Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар ангийг манай сурвалж лах хэсэг зорилоо. Энэ анги бидний нэрлэдгээр эмэгтэйчүүдийн хорих. Нийслэлийн зүүн захад байх тус хорих ангид чанга дэглэмтэй ял эдэлж буй эмэгтэйчүүдийн “Ухаарлын уянга” хамтлагийн гурван бүсгүй “Би эр хүнд хайртай” жүжгийн дууг дуулж сонирхуулсан юм.
“…Чиний эзгүйд би уйлна
Чамдаа тэврүүлж үнсүүл мээр
Жигүүртэй бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн…” гэж нүдэндээ нулимстай дуулсан.
“Өөрийнхөө буруу, ухаангүй үйлдлээс болоод залуу насныхаа даль жигүүрийг би хугалсан. Хүн заавал алдаж байж ухаарах ёсгүй гэдгийг энд ороод ойлгосон. Гэмтсэн далавчаа эдгээгээд холын хол нисмээр байна” хэмээн ял эдэлж буй сэтгүүлч бүсгүй ярьсан юм. Хамгийн ойр дотнын хүмүүсээсээ хол, эрх чөлөөгөө хасуулсан эмэгтэй хүний зовлон, гунигийг бид сонсохыг урьтал болгосонгүй. Амьдрал, айл гэрийн тулах багана болсон бүсгүйчүүд ял эдэлж байх хугацаандаа юу хийж сурсан, цаашдаа хэрхэн амьдрах бодолтой байдгийг нь сурвалжилсан юм. Тус ангийн даргаар хошууч А.Намсаманд ажилладаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хорь орчим жил ажиллаж буй тэрбээр ялтан бүсгүйчүүдтэй хэрхэн харилцахаа хэнээс ч илүү мэддэг юм билээ. “Манай ангид 400 эмэгтэй ял эдэлж байгаа. Түүнээс хоёр нь насанд хүрээгүй охин. Энд ял эдэлж буй хүн бүхэн Солонгост ажиллаж, амьдарч байгаа хүмүүс шүү. Учир нь ар гэрийнхэн, хүүхдүүд, найз нөхөд, дотнын хүмүүстээ ингэж хэлсэн байдаг юм. Тиймээс өөрсдөө хүсэхгүй бол нэрийг нь асууж, зургийг нь авах хэрэггүй. Өнөөдөр ялтан ч цаашдаа энэ хүмүүсийн амьдрал үргэлжлэх учир ойлгоно гэдэгт итгэж байна” хэмээн анхааруулаад хорих анги руу нэвтрэх зөвшөөрөл олголоо.
АНГИР УУРГАА ХӨХӨХ БЯЦХАН ҮРС АМГАЛАН НОЙРС ДОО
Хорих 407 дугаар ангийн сэтгэл эмзэглүүлмээр нэгэн хэсэг нь эхээс мэндлээд удаагүй бяцхан үрс юм. Ял эдэлж буй зургаан бүсгүй амаржаад хүүхдүүдтэйгээ хамт байлаа. Хамгийн бага нь эхээс мэндлээд гурав хонож буй гэнэ. Зарим нь мөлхөж, хана түшин алхана. Хуулиар бяцхан үрс нэг нас хүртлээ ээжтэйгээ хамт байх эрхтэй. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд ихэнхдээ мөрдөн байцаалтын явцад хөл хүндтэй болж, бүх шатны шүүхээр хэргийг нь эцэслэн шийдэж дуусахад хүүхдээ төрүүлээд хорих ангид ирдэг юм байна. НҮБ болон олон улсын хүний эрхийн байгууллага, улсаас тэдний сүү, тэжээл, чивхийг нь өгдөг болохоор ял эдэлж буй эмэгтэйчүүд бага ч гэсэн сэтгэл нь амар байдгаа ярилаа. “Ар гэрээсээ хүүхдийнхээ хэрэгцээтэй зүйлийг авдаг бол тэд маань бүр ч хэцүүднэ. Амьдрах орчин гайгүй ч гэртээ бойжиж буй хүүхдүүдтэй адилтгах юм биш. Эрх чөлөө ямар их үнэ цэнэтэй гэдгийг энд ирээд ухаарсан. Гэхдээ бид өөрсдийн буруугаас л ийм амьдрал туулж байгаа. Хүүхдүүдэд үзүүлж буй тусламж, тэжээл хамгийн сайн нь гэдэгт эргэлзэх зүйл алга” гэж 28 настай ялтан Г ярьсан юм. Ээжүүд хүүхдээ хараад ажил хийх завгүй аж.
