Фрэнк О’Коннор
Би доод давхарт, гал тогооны өрөөнд ээжийн ханиалгах чимээнээр сэрлээ. Ээж маань хэдэн өдрийн турш ханиадтай явсан юм. Даанч би түүнийг хайхралгүй явжээ. Тэр үед бид Зүүн Коркийн толгодын дундахь Хуучин Яогалын гудамжинд амьдардаг байв. Ээжийн минь ханиад хүндэрсэн гэлтэй сонсдоно. Би хувцсаа өмсөөд доод давхар руу буув. Өглөөний гэрэлд ээжийн минь царай тодхон харагдана. Түшлэгтэй сандал дээр налан суугаад намайг түүн рүү ширтэж буйг ч анзаарах сөхөөгүй байлаа. Ээж галаа асаах гэж оролдоод, хөөрхий бүтэлгүйтсэн бололтой. Ээжийн ядарсан бас тусламж эрсэн царайг хараад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Тиймээс түүн рүү дөхөж очив.
– Ээж ээ, та зүгээр үү? гэж би асуулаа.
– Удахгүй зүгээр болно оо. Түлээ норчихсон байна. Тэгээд асаах гэж утаа савсуулаад баахан ханиалгачихлаа гэж хэлээд инээмсэглэхийг оролдов.
– Буцаад орондоо ороод хэвт дээ, би гал асаачихъя гэж хэллээ.
– Яаж тэр вэ, үр минь? хэмээн надаас сониучирхан асууснаа, – Бололгүй яахав, би босч ажилдаа явах минь гэв.
– Та ийм байдалтай яаж ажиллах юм бэ? Би өнөөдөр хичээлдээ явалгүй гэртээ үлдэж, таныг харж хандана гэж тулган хэллээ.
Эмэгтэйчүүд гэж их сонин, инээдтэй улс шүү. Тушаасан л бол ямар ч хүний үгийг биелүүлэх хүмүүс дээ. Тэр нь арван настай байсан ч хамаагүй шүү.
– Хэрэв чи өөртөө аяга цай хийгээд уучихвал би яахав ээ зүгээр гэж ээж гэмшингүй хэлээд сандлаас арай ядан өндийж, дайвж гуйвсаар дээд давхар руу гарав.
Шатны доорхи түлээний хонгилоос би ахиухан гишүү тэвэрч авлаа. Ээж маань аливаад арвич хямгач учраас зуухыг хэзээ ч хангалттай түлээгээр дүүргэдэггүй байсан юм. Гал асдаггүйн шалтгаан үүнтэй л холбоотой байх. Би тэвэр дүүрэн түлээг зуух руу хийлээ. Удалгүй гал ч дүрэлзэн асав. Би данхтай усаа зуухан дээр тавьж, цай чанахаар шийдэв. Нэгэнт л гал тогооны ажилтай зууралдсан болохоор ээждээ талх шарж өглөө. Би шарсан талханд дуртай учраас өдөржин дан шарсан талх идэж чадна гэж боддог шүү. Чанасан цайгаа аягалаад, шарсан талхны хамт хоол зөөх тавиур дээр тавиад ээждээ аваачиж өгөв.
– Ямархуу болж гэж асуулаа. Харин ээж өөдөөс,
– Балга буцалсан ус данханд үлдээчихэж болох уу? гэж эргэлзэнгүй асуув.
Дэндүү гашуун амттай болчихсон юм байна гэдгийг мэдээд инээд минь хүрч, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөв. Би “Талыг нь асгачихъя” гэж ээжид хэллээ.
– Би гэж нэг хүн, түвэг удахаас өөрцгүй юм даа гээд ээж минь санаа алдав.
– Миний л буруу. Цай яаж чанадгийг ч олигтой тогтоочихож чадахгүй. Орноосоо босох бол алчуураа нөмрөөрэй гэж хэлээд аягатай цайг нь авав. Залгуулаад “Гэрэл унтраачих уу?” гэж асуулаа.
– Чи чадах юм уу? гэж ээж өөдөөс асуув.
– Зүгээр ээ, би унтраачихаж дөнгөнө. Дараа нь авах зүйлсийн жагсаалтыг гаргана гээд сандал дээр гарч зогсоод гэрэл унтраалаа.
