Гаднын уран бүтээлчид сүүлийн үед хог хаягдлыг бүтээлийнхээ хэрэгсэл болгон ашиглах болсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татах болжээ. Үүний нэг болох хог хаягдлаар бүтээсэн сандал, ширээ, гэрлэн чимэглэл, гудамжны тохижилтыг бид “Эко урлан” булангийнхаа анхны дугаараар танилцуулж байсан. Тэгвэл ОХУ-ын дизайнер Тим Нобл, Сью Вебстер нар нэгэн шинэлэг бүтээлээ дэлгэн тавьжээ.
Гэрэл, сүүдрийн ид шидээр бүтээсэн энэхүү өвөрмөц урлаг сүүлийн үед нэлээд хөгжиж байгаа гэнэ. Тэд хог хаягдлыг ашиглан “өгүүлэхдээ” байгаль дэлхийг бохирдуулж буй зүйлсийг харуулахыг хичээсэн байна. Тиймээс уг бүтээлийг үзсэн хүн бүр хог хаяхынхаа өмнө нэгийг бодож, хоёрыг тунгаадаг болно хэмээн тэд найдаж байгаагаа хэлжээ. Манай гаригийнхны тарьсан хог хаягдал жилд 55-аас дээш тэрбум тоннд хүрдэг.
Хэдийгээр XXI зуунд бид амьдарч байгаа ч өнөөг хүртэл гудамж талбайд ил задгай бие засдаг хүмүүс байсаар байна. Хүн төрөлхтөн жил бүр гурван их наяд литр шээс гадагшлуулдгийн дийлэнх нь ил задгай “хаягддаг” гэнэ. Жил бүр байгаль орчныг бохирдуулж буй хоёр тэрбум тонн хогны дийлэнх нь мянган жил болсны дараа задардаг химийн хортой хаягдал байдаг гэнэ. Дэлхийн хүн ам жилд 1.5-2 хувиар өсөхдөө хөрсөн дор булах хог хаягдлыг зургаан хувиар нэмэгдүүлж байна. Москва хот л гэхэд жилд таван сая тонн хог газарт булдаг аж. Тиймээс хүн төрөлхтөн тун удахгүй хөрсөн дээр биш, хогон дээр амьдрах нь.
Р.ЦЭЦЭГ /Mongolnews.mn/