Денгөж 16-хан настай цэцэг цэврүү шиг тэднийг хулгай дээрэм, луйвар залилан хийчихнэ гэж хэн ч санасангүй. Ёстой л хүүхдийн цагаан цайлган зан гээчид итгэж явсан хэрэг. Харамсалтай нь Уранчимэг, Цэцэгжаргал хоёр хүүхдийн цагаан цайлган зангаас аль хэдийнэ халиад томчуудаас дутахааргүй муу санаатай болж, заримдаа бүр шоронжсон этгээд шиг авирласан байхыг яана. Мань хоёр голдуу “Хархорин” зах хавиар явж хулгай, залилан хийдэг байж. Нэг өдөр Уранчимэг Цэцэгжаргалд хандаж “Өвөл болж байдаг. Энэ муу пүүз хөл дааруулаад байх юм. Хоёулаа өнөөдөр гутлын хэсгээр явж гутал өөд нь татах уу” гэхэд цаадах нь “Би ч гэсэн гуталтай болмоор байна. Даанч лангуунаас гутал шүүрлээ гэж бодоход өрөөсөн гутал л олдоно шүү дээ. Өрөөснийг нь хаанаас олох юм бэ” хэмээжээ. Уранчимэг хариуд нь “Зүгээр ээ, зүгээр. Чи дуугүй л намайг дагаад яв. Муусайн лангуунуудтай бол харьцахгүй шүү. Би нэг гоё арга бодож олсон” гэсэн байна.
Ингээд мань хоёр гутлын лангуу хавиар нэг хэсэг эргэлджээ. Тэгтэл хорь гаруй насны бүсгүй гурав дөрвөн хос гутал барьчихсан лангуунаас нэлээд зайдуу зогсч байхыг Уранчимэг хармагцаа “Миний хүсээд байгаа юм энэ л байхгүй юу. Намайг чи одоо яаж ажиллахыг хараарай” гээд Цэцэгжаргалыг дагуулаад мөнөөх бүсгүй дээр явж очсон байна. Тэгээд гуталнуудаас нэгийг шүүрч аваад “Энэ ёстой гоё гутал байна. Надад яг таарна. Хэдээр зарах юм бэ” гэхэд бүсгүй “Гучин мянгаас яриад хорин долоод өгчихнө” гэжээ. Уранчимэг түүн рүү их л баясгалантайгаар инээвхийлэн харснаа “Өө, авдаг хэрэг. Аав захын гадаа машинтайгаа зогсч байгаа. Та дагаж яваад мөнгөө авчих уу” гэхэд цаадахь нь дуртайяа зөвшөөрчээ. Тэгмэгц Уранчимэг “Тэртэй тэргүй л авахаас хойш өмсчихье” гээд уранхай пүүзээ шууд тайлж хаяад барьж байсан гутлаа өмсчихсөн байна. Цэцэгжаргал ч түүнийг дуурайгаад нэг гутал шүүрч аваад өмсчихөж. Ингээд тэд бүсгүйг дагуулаад захын хашаанаас гарчээ.
Уранчимэг замын цаад талд машинаа арчаад зогсч байсан нэг хүн рүү зааснаа “Манай аав тэр байна. Алив Цээгий чи түрүүлж очоод аавыг панаалдаж бай. Би энэ эгчтэй хойноос чинь очъё” гэж хэлж дуусав уу, үгүй юу Цэцэгжаргал машинд дайруулчих шахам зам хөндлөн гараад ум хумгүй гүйж одсон байна. Харин энэ үед Уранчимэг том оврын автобус ирж явахыг хараад яах ийхийн завдалгүй урдуур нь самбаачлан гүйгээд замын цаад талд гарч амжсан бөгөөд харин мөнөөх бүсгүй урт автобусанд хаагдаад зам хөндлөн гарч чадсангүй. Гэсэн ч тэр хоёр жаахан охиныг луйвардчихна чинээ санасангүй. Замын цаад талд аав нь байгаа болохоор баараггүй гэж боджээ. Төдөлгүй тэр замын цаад талд гараад машинаа арчаад зогсч байсан хүн дээр явж очтол нөгөө хоёр охин байдаггүй. Дэмий л гайхаад жолоочид хандаж “Сая танай охин надаас гутал аваад явсан юмсан. Хаашаа орчихов оо” гэхэд цаадах нь “Юун охин, яасан охин” гээд мэл гайхаж, цэл хөхрөх нь тэр. Бүсгүй ч хоёр охинд сүнсгүй хулхидуулснаа ойлгосон байна. Уранчимэг, Цэцэгжаргал хоёр хойшид иймэрхүү байдлаар гурав дөрвөн ч хүнийг хулхиджээ.
