Харин эсрэг талд нь У.Мөнхдэлгэрийн зохиосон “Маргааш орой эрүүл ирээрэй, аав аа” хэмээх шүлгийг байршуулсан байв. Шүлгийг харж, эмчлүүлэгчидтэй зөрсөөр хаалга нь нээлттэй өрөө рүү орж зорьсон хүнтэйгээ уулзлаа.
Наркологийн тасагт нэг удаа 30 хүртэлх хүнийг 14 хоногоор эмчилдэг. Гэвч архинаас бүр мөсөн ангижирахын тулд эмчилгээний дараа энэ тасагтаа ойр ойрхон ирж, эмчтэйгээ уулзаж байх ёстой. Харамсалтай нь, эмнэлгээс гарчихаад эргээд ирдэг хүн цөөхөн байдаг гэнэ. Тийм учраас дахиад л архинд орчихоод ирэх нь элбэг тохиолдоно. Тэд эргэж ирдэггүйн нэг шалтгаан нь Шар хадны “Галзуугийн” эмнэлэг гэх нэрнээс жийрхдэг ч гэж тайлбарлаж байна. “Галзуугийн” эмнэлгээр ойр ойрхон эргэлдэхийг тэд хүсдэггүй аж. Мөн хотын зүүн захад, их хол байдаг учраас тийшээ очих гэхэд төдий л зав гардаггүй болов уу гэж Б.Энхчимэг эмч хэлсэн юм.
Нийслэлийн наркологийн эмнэлэгт хүмүүс эрүүл мэндийн даатгалын дэвтрээр хөнгөлөлт эдэлдэг бол энд төлбөр төлж үйлчилгээ авдаг. Улсын эмнэлэг байж төлбөр авч буй шалтгааныг тэрээр тайлбарлахдаа “Архинд орж өөрөө биеэ өвчлүүлчихээд эмчилгээгээ үнэгүй хийлгэх нь утгагүй хэрэг” гэлээ. Үнэхээр ч эмчилгээ үнэгүй байсан бол архи ууж согтчихоод, хордлогоо тайлуулах гэж ирдэг газар болж болзошгүй ажээ.
Хүний ухамсраас сургалтын үр дүн хамаарна
Тасгийн эмч нар эмчилгээндээ бүлгийн сургалт, ганцаарчилсан ярилцлага, онолын хичээл түлхүү ашигладаг. Архидалт бол өвчин гэж тодорхойлоод үүнийг нотлох үе шатууд, шинж тэмдгийг зааж өгчээ. Эмчлүүлэгч эдгээр шалгуураар өөрийгөө дүгнэж үзээд урьд нь “Би архичин биш” гэж үгүйсгэж байсан бол тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч, ойлгох боломж олгодог. Энэ ойлголтыг өгсний дараа хүн биеэ хянах, архины хор хөнөөл, сөрөг нөлөөллийг тайлбарлан архины тухай ойлголтыг лавшруулдаг аж. 14 хоногийн сургалтаар хүмүүс архины эсрэг ойлголттой болж, дахиж архи уухгүй болоод гардаг. Гэхдээ үүнийгээ хэр удаан барьж, тэвчих нь хувь хүний ухамсар, үнэнч байдал, гэр бүлийн уур амьсгалаас шалтгаалдаг гэнэ. Тийм ч учраас дахиад эмчилгээнд ирдэг хүн бий. Архидалт бухимдал, стресс, гэр бүлийн хандлага харилцаанаас шалтгаалдаг учраас стрессээ тайлах арга зааж, ар гэрийнхэнтэй нь уулзаж, сургалт явуулдаг аж. Б.Энхчимэг эмч “Заримдаа ар гэрийнхэн нь архичин нэгийгээ л эмчлүүлчихвэл асуудал арилчихна гэж боддог боловч өөрсдөд нь ч бас шалтгаан байдаг гэдгийг ойлгодоггүй” гэлээ.