Цонхны дэргэд би өглөөний цайгаа ганцаараа уув. Улмаар гарч, хаалганы дэргэд очоод хичээлдээ явж буй хүүхдүүдийг хэсэг ажиглав.
– Чи хурдлахгүй бол хичээлээс хоцроод багш нарт загнуулна даа, Салливан хэмээн тэд над руу хашгиралдав.
– Би явахгүй ээ. Ээжийн бие тааруухан байгаа учраас гэртээ үлдэж харахгүй бол болохгүй нь гэж хариуллаа.
Би муу санаатай жаал байгаагүй. Гэхдээ хааяа бусдын азгүйтлийг өөрийнхөө байр байдалтай харьцуулах дуртай нэгэн байв. Удалгүй данханд ус дүүргэж, гал дээр тавилаа. Өглөөний цайны аяга тавгаа цэвэрлэчихээд, дараа нь нүүр гараа угаав. Дэлгүүр рүү авч явдаг сагс болон цаас, харандаагаа бариад дээд давхар руу гарав.
– Миний авах зүйлсийн жагсаалтыг бичээд өг. Би танд эмч дуудаад өгөх үү? гэж ээжээс лавлав.
– Эмчид үзүүлвэл эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэж л хэлэх байх даа. Эмнэлэгт яаж хэвтэх билээ дээ. Эмч дуудахын оронд эмийн санч руу очоод ханиалга дарах хүчтэй эм аваад ир гэж ээж бувтнав.
– Цаасан дээр наадхаа биччихээрэй. Бичихгүй бол таг мартчихна шүү. Хүчтэй гэдгийг томоор бичээрэй. Оройн хоолонд юу авах вэ? Өндөг авах уу? гэж асуулаа.
Миний хийж чадах ганц хоол бол өндөг чанах. Ямар ч байсан өндөг авах ёстой гэдгээ мэдэж байлаа. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, орой гэхэд ээжийн бие дээрдээд босох тэнхээтэй байвал зайдас шарж өгч магадгүй гээд зайдас авахаар болов.
Гэрээс гараад явж байхдаа би сургуулийнхаа хажуугаар өнгөрлөө. Явах замд гүвээ толгод таарав. Төдий л удалгүй дээр нь гарлаа. Алсын барааг чимээгүйхэн ажиглаж арав гаруй хором зогсов. Сургууль болон сургуулийн арын талбай, хашаа гээд энэ бүхэн яг л зурсан зураг мэт сайхан харагдана. Сургуулийн цонхоор хүүхдүүдийн шаагилдах дуу сонсогдож, Дени Дилэй багш таягаа ардаа бариад сургуулийн хаалганы хажуугаар өнгөрч байхдаа орчин тойрноо ажиглан алхах үзэгдэнэ. Толгод дээрээс бүх зүйл үнэхээр нам гүм бөгөөд тайван амгалан харагдаж байлаа. Би тэнд өдөржин ч зогсож чадна. Тэр өдөр тохиолдсон явдлуудаас хамгийн сайхан нь тэр мөч байсан юм. Гэртээ очоод, дээд давхар руу яаран гартал Минни Райян эгч ээжийн хажууд сууж байгааг олж харав. Тэрбээр хижээл насны, зэгсэн мэдлэгтэй, цуурах дуртай, сүсэг бишрэлтэй эмэгтэй байлаа.
– Бие нь яаж байна? гэж ээжээс асуув.
– Сайн гэж хэлээд тэрбээр инээмсэглэлээ.
– Тэгсэн ч өнөөдөр орноосоо босож болохгүй шүү гэж Минни Райан тушаав.
– Гал дээр цай тавиадахья. Тэгээд танд авчирч өгье гэж би хэллээ.
– Тэрийг чинь би хийчихье гэж Минни Райан дуугарав.
– Өө, санаа зовох хэрэггүй дээ, хатагтай Райан. Би өөрөө болгочихно оо гэж түүнд хэллээ.
– Хөөх, үнэхээр сайн хүү юм гээч хэмээн ээжид маань нам дуугаар магтав. Харин ээж түүнд “Алт шиг ховорхон заяах хүү шүү“ гэлээ.