Нэг удаа тэд бүр улаан цагаан дээрэм хийсэн байгаа юм. 17 орчим насны нэг охины зарах гэж, байсан гутлыг мөн л дээрхи маягаар хошгоруулж байгаад хөлдөө углаад захын хашаанаас гарч зам хөндлөн гарахаар болжээ. Гэвч цаад охин нь нэлээд хашир, хэрсүү охин байсан тул Уранчимэгийн гараас атгачихаад тавихгүй байж. Түүнд үнэндээ зугтах боломж олдсонгүй. Тэглээ ч Уранчимэг хөөрхөн заль зохиож “Аав саяхан л энд зогсч байсан юмсан. Гэр лүүгээ орчихож. Та ерөөсөө манайд очоод мөнгөө авчих. Манайх тэр байр” гээд “Хархорин” захын хоид талын есөн давхар орон сууц руу заажээ. Төдөлгүй хоёр охин түүнийг орон сууцны эхний орц руу дагуулж ороод есөн давхарт гарсан байна. Энэ үед Цэцэгжаргал өмднийхөө халааснаас эвхмэл хутга гаргаж ирээд “Чи биднээс мөнгө авна гэж бодож байна уу. Харин ч бидэнд мөнгө өгөх ёстой шүү” гээд цүнх болон гар утсыг нь булааж аваад өмнө нь бэлдсэн мяндсан утсаараа мөнөөх охины хоёр гарыг шатнаас дангинатал хүлээд ум хумгүй зугтаж одсон байгаа юм. Хоёр хоногийн дараа мань хоёр шинэ гутлаа өмсчихсөн “Хархорин” зах хавиар дахиад л эргэлдсэн бөгөөд нэг залуу тэдний хойноос даган мөрдөж байсаар гэнэдүүлэн барьж аваад цагдаа дуудсан нь дээрхи бүсгүйн нөхөр байж.
Цагдаад мэдэгдсэн нь л энэ болохоос биш цаана нь мэдэгдээгүй хичнээн хэрэг үйлдсэнийг бүү мэд. Хоёр охин гутап гулруулахаасаа өмнө ихэвчлэн хуушуур гулруулдаг байж. Бараан зах дээр байх бас нэгэн бэсрэгхэн зах гэвэл халуун хоол цай, бууз хуушуур зардаг хүмүүс. Эдгээр хүмүүс цагдаа нарын хараанд өртөхгүйн тулд савтай хуушуур, буузаа олноор нь бөөндөхийг урьтал болгодог, бөгөөд харамсалтай нь ингэж олноор нь авах хүн тэр бүр гарч ирдэггүй аж. Хааяа нэг ингэж бөөндвөл “Тэнгэрийн умдаг атгачихлаа” гэж билэгшээдэг ажээ. Уранчимэг, Цэцэгжаргал хоёр чухам үүн дээр нь дөрөөлдөг байж. Нэг өдөр мань хоёр том савтай хуушуур зарж ясан хорь гаруй насны бүсгүйн хуушуураас амсч үзсэнээ “Их гоё хуушуур байна. Наана чинь хэд байгаа юм бэ, бүгдийг нь авъя” гэхэд цаадах нь Тэгээч дээ. Гуч гаруй хуушуур байна. Яасан буянтай охид вэ” гээд сүйд болжээ. Тэгтэл Уранчимэг “Даанч бидэнд одоо мөнгө алга. Манайх замын ойд талын есөн давхарт байдаг юм. Ээж маань хэдэн хүнээр байраа засуулж байгаа юм л даа. Тэгээд л намайг аятайхан хуушуур зарж байгаа хүн байвал дагуулаад ир гэсэн байхгүй юу. Та явна уу, байна уу өөрөө л мэд” гэхэд нөгөө бүсгүй “Явалгүй яахав. Энд ингэж ганц хоёр хуушуур зарж байхаар бөөнөөр нь өгчихсөн нь дээр биз дээ” хэмээгээд Уранчимэг, Цэцэгжаргал хоёрыг дагаад захын хашаанаас гарчээ.