Наркологийн тасгийн эмчилгээ хэдэн жилийн өмнө нэг сарын хугацаатай байжээ. Энэ хугацаанд маш сайн үр дүнд хүрч чаддаг байсан гэнэ. Харин одоо хүмүүс төлбөртэй учраас боломжоороо эмчлүүлээд гардаг ч доод тал нь 14 хоног тэнд байдаг. Эмчилгээний хугацаа урт байх тусмаа үр дүн нь сайжирдаг гэнэ. Учир нь, зарим хүний хувьд эмчилгээ ямар ч үр дүнгүй мөнгө, цаг үрсэн хэрэг болчихдог аж. Эмчлүүлэхээр ирэгсдийн дийлэнх нь өөрийн хүсэл, санаачилгаар архинаас гарах гэж ирдэг байна. Үлдсэн хэсэг нь ар гэрийнхэндээ тэсвэрлэшгүй байдал үүсгэн согтуурхдаг тул албан шахалтаар ирдэг. Тэдний дунд олон хоног дараалж архи уусан хүнийг эрүүлжүүлэх, архины хордлого тайлах эмчилгээ хийхэд 4-5 хоног зарцуулагддаг. Эс тэгвэл хордлогонд орчихсон хүнтэй ярилцлага сургалт хийгээд ч нэмэргүй. Үлдсэн 5-10 хоногтоо эмчилгээ, сувилгаа, сургалтаа хийсэн ч үр дүн мөн л тааруухан гардаг. Ийм учраас эмчилгээний хоног нэмэгдвэл үр дүн гарах нь илүү байдаг ажээ.
“Харамсалтай нь бидний ажил оройтсон арга хэмжээ”
Тасгийн эрхлэгч эмч Б.Энхчимэг өөрийнхөө ажлыг ингэж тодорхойллоо. Гэхдээ үгүйсгээгүй юм. Архинаас гаргахын хажуугаар хүүхэд, залуусыг архинаас урьдчилан сэргийлэх ажил тогтмол хийх хэрэгтэйг тэрээр хэллээ. Наркологийн төвийн мэргэжилтнүүд ЕБС-ийн эрүүл мэндийн хичээл заадаг багш нарт архины асуудлаар гурван өдрийн сургалт семинар зохион байгуулжээ. Энэ сургалтын төгсгөлд эрүүл мэндийн багш нар “Архины тухай гурван өдөр юу ярих юм бол гэж их гайхаж байсан ч үнэндээ маш олон асуудал байдгийг ойлголоо” гэж хэлсэн гэнэ. Дунд сургуульд эрүүл мэндийн хичээлийг биологи, биеийн тамирын багш хавсарч заадаг учраас ихээхэн орхигддог. Багш нар ч мэдлэггүй байдаг нь эндээс харагдлаа. Хэрэв дунд сургуулийн сурагчдад эрүүл мэнд, хүний бие физологийн талаас архи зохихгүй гэдгийг ойлгуулчихвал залуусын архидалт буурна гэж Б.Энхчимэг эмч үзэж байна.
Наркологийн төвд ихэнхдээ 33-50 насныхан эмчлүүлдэг. Тэдэнд сургалтын үеэр монголчуудад архи зохидоггүй шалтгааныг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлана. Учир нь европчууд, гадаадынхан архийг маш их хэрэглээд зүв зүгээр ажлаа алдахгүй явдаг шүү дээ гэх утгатай барьцах хандлага хүмүүсийн дунд нийтлэг. Тэгвэл орос хүний биед архины хорыг задалж, шингээх эсүүд үүссэн байдаг гэнэ. Харин бид Ази хүн, монголчууд учраас тийм зүйл биед маань үгүй. Нөгөө талаас архи байнга хэрэглэвэл тархины эд эсийг үхүүлж, адаг сүүлд нь үргэлж нэхдэг зуршил тархинд бий болдог аж. Үүний улмаас архигүйгээр хэвийн байж чадахгүй, байнга уудаг болж донтолт гэж нэрлэдэг. Архины хэрэглээгээ хэр байгааг шалгахын тулд дараахь асуултад хариулахад болно.
-Та зугаа цэнгүүний үед хөгжилтэй байхын тулд архи уудаг уу?
-Та архи уусан үедээ төлөвлөсөн ажил, хийх зүйлээ орхиж, хойшлуулж байсан уу?