ЯЛТАН БҮСГҮЙЧҮҮД ЦАЛИНГААРАА ХОХИРЛОО БАРАГДУУЛЖ, АР ГЭРЭЭ ТЭЖЭЭЖ БАЙНА
ШШГЕГ-ын харьяа 407 дугаар анги гурван үйлдвэртэй болжээ. Эхний үйлдвэрт жирийн дэглэмээр ял эдэлж буй эмэгтэйчүүд ажиллаж байв. Энгэртээ нэрээ, Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар шийтгүүлснээ бичсэнийг эс тооцвол үйлдвэрийн ажилчдаас ялгагдах зүйл алга. Ангийн даргаа орж ирэхэд босож зогсох бүсгүйчүүд хооорондоо ярих ч завгүй ажиллах юм билээ. Тус ангийнхан улсын хэмжээний бүх хорих ангийн цагаан хэрэглэл, хувцас, хүрмийг оёдог юм байна. Нэг ээлжиндээ 30-35 ялтан ажиллах хүчин чадалтай үйлдвэр байгуулагдаад гурван жил болж буй гэнэ. Тэдгээр бүсгүйчүүд дотор нэг эмэгтэй зодог, шуудаг оёж буйг хараад цөөн хором ярилцлаа. “Эгч нь нэрээ хэлмээргүй байна. Хотын уугуул. Ял эдлээд зургаан жил болж байгаа. Би хөх зүү хөндлөн хатгаж чаддаггүй байсан. Ангийн захиргаанаас сургалт зохион байгуулснаар их зүйл сурлаа. Хэн гэдэг хүний зодог, шуудгийг оёж буйгаа хэлж мэдэхгүй ч монголчуудын дээдлэн хүндэлдэг бөх хүн өмсөнө гэж бодохоор сайхан байна. Би эзэмшсэн мэргэжил байхгүй. Тиймээс суллагдахаараа сурсан зүйлээ ашиглан амьдарна гэж боддог” гэв.
Цагаан хэрэглэл, гэрийн бүрээс оёж буй эмэгтэйчүүд ажлын хөлс авдаг болсондоо баяртай байдгаа нуусангүй. Тус үйлдвэрийн нэг тасагт ялтан бүсгүйчүүд арьс болон эсгийгээр гэрийн шаахай, ширмэл ширдэг урлах аж. Насаар бусдаасаа арай ахимаг эмэгтэй бидэнтэй ярилцахыг хүссэн юм. “Эгчийг нь С.Тунгалаг гэдэг. Урлахуйн ухааны доктор. Эгч нь цагтаа уран хатгамал, нэхмэлээрээ олонд гайхагдаж, залуу охидод сурсан мэдсэнээ зааж өгөхөөр дамжаа ажиллуулж байгаад мөнгөний асуудалд холбогдож, зургаан жилийн ялаар шийтгүүлсэн. Эгч нь 60 настай. Наадмын өмнөхөн суллагдах гэж байгаа. Энд ирээд их зүйл сурлаа, бас ухаарлаа. Хоёр ч номоо бичлээ. Хүүхдүүдийн маань амьдрал урагштай сайхан байгаа учир эгч нь санаагаар унадаггүй. Ажлаа хийнгээ англи хэл сурч байгаа.
Үйлэнд уран байхыг байгаль эх бүсгүй хүнд заяасан юм байна. Энд байгаа бүх эмэгтэйчүүд үйлэнд үнэхээр уран. Олон жилийн ялтай ч би суллагдаад энэ ажлаа хийнэ хэмээн сэтгэл шулуудсан эмэгтэйчүүд олон. Тааз ширтэж суухаар өдөржин ямар ч завгүй ажиллахад өдөр, хоног хурдан өнгөрөх шиг болох юм. Манай хүүхдүүд эгчийнх нь учруулсан хохирлыг барагдуулсан. Тиймээс эгч нь ажлын хөлсөө хуримт луулж байгаа. Ямар бүтээгдэхүүнийг, хэрхэн хийснээс шалтгаалж цалин өөр өөр. Түүнээс гадна ажлаа сайн хийгээд байвал ял эдлэх хугацаанаас улиралд 30 хоног хасагддаг. Өмнө нь аж лын хөлс гэдэг ойлголт байгаа гүй. Амьдрал тарчиг эмэгтэйчүүд учруулсан хохирлоо барагдуулах боломжгүй байсан. Харин одоо ажлаа хийгээд цалингаараа барагдуулж эхэл сэн. Зарим нэг нь эндээс ар гэрээ тэжээж байгаа” гэв.
ГОЁЛЫН ЗАСАЛТ 2000 ТӨГРӨГ
Адилхан хүрэм өмссөн бүсгүйчүүд хагас өдөр суугаад өдрийн тоогоо өгч байв. Тэд чанга дэглэмтэй хэсгийн бүсгүйчүүд. Залилан, хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн, хүний амь нас хөнөөсөн бүсгүйчүүд бий. Тус ангид нэг цэгийн үйлчилгээ (үсчин, гоо сайхан, маникюр) ажилладаг юм байна. Үнэ нь хямд аж. Хам гийн үнэтэй нь гоёлын засалт 2000 төгрөг. Тиймээс бүсгүйчүүд хүссэн цагтаа үсээ янзлуулж, гоо сайхнаар үйлчлүүлдэг аж. Нүдэнд дулаахан, хүний сайн хань, бяцхан үрсийнхээ хайртай ээжүүд гаднах төрхөөрөө эрх чөлөөтэй бүсгүйчүүдээс ялгаагүй ч, харц нь цаанаа л нэг гунигтай. Энэхүү гуниг эрх чөлөөтэй болсон цагт арилах байх гэсэн бодол төрсөн юм.
