Супер модель Жизель Бюндхен өчигдөр /IV.15/ Сан-Паулугийн загварын долоо хоногийн шоунд хамгийн сүүлийн удаа алхлаа. Үүгээр Жизель Бюндхен загвар өмсөгч, моделийн 20 жилийн карьераа өндөрлөж буйгаа мэдэгджээ.
Хоёр хүүхдийн ээж Жизель Бюндхен гэр бүлдээ илүү их цаг зарцуулахын тулд загварын тайзнаас бууж байгаагаа тайлбарласан байна. Гэхдээ тэрээр энэ салбартаа үргэлжлүүлэн ажиллахаа амлажээ. Өдгөө 34 настай Бразилийн супер модель Жизель Бюндхен 2009 онд хөлбөмбөгч Том Брэдитэй гэр бүл болж, хүү охин төрүүлсэн билээ.
Жизель Бюндхен Бразиль дахь Герман цагаачдын төвд төрж өссөн бөгөөд 14 насандаа загварын ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр 20 насандаа загварын ертөнцөд цахиур хагалж, шилдэг сэтгүүлүүдийн нүүрийг чимэх болсон аж. Өнгөрсөн хугацаанд тэрээр “Chanel”, “Carolina Herrera”, “Pantene” зэрэг дэлхийн топ брэндүүдийг сурталчилж, нүүр царайгаар ажиллаж байв. Жизель Бюндхен “Forbes” сэтгүүлийн өнгөрсөн оны хамгийн өндөр хөлстэй моделиор нэрлэгдсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press