Үзэгч түмэндээ “тогдгор” хэмээн овоглогдсон МУГЖ Галсантогтохыг найман настай балчраас наян настай буурлууд үзэж баясдаг. Тэрбээр дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ, бурхан бүтээнэ, сийлбэрлэнэ, алиална, лимбэднэ, хөгжимдөнө гээд урлагт хийж чадахгүй зүйл гэж үгүй. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таны алиалж, лимбэдэхийг үзэгчид андахгүй. Харин бурхан зурдгийг тань төдийлөн мэдэхгүй байх?
-Үндсэндээ би урлагийн бүх төрөл жанраар мэргэжсэн хүн. Ийм уран бүтээлч Монголд цөөхөн. Зургийн тухайд 1980-аад оны эхээр уран зургаараа бие даасан үзэсгэлэн гаргаж байлаа. Тэр үзэсгэлэнд монгол зургийн аргаар зурсан 30 гаруй бүтээл маань тавигдсан. Бурхан шашны төвд олон бурхан бүтээж өгсөн. Бурхныг гоё болгох гээд цэцэг нэмчихвэл бурхан биш болдог. Бурхныг сайхан зурна гэж байдаггүй. Тэг гортигийг нь номоор нь зурсан нөхцөлд бүрэн хэмжээний бурхан бүтэж, мэлмийг нь нээдэг. Түүний буянд бурхан өршөөж өнөөдөр гайгүй амьдарч явна гэж боддог.
Авьяас хөгширдөггүй. Түүн шиг миний уран бүтээл одоо ид оргилж байна. Тийм учраас би тайзнаас буух болоогүй. Хэрэв буух юм бол бурхан руу л явах байх. Би өөрийгөө сайн лимбэчин гэж боддог. Өнгөрсөн жил Монгол Улс лимбээр ЮНЕСКО-д бүртгэгдлээ. Удахгүй батламжаа гардаж авна.
-Та сүүлийн үед хөдөө орон нутгаар их тоглож яваад байна уу даа?
-Сая би Баянхонгор аймгаар яваад ирлээ. Надтай хамт Азийн орнуудын ардын дуу дуулаачдын Гранпри шагналт “Их засаг” дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Ундралмаа гэж авьяаслаг охин явсан. Бас СУИС-ийн багш, алдартай дуучин Ерөөгийн шавь, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Оюунгэрэл явсан. Энэ дуучин Эрдэнэтийн хэмээн алдаршсан Чулуунчимэгтэй адилхан манериар дуулдаг дуучин юм билээ. Ингэж явахад Баянхонгорт Монголд анх удаа таван ихэр хурга гарсан. Тэгэхээр нь гэрт нь очиж малчидтай нь уулзаж, бэлгэшээж зургаа хамт авахууллаа.
-Таныг тайзан дээр гарах бүрт үзэгчид баяртай хүлээж авдаг. Нэг тоглолт дээр таныг хэд дахиулдаг вэ?
-Дээд тал нь найман удаа дахиулж байсан үе бий. Заримдаа ганцаараа бүтэн хоёр цаг тоглолт хийж байлаа. Ер нь жүжигчин хүн хувийн номер ихтэй байх тусам ур чадвар харагддаг. Тийм учраас Монголд хувийн уран бүтээлийн арвин их сан хөмрөгтэй хүн гэвэл МУГЖ Д.Сосорбарам, Л.Чаминчулуун, Б.Туяа, миний бие байна. Гэтэл манайхан дөрөв тавуулаа нийлж байж нэг номер гаргаж байна шүү дээ. Үүгээрээ онцлогтой.
-Хошин шогийнхон хамтарч их уран бүтээл хийдэг. Та хэнтэй тоглож байв?
-Би Б.Батзаяа, Л.Чаминчулуун нартай хамтарч их тоглодог. Талийгаач алиалагч Батсүхтэй их тоглодог байлаа. Халзан Цээеэ, Латиф бид гурав үе залгамжлан хошин урлагт гарч ирсэн. Тэгээд л бидний дараа одоо ид тоглож нэрд гарч байгаа хошин шогчид гарч ирсэн шүү дээ. Эд нар жинхэнэ
мэргэжлийн сургуулийг төгссөн тал бүрийн авьяастай уран бүтээлчид. Үүнд би их олзуурхдаг. Бид бурхнаас өгсөн авьяасыг хөдөлмөрөөрөө бий болгоод өнөөдрийг хүртэл явж байгаа хүмүүс. Одоо би хошин шогийнхон дотроо хамгийн ахмад нь.