Өвөрхангай аймгийн харьяат Н.Хишигт гэдэг эмэгтэй өмнө нь цайны газар ажиллуулдаг байсан аж. Гэтэл согтуу залуус агсам тавьж, мөнгө нэхэн түүнийг зоджээ. Найз бүсгүйтэйгээ нийлж тэднээс өөрсдийгөө хамгаалах гэж ноцолдож байгаад ухаан алдсан байж. Харин тэдэнд агсам тавьсан залуусын нэг нь гэмтэн, эмнэлэгт хүрэх замдаа амиа алдсан юм байна. Эрүүгийн хуулийн 91.1-ээр түүнд 10 жилийн хорих ял оноосноос зургаан жилийг нь эдлээд байгаа аж. “Хөдөөний бүсгүйчүүд саалийн дээл, тэрлэг оёчихдог шүү дээ. Эгч нь мөн адил тэрлэг оёчихдог байсан. Харин энд ирээд уран бүсгүйчүүдээр их зүйл заалгаж, гоёлын дээл, хантааз оёж сурсан. Сар шинэ, наадмаар захиалга их байдаг. Би 6-21 насны зургаан хүүхэдтэй. Бага хүүхдээ есөн сартай байхад нь орхиод ирсэн. Ажлаа сайн хийгээд хүүхдүүд дээрээ хурдхан очмоор байна. Удахгүй дэглэм буураад, магадланд орно. Ажлын хоног маань хасагдаад эрх чөлөөтэй болох хугацаа ойртож л байна даа” гэв.
БҮСГҮЙЧҮҮД ИХЭВЧЛЭН ЗАЛИЛАН, ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТ ӨРТДӨГ
“Говь“ ХК-ийнхан хорих ангид нэг сал бараа байгуулаад жил гаруй болжээ. Оёдлын машиныг дарааллаар нь сүвлэж чаддаггүй байсан бүсгүйчүүд “Говь” компанийн мастерийн зааснаар нэг сарын дотор нэхмэлийн машинаар төвөггүй оёж сурсан аж. “Говь” компанийн мастер Д.Эрдэнэцэцэг ”Хэдий ялтан ч бүсгүйчүүдийн хийж бүтээж буй зүйл их. Бид бэлэн болсон деталиа авчирдаг. Хэнээс ч дутуугүй цэвэрхэн, чанартай, сайн оёдог. Бид чадвараас нь хамаарч I-III зэрэг олгож байгаа. Зэрэг авсан бүсгүйчүүдийг суллагдсан тохиолдолд ажилд авах гэрээтэй.
Албан газрууд ял эдэлж байсан хүнийг ажилд авах дургүй байдаг бол манай компани ямар ч асуудалгүй шууд авна. Бид өөрсдөө сургасан болохоор боломж олгож байгаа хэрэг. Гуч гаруй бүсгүйчүүдээс гуравдугаар зэрэг авсан нь цөөнгүй бий” гэж ярилаа. “Би сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаад удаагүй байхдаа залилангийн гэмт хэрэг үйлдээд таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Гараад мэргэжлээрээ ажиллах боломж хэр байгааг судлаад, болохгүй бол сурсан зүйлээ хийнэ. “Говь” компанийнхан бидний чадварыг харгалзан сертификат олгосон. Эндээс гарсан олон бүсгүйчүүд сурсан зүйлээ хийж, ажлын байртай болж, бусдыг цалинжуулдаг болсон” гэж ярилаа.
Тус ангид 13-68 насны 400 эмэгтэй ял эдэлж байна. Тэдний ихэнх нь дээд боловсролтой бөгөөд 60 хувь нь залилангийн гэмт хэрэг үйлдсэн бол 20 хувь нь хулгай хийсэн бүсгүйчүүд. Жирийн дэглэмтэй эмэгтэйч үүд дотор хятад, солонгос хоёр бүсгүй ял эдэлж буй аж. Тэд монголоор сайн ярьдаг ч бидэнтэй уулзахыг хүссэнгүй. Хилээр хууль бус зүйл гаргахыг завдсан тэд хориход 3-4 жил болж байгаа юм билээ. Ажил, амьдрал буцалсан хорих 407 дугаар ангийн нэг өдөр ийн өнгөрдөг аж. Өдөр бүр эргэлт авах эрхтэй бүсгүйчүүд (жирийн дэглэмтэй) ар гэрийнхнийгээ хараад нэг хэсэгтээ сэтгэл нь тавгүйтэн, бодол болон гунирхдаг гэсэн. Сэтгэл санаагаа тайвшруулах мөргөлийн өрөө, сэтгэл зүйч, эмч нар тэдэнд тусалдаг юм билээ.
Х.ОЮУНСҮРЭН /Mongolnews.mn/