Балчир хүүхэд гэрт бий болсон цагаас гэрт маш олон асуудал гарч, эцэг эхчүүдийн үүрэг, хариуцлага нэмэгдэнэ. Юуны өмнө балчир хүүхдийг хэрхэн хооллох, яаж харьцах нь зөв эсэх тал дээр эцэг эхчүүд их маргадаг. Тиймээс залуу эцэг эхчүүдэд бяцхан зөвлөмж толилуулж байна.
Ус аюултай. Нялх, балчир хүүхдэд ус өгөх хэрэггүй. Энэ нь аюултай ч байж болохыг америкийн судлаачид тогтоожээ. Нялх хүүхдэд эхийн сүү эсвэл тусгай тэжээл байхад л хангалттай. Учир нь ус ихэдвэл хүүхдийн биен дэх цуснаас бойжилт хөгжилт нэн шаардлагатай натри угаагддаг байна. Ингэснээр тархины ажиллагааны янз бүрийн функц доголдож болзошгүй. Ялангуяа сар хүрээгүй нялх хүүхдэд ус хэрхэвч өгч болохгүй.
Угж, сооск ховдог болгодог. Эцэг, эхчүүд хүүхдийг уйлмагц л сооск өгдөг муу зуршилтай. Гэмгүй мэт санагдавч байнга угж, сооск хөхөж өссөн хүүхэд томрох тусам ховдог болох магадлалтай гэнэ. Мөн сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар угж, сооск нь хүүхдийн оюун санааны хөгжилд саад болох боломжтой аж. Угж хөхөх дадал, тааламжтай мэдрэмж нь бусад зүйлийг дардаг тул хүүхэд орчин тойрноос бага сэтгэгдэл авах шалтаг болдог байна.
Савангаар угаах тусгүй. Нялх хүүхдийн үнэр туйлын тансаг байдаг шүү дээ. Иймд эцэг эхчүүд хүүхдийг саван, шампунь хэрэглэн угааж болохгүй. Ер нь хоёр нас хүртэл хүүхдийг савангаар угаах хэрэггүй. Өдөр бүр хөлөөс толгой хүртэл савандаж угаавал хүүхдэд харшил, арьсны өвчин бий болох магадлалтай. Хүүхдийн хөл гар бохирдсон тохиолдолд л саван хэрэглэ. Саван арьсыг хуурайшуулж байгалийн тэнцвэрийг алдагдуулдаг тул бага хэрэглэх нь зүй.