– Ийм хүү ч ховор шүү. Одоогийн хөвгүүд Христэд итгэгч гэхээсээ илүү зэрлэг хүмүүс шиг л болцгоосон улс хэмээн Минни өгүүлэв.
Ээж минь намайг үдээс хойш гадаа гарч тоглож болно гэсэн юм. Гэхдээ би гэрээсээ холдоогүй. Гэрээсээ холдвол би тэнэх хүсэлдээ дийлдэнэ гэдгээ мэдэж байв. Гэрийн маань доохон талд модтой хөндий, шохойн хадан цохионы дээр хуарангийн тариалангийн талбай бий. Талбайн цаахна талын модтой гүвээн дунд тээрмийн цөөрөм болон горхи урсана. Тухайн өдрийн байр байдлаас шалтгаалан өндөр уул, цавчим хадат уул эсвэл Хималай уулын орой дээр байна гэж төсөөлөх дуртай. Тэнд очмогц төсөөллийн ертөнцөөр аялж, бодит амьдралыг мартдаг байсан сан. Тиймээс тэр өдөр гэрээсээ холдохгүй гэж шийдээд, гадаа суун хагас цаг тутамд гэртээ орж, ээжийн бие зүгээр байгаа эсэхийг шалгаж, надаар хийлгүүлэх ажил байгаа эсэхийг асууж байлаа.
Нар жаргажээ. Гудамжны гэрлүүд ч асав. Сонин түгээгч хүү хэвлэлээ тарааж эхэллээ. Би сонин аваад гэртээ орж, гал тогооны гэрэл болон ээжийн өрөөний лааг асаасны дараа ээжид уншиж өгөхөөр оролдов. Гэвч тийм ч бүтэлтэй зүйл болсонгүй. Сонин дээрхи үгсийг үе үеэр дуудаж уншина. Гэхдээ намайг уншиж өгөх хүсэлтэй байсан болохоор ээж маань дуртайяа сонсон хэвтэж байлаа. Дараа нь манайд Минни Райан дахиад ирэв. Удалгүй түүнийг гэрийнхээ үүдэнд үдэж өгөхөөр зогсож байтал “Хэрэв ээжийн чинь бие өглөө гэхэд дээрдэхгүй байвал эмч дуудаж үзүүлсэн нь дээр шүү” гэж хэллээ.
Түүнээс би “Яагаад тэр вэ? Бие нь тийм муу байна уу, хатагтай Райан?” гэж асуутал,
– Сайн хэлж мэдэхгүй юм. Хатгаа туссан байж магадгүй хэмээн огт хайхарсан шинжгүй бувтналаа.
– Гэхдээ эмч түүнийг эмнэлэгт хэвтүүлчихгүй биз дээ, хатагтай Райан? гэж би лавлан асуутал,
– Тэгэхгүй байгаасай л гэж залбирцгаая гэснээ мөрөө хавчин ороолтоо нөмрөөд “Эмч түүний төлөө л эмнэлэгт хэвтүүлнэ шүү дээ. Аз таарч танайд виски байхгүй биз?” гэж надаас лавлахад,
– Би зардаг газраас нь аваад ирье гэв.
Хатгаа туссан хүмүүст юу тохиолддогийг би маш сайн мэднэ. Бас тэдний хүүхдүүд ч ямар байдалтай үлддэгийг мэднэ.
– Жаахан халаагаад, дээрээс нь нимбэгний шүүс шахаад уулгачихвал зүгээр байна. Тэгвэл бие нь арай дээрдэж магадгүй гэж Минни хэлэв.
Үүнийг ээждээ хэлтэл “Виски хэтэрхий үнэтэй учраас уухгүй” хэмээн эрс татгалзлаа. Би виски уулгахгүй бол ээжид маань юу тохиолдох бол гэхээс эмээж суув. Би уушийн газрыг зорьж очив. Тэнд маш олон эрчүүд байлаа. Тэд над руу гайхсан харцаар харж, зам тавьж өгцгөөв. Өмнө нь би хэзээ ч уушийн газраар орж байгаагүй учраас маш ихээр айж байлаа.
