-ЗАЛУУС ЧӨЛӨӨТ ЦАГАА ИНГЭЖ Л ӨНГӨРӨӨЖ БАЙНА-
Нийслэлийн залуус долоо хоног бүр тэмдэглэдэг уламжлалт баяртай болоод арав орчим жил болж байна. Уг баярыг “Баасан ахын төрсөн өдөр” хэмээн нэрийднэ. Эл өдөр залуу гэсэн тодотголтой бүхэн нийтээр цуглаж хотоор нэг байх баар, караоке, шөнийн клубт очиж ууж наргиж нийтээрээ согтдог.
Энэ нь ажлын таван өдрийнхөө ачаалал, стрессийг тайлж, амарч, чөлөөт цагаа зугаатай өнгөрөөж байгаа байдал нь бололтой. Гэхдээ баярлагчид архи хэтрүүлэн хэрэглэж аливаа гэмт хэрэгт санамсаргүй байдлаар өртөх нь ихэссээр. Жил ирэх тусам ууж согтуурах иргэдийн тоо ч нэмэгдсээр. Энэ ч хэрээрээ манай улсын архичдын тоо өдрөөс өдөрт хүрээгээ тэлж долоо хоногийн баасан гаригт нийслэл хотоор нэг архидалт болж байна. Бүр арван жилийн жаахан хүүхэд гудманд согтуу явж таарахад гайхах хүн ховор болжээ. Иймд их хотын залуус баасан гаригт хэрхэн архидаж буйг сурвалжилж мэдэхийг зорилоо.
ЗАЛУУС ЗОРИГОО ЧАНГАЛАХЫН ТУЛД ЭХЛЭЭД КАФЕД ОРДОГ
Өнгөрсөн баасан гаригийн орой цаг агаарын хувьд ихэд тааламжтай байв. Оройн 19.00 цаг дөхүүлээд хотын төвд байх зарим кафе, пабуудаар орлоо. Хамгийн түрүүнд залуусын ярьдгаар охин найрахад орчин нь гайхалтай зохицсон гэх Циркийн зүүн хойно байрлах “Их монгол” ресторанаар орсон юм. Барагцаагаар 200 гаруй хүнд нэгэн зэрэг үйлчилдэг бололтой. Хэдий дөнгөж 19.00 цаг өнгөрч буй ч энд хоосон суудал нэгээхэн ч үгүй. Шинэхэн ирсэн үйлчлүүлэгчид ширээ сулрахыг хүлээн зогсоно. Хүмүүсийн ямар үйлчилгээ авч буйг сонирхоход хүн бүхний өмнө том том бакал дүүрэн шар айраг сөгнөөстэй. Түүний хажуугаар 100 граммууд ч бас байна. Харин үйлчлүүлж буй хүмүүсийн хувьд гэвэл бүгд хос хосоороо. 18 найм ч хүрээгүй болов уу гэмээр хүүхдүүдээс эхлээд идэр насныхан энд цуглажээ. Үйлчлүүлэгчдийн яриа нь олширч уусан сархдандаа халамцаж буй бололтой. Энд тэндхийн хол ойрын хов живийг хамж шимэн ярилцана. Эднийх шөнийн 00 цаг хүртэл ажилладаг гэнэ. Түүнээс цааш үйлчлүүлэгчид бага зэрэг ховорддог учир ажиллаад байх шаардлагагүй гэж үздэг ажээ. Хүмүүс ирж буцсаар л байна. Харин 00 цаг болж “Их монгол”-ынхон үүд хаалгаа барих болоход энд үйлчлүүлж байсан иргэд архидалтын дараагийн шатандаа орно. Тэр нь шөнийн клубүүдэд очиж бүжиглэж уух тухай асуудал юм. Баасан гаригт дөрөв таван кафе, пабуудаар ороход бүгдэд нь дээрхийн ижил дүр зураг харагдаж байлаа. Ер нь ч тэгээд бааранд нэг их мөнгө үрэхгүйн тулд арай хямд төсрөөр нь эхлээд кафе, пабад сууж зүрх зоригоо чангалдаг юм байна. Тэгээд тэндээсээ эрч хүчтэйхэн хөдөлж шөнийн амьдрал руугаа ханцуй шамлан ордог гэнэ.
