Энэ удаагийн “Алжаал тайлах яруу найраг” хоромдоо Яруу найрагч Бадамцэрэнгийн ЭРДЭНЭБУЛГАН “Чамдаа би хайртай” хэмээх шүлгийг нийтэллээ.
Чамдаа би хайртай
Голт зүрхний минь гүнд бүх ертөнцийн гунигийг
Гоёлын зүүлт шиг шигтгэсэн хосгүй хайрын шаналан
Борог шөнийн зүүдийг гэнэн төрхөөрөө аргамжсан
Борооны дараах солонго – Чамдаа би хайртай
Зэллэх шувуудын нулимсыг дэлбээ юундаа тоссон
Зэрлэг сарнай цэцэг – Чамдаа би хайртай
Мөнх бусын орчлонд зөвхөн миний төлөө
Мөчрөөсөө унас навч – Чамдаа би хайртай
Улирах цагийн тоосыг үрийнхээ өмнөөс хүртэх
Утаат галын бурхан – Чамдаа би хайртай
Амьдралын зөрөг гэрэлтүүлж асаад өнгөрөх тавилан
Аргалын цэнхэр утаа – Чамдаа би хайртай
Дундуур заяа дүүргэж орчлонгийн өрхийг татах
Дурлалын охин тэнгэр – Чамдаа би хайртай
Өнчин саранд ханьсан мянган жил дуурсах
Үүрдийн цолмон бадаг – Чамдаа би хайртай
Есөн сарын өвс нулимст уйтгар бөхөлзөх шиг
Ертөнцийн бүх гуниг сэтгэл дундуур лугшнам
Нуурын цахлай адил өнчин зүрхэнд эргэсэн
Уулын охин чамдаа гуниг шигээ хайртай.