– Сайн уу, хөгшин цэцэгхэн минь? гээд нэг эр над руу муухай харцаар ширтэв. Хамгийн сүүлд чамайг арван жилийн өмнө харсан санагдаж байна. Чи юу уух гэж байна даа? гэж надаас асуулаа.
Миний найз Боб Коннелл нэгэн согтуу эрээс тал аяга архи гуйхад тэр эр түүнд архи өгсөн талаар надад ярьж байсан. Би найзынхаа хийсэн үйлдлийг дууриан хийх зүрх зориг хүрэх болов уу гэж үргэлж боддог байлаа. Гэвч яг тэр мөчид надад тийм дэмий зүйл хийх хүсэл огт төрөөгүй юм.
– Би тал аяга виски аваад ээждээ аваачиж өгмөөр байна гэж хөгшин эрд хариултал,
– Тэнгэр минь. Ээждээ гэж хэлчихээд өөрөө уучихдаг юм байж. Хамгийн сүүлд чамайг гэр рүүгээ түшүүлж орж байсныг сайн санаж байна шүү гэхэд нь,
– Би тэгээгүй. Ээждээ авч байна гэж өөдөөс нь чангаас чанга орилов.
– Хүүхэд зүгээр байлгаач ээ, Жонни гэж уушийн газрын үйлчлэгч хажуунаас нь зандрав. Үйлчлэгчээс виски авчихаад тэнд байгаа эрчүүдээс айсандаа хамаг хурдаараа гүйн гарлаа. Улмаар нимбэг авахаар дэлгүүрийн зүг алхав.
Миний халааж өгсөн нимбэгний шүүстэй вискиг ээж маань уучихаад унтаад өглөө. Би ч гэрлээ унтраагаад орондоо оров. Даан ч нойр хулжаад унтаж чадахгүй байлаа. Уушийн газар таарсан хөгшин эрээр тал аяга архи авахуулж уух зүрх зориг хүрээгүйд харамссаар хэвтэв. Хэсэг хугацааны дараа ээжийн ханиалгах чимээнээр нойр сэргэж, түүний өрөөнд орлоо. Духан дээр нь гараа тавьтал халуурч байгаа бололтой. Ээж минь халуундаа дэмийрч, амандаа бувтнаж байлаа. Намайг өрөөнд байгааг ч анзаарахгүй байгаа нь айдас төрүүлэв. Би буцаад орондоо орсон боловч нойр хүрэхгүй хэвтсээр л байв. Ээж үнэхээр хатгаа туссан бол яана аа гэх бодол санаанаас ер гарч өгсөнгүй.
Өглөө нь босоод, ээжийн бие ер дээрдээгүй байгааг хараад маш их сэтгэлээр унасан даа. Би чадах бүхнээ хийсэн боловч ямар ч нэмэргүй байв. Галаа түлчихээд ээжид өглөөний хоол хийж, өрөөнд нь оруулж өглөө. Энэ удаад би өмнөх өдрийнх шигээ гэрийнхээ үүдэнд зогсож, сургууль руу явж буй нөхдөө харж зогссонгүй. Учир нь, надад тэднийг бодох сөхөө ч байсангүй. Тэрний оронд Минни Райаны гэрт очиж, ээжийн бие сайжраагүйг хэлэхээр явсан юм.
– Эмч дуудаж үзүүл ээ. Эмчид үзүүлэхгүй яав даа гэж хожим нь харамсаж сууснаас л дээр шүү дээ гэж Минни шулуухан хэллээ.
Надад үзвэрийн нэг тасалбар байсан юм. Үзвэрийг үзэх мөнгө байгаагүй тул тасалбарыг буцааж өгөхөөр театр руу явлаа. Дараа нь сургуулийн цаана байдаг эмнэлэг рүү очиж эмч дуудав. Улмаар гэртээ ирээд эмчид хэрэгтэй зүйлсийг бэлдэв. Савтай ус, саван, цэвэрхэн алчуур зэргийг бэлдэж тавьчихаад оройн хоолоо хийлээ.
Эмч оройн хоолны дараа ирэв. Тэр эмч мэргэжилтэй атлаа тарган, чанга дуутай, архи уудаг эрчүүдээс ер ялгагдах юмгүй мэт санагдаж байлаа. Корк хотын хамгийн ухаалаг, чадвартай гэгддэг эмчээс архи үнэртэж, халамцуу байдлыг ажихад өглөөнөөс хойш юу хийсэн нь тодорхой байв.
