Энэ удаа чэюгбугым хийх өөр нэгэн арга орууллаа. Зочин та ингэж хийдэггүй юм гэж уурлалгүй, ерөнхий аргачлалыг нь сурч аваад бас өөрт байгаа материалаа ашиглаад хийж үзээрэй.
Жорыг гаргасан Ч.Баярмаа
Алхам 1
Гахайн махаа аваад том том хэрчинэ.
Алхам 2
Хэрчсэн гахайн махаа буцалж буй усанд хийгээд болтол нь чанана.
Алхам 3
Мах хийсэн усаа нилээн сайн буцалж байхад нь том том хэрчсэн сонгино хийнэ.
Алхам 4
Дээрээс нь тэнжан бага зэргийг хийнэ. Монголд байхгүй бол хийхгүй байсан ч болно. Гэхдээ ямар ч маханд тэнжан бага зэрэг хийвэл зөөлөн аятайхан амттай болдог.
Алхам 5
Тэнжан хоолны том халбагаар нэг л байхад болно.
Алхам 6
Мөн татсан сармис, цагаан гаа бага зэрэг хийнэ.
Алхам 7
Махаа буцалж байх хооронд амтлагч буюу ямнёноо хийнэ. Солонгос хоол, панчан болгонд хоол амтлагчаа тусад нь найруулж байгаад хийдэг. Ерөнхийдөө солонгос хоолны амтлагчинд байнга ордог зүйлс: кочужан, кочугару, ганжан, татсан сармис, чихрийн уусмал . Энд кочужан буюу улаан чинжүүний жан хийсэн байна.
Алхам 8
2 янзын кочужан хийсэн. Тод улаан нь нилээн халуун амттай, ягаавтар өнгөтэй нь гэрийн нөхцөлд хийсэн чихэрлэг амттай кочужан.
Алхам 9
Дээрээс нь дарсан мешил /чавга/ жимсний шүүс хийсэн. Зөгийн бал бага зэргийг шингэлээд хийсэн ч болно, жимсний компотны шүүс хийсэн ч болно.
Алхам 10
Татсан сармис хийлээ.
Алхам 11
Улаан чинжүү хэрчиж хийсэн.
Алхам 12
Бас ногоон чинжүү, луувангаа хэрчиж хийсэн.
Алхам 13
Сүүлд нь ганжан хоолны том халбагаар 1 -ийг хийсэн
Алхам 14
Одоо амтлагчаа сайн хутгана.
Алхам 15
Чанаж болгосон махаа шүүж аваад хүйтэн усанд сойгоод хэрчинэ.
Алхам 16
Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийгээд махаа, дээрээс нь амтлагчаа хийнэ.
Алхам 17
Амтлагчаа махан дээрээ бүгдийг нь хийгээд амтлагч хийсэн саваа нэг стакан хэртэй усаар зайлаад махан дээрээсээ бас хийчих.
Алхам 18
Сайн хутгаад шөлөө ширгэтэл гал дээрээ болгоно.
Алхам 19
Болсон махаа таваглаад дээр нь гүнжидийн үр бага зэрэг цацаад өгвөл гоё харагдана. Махаа санчү , эсвэл чанаж болгосон байцаанд ороож идээрэй.
Эх сурвалж: www.everyday.mn