Спортын ертөнцийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг, UFC-ийн аварга асан Ронда Роузи өнгөрөгч арваннэгдүгээр сард Австралийн Мельбурн хотноо Холли Холмд аваргын бүсээ алдсан билээ.
Тэрээр саяхан Эллен ДеЖенерес тв шоунд орох үеэрээ нэгэн нууцаа дэлгэжээ.
Роузи энэ ялагдлынхаа дараахан маш хүнд сэтгэлийн дарамтад орж, бүх юм утгагүй мэт санагдан, тоглолтоосгараад өөрийгөө егүүтгэхээр шийдээд байсан гэнэ. Тулааны үеэр тэр толгойдоо хүнд цохилт авснаар тархи нь сааталд орсон аж.
Гэвч тэр танхимд өөрийг нь хүлээж байсан, өөрийн найз залуу болох Трэвис Броунэг олж харснаар энэ бодлоо орхижээ. Би түүний хүүхдүүдийг гаргах ёстой, би цааш амьдрах ёстой гэж бодсон гэнэ.
Тулаанаас хойш дөрвөн сарын дараа энэ хооронд түүний бие бүрэн илааршиж, ямар нэгэн өвчин зовиургүй болжээ. Одоогоор тэрээр хүмүүнлэгийн үйлсэд байнга оролцдог ажлаа үргэлжлүүлж байгаа юм байна.
Спортын замналаа тэр анх жүдогоор эхэлж, 2007 оны Рио де Жанейрогийн дэлхийн аваргаас 70кг-д мөнгөн медал хүртэж байсан.
2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медал хүртсэн нь түүнийг олимпиос жүдогоор медал хүртсэн анхны америк эмэгтэй тамирчин болгосон юм.
Гэхдээ тэр UFC руу урваснаар алдар нэрийг олж авсан билээ. UFC-тэй гэрээ байгуулсан анхны эмэгтэй болсон. Үүнээс гадна уг байгууллагын анхны эмэгтэй аварга болсон.
2011 оны 3-р сард мэргэжлийн зодоонч болсон цагаасаа хойш Роузи 4 жил гаруй хугацаанд 12 удаа тулалдахдаа нэг ч удаа ялагдаж байгаагүй. Холмд ялагдал хүлээсэн нь түүний анхны ялагдал байлаа.
Түүний алдар нэр түгэх хэрээр түүнийг илүү олон хүн мэдэх болсон. Тэр ч байтугай Холливуудаас түүнд санал тавьснаар тэр The Expendables 3, Fast & Furious 7, Entourage зэрэг гурван ч кинонд тоглочихоод байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Оны шилдэг эмэгтэй тамирчин”, “Хот 100 бүсгүй”, “Спортын хамгийн үзэсгэлэнт тамирчин” гэх мэт тоо томшгүй олон өргөмжлөлөөр шагнагдсан тэрээр саяхан алдарт Спортс иллюстрэйтед сэтгүүлд зургаа авахуулжээ.
Л.Олонбаяр | GoGo.mn