Өвдгөн дээрээ эмийн жортой цаас тавьж, орны үзүүрт суучихаад “Тэгээд чи энэ эмийг яаж авах гэж байна?” гэж надаас асуув. Одоо хойд эмийн сан л ажиллаж байгаа даа гэж нэмж хэллээ.
– Эмч ээ, би явчихаад ирье гэж шийдэмгийхэн хэлэв. Ээжийг эмнэлэгт хэвтүүлэх талаар эмч юу ч дурсаагүй тул сэтгэл минь онгойв.
– Эндээс зайтай шүү дээ. Чи очих замаа мэдэх юм уу? гэж тээнэгэлзсэн маягтай асуухад нь,
– Би олоод очно оо гэлээ.
– Сайн хүү юм гээч хэмээн эмч ээжид хандан хэлэхэд,
– Дэлхий дээрхи хамгийн сайн нь шүү дээ, эмч ээ. Охинтой байснаас ч дээр гэж ээж минь бахархангуй магтав.
– Тийм байна. Ээжийгээ сайн харж хандаарай. Амьдралын урт замыг туулахад ээж чинь л чамд туслах болно. Дэргэдээ байгаа аз жаргалыг анзаарч, ухаарах сөхөөгүй явсанаас болж насан туршдаа харамсах тохиолдол бий шүү гэж эмч өгүүлэв. Эмч тэр үгсийг хэлээгүй ч болоосой гэж дотроо бодлоо. Түүнийг сонсоод сэтгэлээр унах шиг болов. Миний бэлдсэн саван бас савтай усыг эмч хэрэглээгүйг хараад сэтгэл санаа бүр дордлоо. Эмийн сан руу хүрэх замыг ээжээр заалгуулаад, бор цаасан уутан дотор эмний шил хийж сугавчлаад гэрээс гарав. Би хүн ихтэй суурингийн өгсүүр замаар алхаж явлаа. Толгодын орой дээрхи цэргийн хуарангийн хажуугаар өнгөрөв. Толгод уруудсаар өндөр хашаагаар хүрээлэгдсэн том улаан өнгөтэй тоосгон байшингуудын дундуурх шороон замаар алхлаа. Цаашилсаар жижиг гол урсах уулын хөндийг захлан явав.
Тэр хөндийд шар айрагны үйлдвэр байв. Харин эсрэг талд нь олон жижиг байшин зөгийн сархинаг шиг эгнэсэн харагдана. Хөндийн орой дээр нил ягаан өнгийн чулуугаар барьсан цогчин дугана болон шовх оройт Шандон сүм байрлаж байв. Энэ дэндүү өргөн уудам газар байлаа. Тал газар тусаж буй мэт нарны туяа бүхэлдээ тэр газрыг гийгүүлнэ. Эгнэсэн байшингуудын дээвэр дээр туссан нарны гэрлийг хараад цас харсан мэт нүд гялбана. Нар хүүшилсээр, баргар гудамжийг эцэж ядарсан морьд, тэрэгнүүдийн урт хар сүүдэр нөмрөн авахыг ажиглана. Би хашаа налан энэ бүхнийг харж суухаас өөр ямар жаргал эр хүнд байх билээ гэж бодлоо. Санаа алдаж, нөгөө сайхан бодлоо өөрөөсөө зайлууллаа. Огтхон ч зогсолгүйгээр би уруудан гүйсээр байв. Дараа нь сүмийн хойгуурх бүдэг жимээр явлаа. Сүм тийм сүрлэг харагдаагүй ч дэргэдүүр нь өнгөрөхдөө анзаарахад үнэхээр том ажээ. Ээж миний хийж буй бүхнийг сайшааж, надад нэг центийн зоос өгсөн юм. Тэр зоосоо би гартаа атгачихсан явж байлаа. Зорьсон ажил хэргээ бүтээчихээд сүмд орж, Гэгээн Марияд ээжийг минь хурдан эдгээж өгөөрэй хэмээн аминчлан залбирч, түүний сэрэг дүрийн өмнө асаах лаа худалдаж авахаар шийдэв. Тэр сүм үнэхээр том, диваажинд хүрэх үүд мэт санагдсан учраас тэнд залбирсан гуйлт минь биелнэ гэж би бодлоо.