-Та архи уугаад эхэлбэл одоо больё гээд зогсоож чаддаг уу?
-Та архи ууж, хэрэглэж байгаагаа эрэгцүүлэн бодож, анхаарал тавьдаг уу?
-Та архи уухгүй долоо хоног болоход ямар нэг хүндрэл гардаг уу?
Хэрэв дээрх асуултын дийлэнхэд нь тийм гэж хариулсан бол эмчид хандах шаардлагатай гэсэн үг юм.
Хүмүүс нэг нь нөгөөгийнхөө нөлөөнд сайн эмчлүүлдэг
Ар гэрийнхэн нь архи уудаг нэг хүнийхээ согтуурхал, агсамналыг тэсвэрлэхгүй болоод эмнэлэгт авчирдаг. Тэгвэл энэ хүмүүст архины эсрэг эмчилгээ, сургалт төдий л үр дүнгүй байдаг мэт санагдаж болох юм. Гэтэл хүн хүнээс хамаарч эмчилгээний үр дүн өөр өөр байдаг гэнэ. Заримдаа ярианы дунд ганц, хоёр үгээс бүхнийг ойлгоод архи уухаас татгалзаж чаддаг хүн бий. Өөрийнх нь архинд орсон түүхийг бичүүлэхээр тэр дундаас өөрийгөө ойлгодог нь ч бий. Бас архинаас гарах чин хүсэлтэй, хичээж байгаа хүнийг хараад урам, зориг ордог нь ч бий. Тийм болохоор албадлагаар ирсэн хүн байлаа ч асуудал бага гардаг юм байна.Наркологийн тасаг нэг сэтгэл зүйч, гурван эмчтэй. Нэг ээлжинд 30 хүн хүлээн авдаг улсын хэмжээний эмнэлэг. Тэгвэл энэ тоо хэтэрхий бага санагдаж болох ч одоо байгаа хүн хүч, эмчдээ таардаг гэдгийг Б.Энхчимэг хэлсэн юм. Учир нь архины асуудалтай нэг хүнд эхний удаагийн зөвлөгөө өгөхөд доод тал нь 1.5 цаг ярилцах ёстой. Тийм учраас өдөрт 3-4 хүнтэй тусгайлан ярилцлага хийгээд өдөр өнгөрчихдөг гэнэ. Иймээс эмч нарынхаа боломжид таарсан эмнэлэг гэж ойлгож болох нь.
Эмнэлгээс гарч байгаа хүмүүст эмч нар нэг л зүйлийг хэлдэг. Эргэж ирэх нь ховор учраас дараахь үгийг архинд дахиж орохгүй дархлаа болгохыг хичээдэг аж. “Архины асуудал бол тархинд чинь байгаа бүрэн унтраагүй, цогтойгоо үлдсэн нурам шүү. Хэрэв энэ нурманд архи нэмбэл улам асна гэхээс буурахгүй” гэдэг үгийг тэд хэлдэг. Үүнийг ойлгож, ухамсарлаад гардаг нь байхад зарим нь өөрийгөө архичин гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэв. Б.Энхчимэг эмчийн ажлын үр шимийг мэдэрч яваа нэгэн өвчтөнтэй ярилцлаа. Тэрээр зураг авахуулахаас татгалзаж, нэрээ бичүүлэхийг хүсээгүй учир Б.Б гэж товчиллоо.
Б.Б: Надад ач хүүгээ өсгөж хүмүүжүүлэх чухал, том ажил бий
Харааны шил, халзан толгойтой энэ хүн 50 настай. Амьдралынхаа 30 гаруй жилийг архитай хамт өнгөрөөж ирсэн нь ажлын шугамаар байнга гадаадын хүмүүстэй холбоотой байснаас шалтгаалжээ. Гэсэн ч ээжийнхээ зөвлөснөөр энд ирээд одоо эмчилгээ нь амжилттай үргэлжилж бараг дуусч байгаа.