-Халзан Цээеэ, Латиф нарын гайхамшигт уран бүтээлүүд Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн. Тэднийгээ дурсах бүрд сэтгэл өвддөг байлгүй дээ?
-Тэгэлгүй яахав. Циркийн алиалагч гэдэг номерыг хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн бол Монголын нэрт алиалагч халзан Цээеэ маань шүү дээ. Бид хоёр үе тэнгийн боловч миний багш. Бас уран бүтээлийн дотно андууд. Түүнийгээ бурхан болтол нь хамтдаа уран бүтээл хийж явлаа.
-Таныг эрүүл мэнддээ анхаардаг гэх юм билээ. Иймд эрүүл аж төрөхийн тухайд юу хэлэх вэ?
-Би одоо 70 гарч байгаа ч духанд минь үрчлээ байхгүй. Өглөө болгон нүүрэндээ массаж хийдэг. Монголд үрчлээ, хөгшрөлтөөс сэргийлсэн юу байна, тэр бүгдийг хэрэглэж байна. Энэ бүхэнд үнэ хайрладаггүй. Дээр нь Монголд “Орифлейм”-ийн бүтээгдэхүүн орж ирээгүй байхад би гаднаас авчирдаг байсан. Бас алиалагч өвөрмөц мэргэжил. Дандаа хүүхдийн ертөнцөөр аялж хүүхэдтэй харьцаж байдаг. Манайхан удмаараа жижиг биетэй, овор багатай. Эдгээр хүчин зүйлс намайг намайг наснаас минь залуу харагдуулдаг болов уу.
-Дандаа бусдыг хөгжөөж байдаг хүн өөрөө хэр уурладаг бол?
-Хааяа уцаарлах зүйл байлгүй яахав. Гэхдээ тоотой уурладаг хүн. Эхнэр бид хоёр олон жил амьдрахдаа өдий хүртэл маргалдаж үзээгүй.
-Манай сонин нийслэлийн ажил амьдралыг бичдэг. Таны үед Улаанбаатар хот ямар байв. Одоо ямар болж өөрчлөгдсөн байна вэ?
-Миний үед Улаанбаатар нэг их өргөн гудамжтай саруулхан л байсан санагддаг юм. Харин одоо дуртай газраа байшин бариад хот төлөвлөлт гэж огт алга. Өнөөдөр хүн болгон машинтай болоод гудамж талбайдаа багтахгүй байна. Гэхдээ үүний зохицуулалт дээр манай удирдлагууд анхаарахгүй байгаа нь учир дутагдалтай санагддаг. Ерөнхийдөө ядуурлын хэмжээ буураагүй. Харин ч нэмэгдэж байна. Хүн болгон хот руу зүтгэдэг болж. Түүний оронд Налайх, Багануур, Багахангай руу явж болно шүү дээ. Гэтэл тэнд хүний амьдралын нөхцөл бүрдэж чадахгүй байна. Хэдийгээр ардчилал гэж хэн хаана амьдрах нь дурын хэрэгч ингэж олноороо Улаанбаатарт бөөгнөрнө гэдэг эмгэнэл, гуниглал. Ардчилал хэтрэхээрээ анархист болно гэдэг үг манай монголчуудад тохирохоор болоод байна.
-Та уран бүтээлч хүн. Гэхдээ л иргэн хүний хувьд улс төрийн уур амьсгалд өөрийн бодол дүгнэлтийг өгч явдаг биз?
-Миний бодлоор ирэх сонгуулиар одоогийн 76 гишүүн бүгдээрээ огцрох хэрэгтэй. Бүр цоо шинэ парламент бий болох нь зүйтэй. Гэхдээ уулын мод урттай богинотой байдаг болохоор энэ дотор сайн хүн бий. Тухайлбал З.Энхболд, Д.Тэрбишдагва нар байна. Бас хоёр сая хүнийхээ хүнсний асуудлыг шийдэж чадахгүй байна. Үүнээс болж олон хүн рактай болоод Халдвар судлалын эмнэлэгт багтахгүй байна.
Д.Нэргүй /Нийслэл таймс/