Эмийн сан нэгэн байшингийн үүдний өрөөнд байрладаг ажээ. Нэг талд нь цонх, нөгөө талд нь урт модон сандал тавьсан байв. Яг л галт тэрэгний тасалбар олгодог газар шиг санагдав. Сандал дээр ногоон өнгийн том ноосон ороолт мөрөөрөө ороосон бяцхан охин сууж байлаа. Би цонхыг тогшив. Хөмсгөө зангидсан, ууртай баргар царайтай залуу цонхыг нээж өгөв. Миний хэлэх үгийг дуусгалгүй барьсан эмийн шил бас эмийн жорыг маань гараас булааж аваад юу ч хэлэлгүй цонхоо хаачихлаа. Хэсэг хүлээж зогссоноо цонхыг дахиад тогшдог юм бил үү гээд гараа өргөтөл,
– Жаал аа, чи хүлээсэн нь дээр байх аа гэж нөгөө охин хэлэв.
– Юуг хүлээх юм? гэж асуутал,
– Тэр чиний авах эмийг бэлдэж байгаа. Суугаад хүлээж байсан нь дээр ээ гэж тэр охин тайлбарлав.
Хүлээх зуур дэргэд хань болох хүн байгаад би баярлаж байлаа.
– Чи хаанаас ирсэн юм бэ? гэж өнөөх охин асууснаа “Би Блэрни гудамжинд амьдардаг” гэж нэмж хэлэв.
Түүнд би хаана амьдардгаа хэлтэл тэр “Хэнд эм авч байгаа юм бэ?” гэж асуув.
– Ээждээ гэж хариултал,
– Ээж чинь яасан юм бэ? хэмээн лавлав.
– Ханиад нь хүндэрчихсэн гэж би хэллээ.
Тэрбээр хэсэг зуур бодлогоширч сууснаа,
– Ээж чинь уушгины сүрьеэтэй болсон байж магадгүй. Өнгөрсөн жил эгч маань тийм өвчнөөр нас барсан юм. Би өөр нэг эгчдээ ургамлын ханд авахаар ирсэн. Тэр дандаа ханд уудаг. Чиний амьдардаг газар гоё уу? гэж надаас асуулаа.
Ой модтой хөндийд амьдардгаа түүнд хэлтэл тэр надад гэрийнх нь ойр урсдаг голын тухай ярьж өгсөн юм. Түүний дүрсэлж ярьснаар бол амьдардаг газар нь минийхээс хамаагүй дээр санагдав. Тэр их хөгжилтэй, яриа хөөрөө ихтэй бяцхан охин байв. Түүнтэй хэр удаан ярилцсанаа ч анзааралгүй сууж байтал цонх онгойж, улаан эмийн шил цухуйлаа.
Ууртай эр “Дүүлэй” гэж орилсноо цонхоо буцаагаад хаачихав.
– Миний авах ёстой ургамлын ханд байна. Чинийх ч мөдгүй дээ. Жаахан хүлээж таарах нь дээ. Би чамтай хамт хүлээе гэж хэлэхэд нь,
– Надад нэг центийн зоос байгаа гэж би гэнэт өөрийн мэдэлгүй өгүүлэв.
Миний эмийг цонхоор өгөх хүртэл тэр охин надтай хамт сууж л байлаа. Дараа нь шар айрагны үйлдвэрийн шат хүртэл хамтдаа алхсан юм. Үйлдвэр рүү явах замдаа би нэг центийн зоосондоо хангалттай их чихэр худалдаж аваад, бид эмнэлгийн дэргэдэх шатан дээр суун авсан чихэрнүүдээ идэв. Шандон сүмийн шовх оройн сүүдэр бидний ард тусаад, өндөр хашааны дээгүүр найгах залуухан моддыг, жаргаж буй нарыг хараад л, бас нарны туяанд бидний сүүдэр зам дээр тусаад л. Тэнд үнэхээр сайхан байлаа.