СОГТУУ ЗАЛУУС ХААНА ЯАЖ ЗОДОЛДОХ НЬ ХЭНД Ч ХАМААГҮЙ
Биднийг ийн энд тэндхийн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын хаалгыг татсаар явахад аль хэдийн 23 цаг өнгөрчээ. Эхлээд бидний нэрлэж заншсанаар Барилгачдын талбайн дор байрлах “Доргио хаус”-ын үүдэнд очлоо. Үүдэнд нь бие хаа тэгш гурав, дөрвөн хамгаалагч сууна. Дотогш явж орвоос мөн л 200 орчим хүн багтах цэлийсэн том танхимтай юм. Бас л суух суудалгүй болжээ. Энэ тэрүүгээр явж үйлчлүүлэгчдийг сонирхлоо. Пабаас ялгаатай нь энд эмэгтэй хүмүүс түлхүү иржээ. Эмэгтэйчүүдийг сонирхох эрчүүд ч мөн цөөнгүй. Байр байдлыг нь ажвал бүгд согтуу. Тас тас инээлдэнэ. Тэр сайхан инээдээ хундага сархадаар даруулан ярвайх ч үгүй гуд гуд залгилна. Харин үнэр танар гэдгийг үгээр хэлэхийн аргагүй болжээ. Чийгний эхүүн үнэр, хөлс, архи тамхины үнэртэй холилдон хачин эвгүй ханхална. Тэр дундаас онцолж хэлэхэд тамхины утаа манан шиг танхим дүүрэн хөшиглөж харагдана лээ. Эндхийн дүр зураг эрүүл хүний нүдээр харахад ийм байгаагаас биш ууж суугаад наргиж байгаа залуусын хувьд жинхэнэ аз жаргал байдаг бололтой. Мөн европ охид ч хэд хэдээрээ байна. Манай эрчүүд тэднийг илүү сонирхож буй бололтой ширээнийхээ ойр гарах үед нь хамт суухыг санал болгон архи, тамхиар дайлж харагдана. Бие хаа сайтай монгол охид ч энд үнэ хүрдэг бололтой. Ширээнээс ширээ дамжин явсаар хэд хэдэн хундага сархад олж уун өөрийн суудалдаа эргэн тухалж харагдлаа. “Доргио хаус” нь 20 орчим үйлчлэгчтэй юм уу даа. Эдгээр үйлчлүүлэгчид хамгийн дээд хурдаараа ажиллаж буй ч захиалгаа гүйцэж ядан гүйлдэнэ. Энэ байдалд нь дургүйцсэн үйлчлүүлэгчид уур уцаараа хараал болгон гаргах ч явахыг хүсэх хүн нэг ч алга. Суудалдаа улам шигдэн сууж захиалгаа хүлээсээр. Бараг 20-30 минутын дараа зарим үйлчлүүлэгчдийн захиалга ирж байлаа. Харин рок хөгжмийн ая түс тас хийн эхлэхэд бүгд шахам босч эр эмээрээ тулж бүжиглэнэ. Ингэж бүжиглэсний эцэст эрэгтэйчүүд хоёроос гурван эмэгтэйг ширээнээ дагуулан ирж суух юм. Тэд ч гар гараа барилцан танилцсанаа тэмдэглэн мөн л архи захиалан 100 граммын хундага дүүргэн хоромхон хугацаанд ууж дараагийн захиалгаа өгсөөр л байв. Энэ үед баарны үүдээр зодоон цохионы асуудал үүсчээ. Гадаа гарч ажиглавал баарны баруун хойд буланд хоёр хүн зодолдож, бусад гурав нь салгах гэж оролдож байлаа. Тэдний үгийг чагнавал “Сайханаа би чамайг ийм хүн гэж үнэхээр бодсонгүйгүй явжээ. Өнөөдрөөс эхлэн хоёулаа андын харилцаагаа тасалъя. Чи намайг зүгээр зогсож байхад эхлээд цохисон биз дээ. Мангар бацаанаа” хэмээн п…. минь гэж хараана. Харин найз Сайханаа нь үг дуугүй өшиглөж, цохин дайрсаар л байв. Энэ хоёр найз хоорондоо эмэгтэй хүнээс болж муудалцсан бололтой. Тэгээд арай биерхүү томыгоо Сайханаа гэх жижиг залуу нь өрсөж цохин цус нөжтэй нь хольжээ. Тэгээд тэр эрчээрээ муу найзаа толгой түрийгүй балбасан нь энэ аж. Энэ мөчид баарны хойно өөр зодоон эхлэв. Мөн л дөрөв таван залуу төдий тооны эмэгтэйтэй хамт сууж байгаад нэгнийхээ тоглоомыг даалгүй “Доргио хаус”-д маргалдан тэндээсээ хөөгдөж гаран энд зодолдож эхэлжээ. Тэд бүгд согтуу байсан. Зодолдох гэх нь ч юу юм. Нэг нь цохихоор дайрч очин онолгүй тэр хурдаараа газар хатган ойчно. Нөгөөх нь боломжийг ашиглан дээрээс нь очиж зодох гэж оролдох авч мөн л газар цохиж гар хуруугаа шалбалж орхино. Ийн баахан ноцолдсоны эцэст залхуу нь хүрдэг юм уу даа. Ойролцоо байх хайс хашлаган дээр сууж чи эхэлсэн би эхэлсэн гэж хэсэг маргалдсаны эцэст дотор танилцсан охидоо дагуулан таксинд суун явж одлоо. Шинэхэн танилцсан охидууд нь ч юун хүлээцтэй юм. Тэднийг зодолдож дуустал баарны үүдээр эргэлдэж байгаад эвлэрснийх нь эцэст хамт такси хөлөглөн хаа нэг газрыг зорьж одох юм. Доргио хаусын дотор, гадна талд иймэрхүү согтуурал олон өдөр, олон цаг үргэлжилдэг бололтой. Гэхдээ хэв журам сахиулахаар хэн нэгэн цагдаа ирсэнгүй. Түүгээр ч үл барам үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой гэгддэг баарны хамгаалагч нар ч зодоончдыг зөнд нь орхиж байв.