Мань хоёр ихэвчлэн эмэгтэй хүнийг дээрэмддэг, тэгэхдээ жижигхэн биетэй, доожоо муутай хүнийг зориуд сонгож авдаг байж. Хуушуур зарж байсан дээрхи эмэгтэй жижигхэн биетэй, туранхайвтар нэгэн байсан тул Уранчимэг, Цэцэгжаргал хоёрын гарт өөрөө л гүйгээд ороод ирж. Мань хоёр бүсгүй хуушуур зарсан эмэгтэйг хашгирч магадгүи гээд аманд нь алчуур чихэж, улмаар есөн давхарын шатнаас мяндсан утсаар дангинатал хүлж орхиод биед нь байсан хамаг мөнгийг хуушуурынх нь хамт аваад арилж өгсөн байгаа юм.
Мөн тэд нэг удаа охинтойгоо хамт хоол зарж байсан нэг авгай дээр очоод “Гурван хоол авъя. Гэхдээ захын үүдэн дээр очоод мөнгөө авчих. Та охиноо дагуулаад явуулчихгүй юу” гэхэд мань авгай цэцэг цэврүү шиг хоёр охинд ямар ч хар буруу саналгүйгээр гурван хоол өгөөд охиноо дагуулаад явуулжээ. Тэгтэл дээрэм, залилангаар гаршсан Уранчимэг, Цэцэгжаргал нар охиныг нь “Хархорин” захын модон жорлонд дагуулж ороод хамаг хувцсыг нь дээрэмдчихжээ. Тэгэхдээ бүр тавлаж байгаа аятай “Чи дээрэмдүүлж үзсэн үү” гэж асуусан байгаа юм. Хариуд нь мөнөөх охин “Би ерөөсөө дээрэмдүүлж үзээгүй” гэхэд Уранчимэг “Одоо тэгвэл үзэж дээ. Анх удаа дээрэмдүүлэхэд жаахан эвгүй л байдаг юм. Харин хоёр, гурав дахь удаагаа дээрэмдүүлээд ирэхээрээ дасчихдаг юм. Чи яваандаа дасна аа, дасна” гэж тавласан байх жишээтэй.
Иймэрхүү байдлаар мань хоёр биеэ хамгаалж чадахгүй чадал дорой арав гаруй охид, бүсгүйг мулзалжээ. Нас биенээсээ хэтэрсэн булай хэрэг тарьсан энэ хоёр охинд уян зөөлөн ааш зан, ичиж зовох, айж эмээх байдал өчүүхэн төдий ч ажиглагдаагүй нь харамсалтай. Маргааш юу хүлээж, ямар ирээдүй угтахыг тэд огтхон ч төсөөлсөнгүй. Ямар ч байсан тэд ирээдүйд хүний хань, хүүхдийн эх болох нь тодорхой. Гэвч ийм харалган ухаантай Уранчимэг, Цэцэгжаргал хоёр шиг охид хар нялхаараа эрүүгийн хэрэгт холбогдож шоронгийн хаалга татаж, амьдралдаа хэзээ ч эргэж арилгаж болохгүй хар толбо үлдээж байгаа нь харамсалтай.
Тэмдэглэсэн Б.Ойгонгэрэл