– Эмнээсээ надад амсуулаач, жаал аа гэж тэр надад хэлэхэд нь би түүнээс,
– Яагаад? Чи өөрийнхөө ханднаас ууж болдоггүй юм уу? гэж асуув.
– Минийх үнэхээр муухай амттай. Ханд бол уугаад байх сайхан зүйл биш ээ. Хүсвэл үүнийг амсаад үз л дээ гэв.
Би ханднаас амсаад л шууд буцааж гаргав. Түүний хэлсэн зөв байжээ. Үнэхээр муухай амттай байсан гээч. Түүний ханднаас амссан учраас өөрийнхийгөө бас амсуулахаас аргагүйд хүрэв.
– Сайхан амттай юм гээч хэмээн тэрбээр уулга алдлаа. Ханиадны эм ч угаасаа л сайхан амттай байдаг юм. Чи ч бас амсаад үз гэж хэлэхэд нь би ч бас амсаж үзлээ. Тэр дахиад зөв хэлжээ. Үнэхээр чихэрлэг бас наалдамхай байв.
– Дахиад нэг амсая гэж тэр охин ихэд догдлон өгүүлээд эмнээс бариад авахад нь,
– Тэгвэл дуусчихна ш дээ гэж би хориглов.
– За, юу гэж дээ. Зөндөө л байна шүү дээ гээд охин өөдөөс инээв.
Яагаад ч юм бэ би татгалзаж чадсангүй. Шовх оройтой сүм, цамхаг, модод, жирийсэн олон шат, сүүдэртсэн явган зам бас улаан үстэй, ногоон нүдтэй бяцхан охинтой учирсан танихгүй ертөнцөд тэр чигтээ ууссан байлаа.
Би эмнээс дахиад нэг балгачихаад түүнд бас амсуулав. Гэвч удалгүй би буруу зүйл хийж байгаагаа мэдээд сандарч эхлэв.
– Эм бараг дуусчихлаа шүү дээ. Одоо би яах болж байна аа? гэж түүнээс асуутал,
– Уугаад дуусгачих. Тэгээд үйсэн бөглөөг нь унагачихсан гээд л хэлчих гэв.
Түүний хэлснийг ээжид хэлвэл үнэхээр үнэмшилтэй сонсогдох юм байна даа гэж бодогдлоо. Бид эмийг хувааж уугаад дуусгачихав. Би гар руугаа удаан гэгч ширтэж суухдаа гарт атгасан зоос байхгүйг анзаараад гэнэт гэмших сэтгэл төрсөн юм. Гэгээн Мариягийн хажууд лаа худалдан авч асаах болно хэмээн өөртөө хэлсэн амлалтандаа хүрч чадаагүй гэдгээ ухаарч, аймшигт гунигт автав. Миний төлөө санаа зовдоггүй, танихгүй нэг охины төлөө бүх зүйлээ золиослосондоо харамсаж байлаа. Би түүний дэндүү зальтайг даан ч хожуу ухаарав. Тэр миний эмнээс уух гэж л намайг хүлээж байсан юм байна. Би алгаараа нүүрээ дараад уйлж гарав.
– Чи яагаад уйлаад байгаа юм бэ? гэж охин гайхсан янзтай асуулаа.
– Миний ээж хүндээр өвдсөн. Гэтэл энд би чамтай ээжийнхээ эмийг уучихаад сууж байдаг гэж хэлтэл,
– За, битгий жаахан хүүхэд шиг уйлагнаад бай л даа. Үйсэн бөглөө нь уначихсан гэж хэлэхэд л болно шүү дээ. Хэнд ч ийм зүйл тохиолдож болно шүү дээ гэж намайг дооглосон байдалтай хэлэхэд нь,
– Бас би Гэгээн Мариягийн өмнө лаа асааж тавина гээд амлачихсан байсан юм. Лаа авах мөнгөөрөө чамд чихэр аваад өгчихлөө гэж түүн рүү хашгирчихаад гарт нь байсан эмийн шилээ булааж аваад эхэр татан уйлсаар зам бараадан гүйлээ.