-Сайн байна уу, та архинаас гарахаар энэ газрыг зориод иржээ. Яагаад архины асуудалтай болчихов оо. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Би хойд хөршид дунд сургуулийн сурагч байхдаа найзуудтайгаа хэдэн копек нийлүүлээд шар айраг авдаг байлаа. 10 дугаар ангиа төгсөх гээд Монголдоо иртэл хүүхдүүд архи ууж байсан. Удалгүй нэг эмнэлэгт хэвтэж байхдаа орос хүнтэй танилцахдаа өөрийгөө оюутан гээд хэлчихлээ. Гэтэл тэр орос намайг гэртээ урьж, анх удаа архи амсуулж байсан.
Би мэргэжилгүй хэдий ч ажилд сайн, социализмын үеийн төслүүдэд байнга ажилладаг байсан юм. Тэгээд ардчилал гарч хуучны төслүүд бүгд зогссон ч ганц хоёр шинэ төсөлд үргэлжлүүлэн ажиллаж ирсэн. Энэ хооронд дандаа л оросуудтай эсвэл европынхонтой хамтран ажилладаг байлаа л даа. Архигүй л бол ажил хэрэг урагшилдаггүй гэсэн ойлголт намайг залуу байхад тогтчихсон юм. Яагаад гэхээр би Дөрөвдүгээр цахилгаан станцын барилгад анх ажиллаж байхад орос дарга, цэрэг бүгдээрээ самагон нэрж, өдөр бүр архи уудаг байсан. Тийм л орчинд анх ажиллаж эхэлсэн учраас ажлыг архитай хамт хийдэг гэж бодсон хэрэг. Нөгөө талаас орос, европууд хэчнээн их архи уусан ч ажлаа хийгээд л байдаг учраас би ч өөрийгөө тийм гэж бодсон. Гэтэл үгүй байжээ гэдгийг энд ирээд ойлголоо.
-Та энд ирэх шийдвэрийг яаж гаргасан бэ? Архи таныг хорлож байгааг мэддэг байсан уу?
-Би ер нь эмчид үзүүлж явахдаа бодож л байсан. Би архи ууснаас болж маш их мартамхай болсон, дотор эрхтнүүд их өвчилсөн байна гэсэн онош авсан. Сүүлийн 10 жилд би болж өгвөл архи уух хүсэлтэй болчихсон. Мөнгө байвал ямар архины үнэ хүрэх вэ, цаана нь даруулганы хэдэн төгрөг хүрэх билүү гэж боддог болчихож. Тэгээд нэг өдөр ээж маань энд ирж хэвтээч гэхээр нь Шар хадны эмнэлэгт очихгүй гэж хэлсэн л дээ. Гэтэл том дарга нар хүртэл нууцаар чимээгүйхэн очиж хэвтээд гардаг гэнэ, эмчилгээ сайтай сайхан газар гэж ятгасан юм. Тэгээд ирлээ. Үнэхээр ээжийн маань хэлсэн шиг сайхан юм. Надад одоо архи бодогдохоо больсон, архины хүсэл, донгоос 80-90 орчим хувьтай гарчихлаа гэж өөрийгөө дүгнэж байна.
-Энд архинаас гарсан хүнд өөртөө зорилго тавих тухай заадаг гэсэн. Та архийг мэдээж хаяж чадна. Хийхээр төлөвлөсөн зүйл олон бий байх?
-Ах нь нэг хүүтэй. Хүү маань тусдаа гарч эхнэр бид хоёр гэртээ байдаг л даа. Нэг нь зурагт харж, нөгөө нь цонхоор харж өдрийг дэмий өнгөрүүлж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг чухал ажил байна. Хүү маань нэг хүүтэй. Одоо миний өмнө ач хүүгээ сайн хүн болгож төлөвшүүлж, хүмүүжүүлэх маш том ажил бий. Тэр нялх хүүхэд өсч бойжиж байхад харж асарч байгаа өвөө нь архи уучихсан байж болохгүй шүү дээ. Энэ л миний цаашдын зорилго.
-Та энэ зорилгоо биелүүлж, Монголын нэгэн сайхан иргэнийг зөв хүмүүжүүлнэ гэдэгт би итгэж байна. Танд амжилт хүсье.
Ардчилал