Олимпийн наадам, Лондонгийн өрсөлдөөн түүх болон үлдлээ. Гэхдээ сэтгүүлчдийн хараанд төдийлөн өртөөгүй албан бус, сонирхолтой баримтуудыг “24 цаг” түүвэрлэн хүргэж байна.
1. Дотоодын нийт бүтээгдхүүн ба медалийн тоог харьцуулсан үзүүлэлтээр Карибын тэнгист оршдог Гренада тэргүүлж, Ямайка, БНАСАУ, Монгол, Гүрж удаалж байна.
2. Энэ олимпийн хамгийн сайхан бүсгүйгээр интернэт хэрэглэгчид Парагвайн зээрэнцэг шидэгч Лерин Франко (зураг дээр) тодорчээ. Хатагтай Франко мэргжлийн загвар өмсөгч төдийгүй улсынхаа сайхан бүсгүйн тэмцээнд оролцож байжээ.
3. Хамгийн урт нэртэй тамирчнаар Саид Мохаммадпуркаркарах шалгарсан байна.
4. Италийн завьчин эмэгтэй Жозефа Идемийн 8 дахь олимп нь Лондон болжээ.
5. Харин эрчүүдээс морин уралдааны төрөлд оролцсон Японы унаач Хироши Хокэцү хамгийн ахмад нь. Аль 1964 оны Токиогийн олимпод оролцож байсан энэ өвөө 71 настай.
6. Меаль хүртсэн Английн тамирчдын 37 хувь нь шагналын тавцан дээр нулимс унаган усан нүдлэв.
7. Хятадын медальтнуудын ердөө 7 хувь нь л шагналын тавцан дээр аньсагаа чийгтүүлсэн байна.
8. Медальтнуудын 16 хувь нь медалаа хазаж, үнсэж, 44 хувь нь төрийн дууллаа дагаж дуулсан байна.
9. Спортын хэрэглэлийн хувьд Лондонд 510 гүйлтийн саад, 541 аврах хантааз, 600 ширхэг сагсны бөмбөг, 6 мянган ширхэг байт харвааны бай, 356 хос боксын бээлий хэрэглэжээ.
10. Олимпийн наадмын зохион байгуулалтад 200 мянган хүн, түүний дотор 70 мянган сайн дурынхан ажиллажээ.
11. Олимпод 200 гаруй орны 10 мянга 490 хүн оролцжээ.
12. Хамгийн царайлаг эрэгтэй тамирчнаар олимпийн 5 удаагийн аварга, америкийн усанд сэлэгч Райан Лохте тодров.
13. Ямайкийн алдарт гүйгч Усэйн Болт 100 метрт 41 харайлтаар уралджээ. Мөнгөн медаль хүртсэн Йохан Блэйк түүнээс 5 илүү алхам хийжээ.
14. Олимпийн тосгонд 2,7 сая гадил идсэн байна.
15. Дасгалжуулагч, тамирчдын “сүүжийг амраах” гэж 16 мянган ор, 22 мянган дэр, 28 мянган хучлаг олимпийн тосгонд тавьсан байдаг.
16. Тамирчдын ор дэрний хэрэглэл бүгд олимпийн наадмын билэг тэмдэгтэй байв.
17. Нэг тамирчинд дунджаар 15 ширхэгээр тооцон бэлгэвч бэлтгэж тавьсан байв.
18. Чөлөөт борлуулалтад 8,85 сая билет гаргажээ. Харьцуулахад “Афин 2004”-д 3,4 сая билет заржээ.
19. Хоёр долоо хоног гаруйн хугацаанд Лондонгийн олимпийн цэнгэлдэхүүдэд 7,4 сая хүн очжээ.
20. Наймдугаар сарын 7-ны мягмар гарагт Лондонгийн метрогоор хамгийн олон хүн зорчсон нь 7,45 саяд хүрсэн юм.
21. Үндэснийхээ шигшээ багийн тоглолтыг хамгийн олуулаа үзсэн орноор Исланд шалгарчээ. Эрэгтэй гар бөмбөгийн хагас шигшээд унгарчуудтай үзэж тарсан тоглолтыг Исландын хүн амын 85 хувь нь буюу 320 мянгуулаа шууд үзжээ.
22. Нээлтийн ажиллагааг 27 сая англи хүн телевизээр үзсэн нь ханхүү Уильям, Кейт Миддлтон хоёрын хуримаас 1 сая хүнээр давсан тоо.
23. Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд 25 хос сүй тавьжээ. Харин энэ хүрээлэнг барьж байхдаа барилгачид 4 ширхэг хүний араг яс олж байсан юм.
24. Ханхүү Уильямын гэргий Кэтрин гүнжийг ирж үзэхэд Их Британий тамирчид илүү олон медаль хожиж байв. Түүнийг цэнгэлдэхэд саатсан үеэр англичууд 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авчээ.
24tsag.mn