Намайг тайтгаруулж, итгэл найдвар өгөх ганцхан л зүйл байв. Тэр бол ямар нэг гайхамшиг тохиолдоосой гэсэн хүсэл ажээ. Би сүм рүү буцаж очоод, Гэгээн Мариягийн дор өвдөглөж суугаад залбирсан. Түүний өмнө асаах лааныхаа мөнгийг хэрэггүй юманд үрсэндээ уучлал гуйж, намайг буцаж очихоос өмнө ээжийн биеийг эдгээж өгөх гайхалтай үйл явдал болоосой хэмээн хүсээд, дахиад нэг центийн зоостой болвол тэр мөнгөөрөө хамгийн эхэнд лаа худалдан авч түүний өмнө асаах болно гэж амласан юм.
Чингээд би гэрийн зүг маш их гэмшил тээсээр арай ядан буцаж алхлаа. Буцаад л нөгөө толгодоо давав. Гэхдээ одоо нар жаргаж, харуй бүрий болсон учраас толгод дээрээс амьдрал аймшигтай, харийн мэт бас хэрцгий санагдана. Хажуугаар нь дотор муухайрч байв. Өөрийгөө удахгүй үхэх нь л гэж бодлоо. Гэхдээ бүх зүйл буцаад зүгээр болно гэж найдсан юм. Гэртээ очоод гал тогоо нам гүм оргиж, зуухны гал унтарчихсан байгааг хараад Гэгээн Мария миний залбирлыг сонсоогүй юм байна гэх аймшигт мэдрэмж төрөв. Ямар ч гайхамшиг болоогүй байв. Ээж минь орондоо өвчтэй хэвээр хэвтэж байлаа. Би ч нулимсаа тэвчилгүй уйлж гарав.
– Юу болсон вэ, хүү минь? гээд ээж минь шатаар сандран бууж ирлээ.
– Би танд авсан эмээ гээчихсэн гэж ээж рүүгээ бархираад, дээд давхар руу хурдхан шиг гүйж, орон дээрээ унаад, нүүрээ нууж хувцсаа толгой дээгүүрээ овоолов.
– Тиймхэн зүйлээс болж уйлж, өөрийгөө зовоогоод яахав дээ хэмээн ээж санаа нь амарсан янзтай хэлээд миний толгойг иллээ. Тэгснээ “Эсвэл өөр ямар нэгэн юм тохиолдоо юу? Чи халуурч байна шүү дээ” гэв.
– Би таны эмийг уучихсаан гэж хашгирахад ээж өөдөөс,
– Юу тохиолдох нь энэ вэ? Өрөвдөлтэй, бүтэлгүй үр минь дээ! Чамайг тийм хол газар ганцааранг нь явуулдаг миний л буруу. Чамд л түвэг учруулчихлаа. Одоо хувцсаа тайлаад хэвтэж амар даа гэж ээж минь аяархан хэлэв. Тэрбээр босож, гэрийн шаахай, хүрмээ өмсөөд намайг орон дээр сууж байхад гутлын маань үдээсийг суллан тайлах гэж байв. Гутлыг минь тайлж дуусахад би аль хэдийнэ унтчихсан байлаа. Ээжийг би хувцсаа өмсөөд гадагш гарч буйг ч сонсолгүй нам унтсан байв. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа хэн нэгэн миний духанд хүрэхэд нь цочин сэрсэн юм. Нүдээ нээгээд хартал Минни Райан над руу инээснээ,
– Яаж хүн болно доо гэчихээд мөрний алчуураа дээш нь татаад “Унтаад сэрэхэд зүгээр болно оо. Хүү өөрийгөө мэдэж байгаа. Хатагтай Салливан, та одоо орондоо орж унтаж амар” гэв.
Миннигийн намайг шүүмжилж байгаа бодлыг мэдэж байсан авч би яаж ч чадаагүй. Дараа нь ээжийг гартаа лаа бас сонин барьчихсан орж ирж буйг хараад түүн рүү инээмсэглэв. Ээж ч бас хариу инээмсэглэлээ. Минни Райан намайг хүссэнээрээ доромжилж, дорд үзэж магадгүй. Гэхдээ тэгэхгүй хүмүүс бас бий. Ийнхүү эцэст нь гайхамшиг үнэхээр биеллээ олж, ээжийн минь бие сайжирсан бөлгөө.
Эх сурвалж www.wikimon.mn