надад их урам өгч, дэмжсэн. Гэхдээ яг энэ мэргэжлийн амтанд оруулсан хүн нь Батбаяр гавьяат. Батбаяр ах Москвагийн радиод гурван жил ажиллах болоод орныхоо хүнийг үлдээнэ гэж намайг бэлтгэсэн юм. Эфирт гарахын тулд таван сар радиод ажиллаж, цаг агаарын мэдээ уншсан. Радиод “Алтан хоолойт” Гунгаагийн шавь болсон. Багш минь намайг радиод ажиллуулах хүсэлтэй байсан ч, яалт ч үгүй Батбаяр гуайг явахаар телевизэд нэг хүн хэрэгтэй болсон. Би 1989 оны арванхоёрдугаар сарын 28-нд Монгол телевизийн эфирээр хөтөлбөр зарлаж хамгийн анх гарч байлаа. Тэр өдөр алдарт нэвтрүүлэгч Доржбат мэдээ уншсан юм. Энэ хүн бас л миний багш.
-Одоо бол та Бямбаа эгчтэй хоршдог байх аа?
-Бямбаа эгч унших, хөтлөх талын минь багш. Уран чадвар, техник талаас нь Батбаяр ах заасан. Харин Батмөнхийн Чулуунбат гэж хүнийг би сонсох дуртай байсан. Аав, хүү, багш шавь дотно явлаа, энэ хүнтэй.
-Таны хувьд мэдээ унших, тоглолт хөтлөхийн аль нь ойр санагддаг вэ?
-Тайзны хөтлөлт илүү ойр байдаг юм. Урлагийн сургуульд номыг нь сонссон болохоор тайзтай ойр байхыг хүсдэг.
-Бас урлагийн тоглолт хөтлөхдөө алдартай хүмүүсийн нэр овог, гавьяа шагналыг нь тодорхой хэлдэг.
-Урлагийн талдаа бол бөхийн тайлбарлагч шиг л болдог юм. Бас сайд, дарга нарын овог, нэр, албан тушаалыг яалт ч үгүй мэдэж байх ёстой л доо.
-Та нэвтрүүлэгч болох мөрөөдлийг хол байсан гэж ярьсан. Одоо бол мөрөөдлөө биелүүлчихэж. Ер нь мөрөөдөл хэр хол байдаг юм бэ?
-Хол биш ээ, хүн бүрийн мөрөөдөл өөрт нь л байдаг юм. Мөрөөдлөө зорилго болгоод, зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөвөл хүрэх л болно.
-Та одоо юу мөрөөдөж байна вэ?
-Мөрөөдөлгүй бол хүн амьдрахгүй. Одоо би хэдэн сайхан шавьтай болохыг хүсэж байна. Би шавьгүй хүн. Тооноосоо илүү чанартай жинхэнэ мэргэжлийн нэвтрүүлэгч бэлдмээр байна.
-Нэвтрүүлэгч хүн сайхан хоолойтой, сайн ярьдаг байхаас гадна царайлаг байх хэрэгтэй байх аа?
-Сайхан царайтай байхаас илүү зөв төрхтэй байх ёстой. Дуу хоолой бол хоёрдугаарт орно. Хүнд сэтгэл мэдрэмж байгаад ярьж байгаагаа бусдын нүдэнд харагдаж, сэтгэлд буутал дүрсэлж чадвал жаахан муруй хамартай байсан ч яадаг юм. Авьяасаараа түүнийг далдалж болно шүү дээ.
-Одоо таныг танихгүй, мэдэхгүй хүн Монголд байхгүй байх. Нэвтрүүлэгч болчихоод зурагтаар гарсныхаа дараа олны дунд явахдаа ямар байдалтай байсан бэ. Мэдээж хувийн унаагүй болохоор нийтийн тээврээр зорчдог байсан байх.
-20 гаруй жил телевизийн эфирээр гарсан болохоор хүмүүс танина аа. Гэхдээ зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даах нуруутай яваарай гэж багш минь хэлдэг байсан. Нэр хүндтэй байна гэж онгирч, омтгойрч болохгүй л дээ. Би оюутан байхдаа Гүрбазар гуайн хийдэг байсан “Намрын инээмсэглэл” орж, намрын ажлын үеэр яриа өгч байсан юм. Өөрийнхөө дууг сонсож, зурагтаар хараад их ичиж билээ. Дараа нь Лхагвасүрэн генералын тухай “Сэтгэлд шингэсэн он жилүүд” баримтат уран сайхны киноны залуу жанжин Лхагвасүрэнгийн дүрд тоглосон юм. Кино гарсны маргааш автобусанд суулаа. Тухайн үед таван буудалд ахындаа байсан юм. “Өчигдөр нэвтрүүлэг гарчихсан, одоо ч намайг хүн болгон таньж байгаа даа гээд л биеэ барих маягтай, тэгсэн мөртлөө хөөрөх янзтай. Сонин мэдрэмж төрж байсан. Хүн болгон наймаг хараад ч байгаа юм шиг. (инээв)
-Ажилдаа ирэхэд юу нь хамгийн дотно санагддаг вэ?
-Циркийн жүжигчид “Үнэр нь өөр шүү” гэж ярьдаг даа. Би телевизийн хуучин байранд шалгалт өгч, ахмад нэвтрүүлэгчдээрээ заалгаж байсан болоод ч тэр үү, үнэр нь сайхан санагддаг байсан. Одоо техник хөгжөөд тэр үнэр байхгүй болж дээ. Хальсны үнэр ханхийдэг байсан юм. Тэр үнэр дотно сайхан хэдий ч “Би энд байх хэмжээний хүн мөн үү” гэж өөрийгөө голох мэдрэмж төрүүлнэ.
-Та сүүлийн үед мэдээ уншихаа больжээ?
-Эрүүл мэндийн шалтгаанаар мэдээ уншихаа болиод гурван жил болж байна.
-Хоолой юу?
-Үгүй ээ, нүдний даралттай холбоотой. Хурц гэрэлд суудаг болохоор манайхны нүд мууддаг. Зарим нь нүднийхээ болрыг солиулсан. Би энэ гэрэлд хамгийн олон жил тасралтгүй суусан байх. Манайхан хэдэн жил ажиллаж байгаад Москва явдаг эсвэл радиод ажиллана. Харин би галаа манаж ажилласан.
-Ярилцлагынхаа төгсгөлд хамт олондоо зориулж мэндчилгээ дэвшүүлэх үү?
-Телевизийн 45 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа Монголынхоо бүх телевизийн уран бүтээлчид, инженер теникийн ажилтнууд, тэднийхээ гэр бүлийнхэнд уран бүтээлийн амжилт, эрүүл энх, сэтгэлийн дээдw амар амгаланг хүсье. Бас бидэнтэй үргэлж хамт байдаг үзэгчдэдээ баярлалаа. Манай сувгийг тохируулан үзэж, санал шүүмжээ харамгүй илгээж байгаарай.
Ж.СОЛОНГО /MONGOLNEWS.MN/