Тэндээс хөдөлж Сансар, X, III-IV хорооллын баарнуудыг сонирхохоор шийдлээ. Эхлээд X хороололд байх Өвөрмонгол ресторанд байрлах “Стелла”-гийн үүдэнд очтол гэр бүлийн хоёр согтуу маргалдаж байна. Эхнэрээ энд архи ууж суухад нь нөхөр нь согтуу ирсэн бололтой. Эхнэр нь яв гэж хөөх ч нөхөр нь үл тоон эмэгтэйгээ заамдана. Эрэгтэй нь 0.5 литрийн шилтэй архи талд нь ортол уусан байна. Хэдийгээр хэрүүл хийгээд завгүй ч завсар зайгаар нь архиа мөн л залгилж харагдлаа.
Харин цаахна нь 30 орчим насны эмэгтэй суугаагаараа тасарчээ. Хажууханд нь архины шил босоогоороо байна. Бараг гучаад минутын дараа нэгэн эрэгтэй түүн рүү дөхөн ирж хажууд нь зогслоо. Тэрбээр ийш тийш харж байснаа эмэгтэйг сэрээхийг оролдон жаахан халгасан байртай холоос татаж чангааж үзэв. Гэтэл эмэгтэй хариу үйлдэл үзүүлэлгүй нүүрээ даран унтсан хэвээр. Энэ байдлыг нь ажсан нөгөө эр ч баахан зориг оров бололтой эмэгтэйн ард нь гарч суган доогуур нь гараа хийн дээш татан босголоо. Энэ байдлыг ажиж байсан такси үйлчилгээнд явдаг машины жолооч хурдхан шиг ирж хажууд нь түр зогсоод явахад нөгөө хоёр суугаад хөдөлжээ. Ямартаа ч уг тасарсан эмэгтэй энэ шөнөдөө хөлдөж үхэх аюулаас аврагдсан нь ойлгомжтой. Гэхдээ түүнийг авч явсан эрэгтэй түүний танил эсэх нь тодорхойгүй.
Дараагийн очсон газар бол III хороололд үйл ажиллагаа явуулдаг “X-Man” гэдэг газар байлаа. Энд хүрч ирэхэд 11.30 цаг болж байв. Тэнд бага залуу насны хүүхдүүд зонхилон ордог ажээ. Уг баарны үүдэнд хоёр хэсэг хүүхдүүд зогссон нь арван жилийн нэг ангийнхан бололтой. Зарим хэсэг нь эндээсээ хаачихаа ярьж байхад зарим нь амралтынхаа өдрийг хэрхэн өнгөрүүлэх тухайгаа хүүрнэцгээнэ. Гэхдээ тэд бага хүүхдүүд гэлтгүй архи сэнгэнүүлэн зогсоно. Ангийнх нь зарим сахилгагүй охид хөвгүүдээ шөнөжин явах тамир байна уу хэмээн шордож байгаа сонсогдлоо. Тэднээс холгүйхэн хэсэг хүүхдүүд бөөгнөрөн байв. Дөхөж очин чагнавал хэрэлдэж байгаа бололтой. Зарим нь үз, үз хэмээн хөөргөж байхад нөгөө хэсэг нь за больцгоо гэж хориглох дуулдана. Төд удалгүй бөөгнөсөн хүүхдүүд задарлаа. Ангийнхан хэрэлдэж, хэлэлцсэний эцэст хоёр найзыг зодолдуулах шийдвэрт хүрчээ. Ингээд тэд ухарч ухарч хоёр талаас гүйлдэж ирэн биенийгээ цохиж өшиглөлөө. Тэдний хэн нь ч амжилтад хүрч нэгнийхээ намалдгийг нээж чадсангүй. Хүч тэнцүүхэн хоёр бололтой. Тэгээд мөн л дахин хоёр талаас дайрлаа. Хэд хэдэн удаа халз нудрага зөрүүлэлцсэн ч ангийнханд нь төдийлөн таалагдахаар гоё зодоон болж чадсангүй бололтой байв. За та муу хоёр ингэж зодолдох, үнсэлцэхийн хооронд заваарч байхаар бүгдээрээ баарандаа орцгооё хэмээн зодоончдыг салган авч явав. Тэдний араас баар руу орвол урт нарийхан шат уг байрны подваль руу хөтөлж оруулна. Тэнд дээд тал нь аравдугаар анги болов уу гэмээр 100-гаад хүүхэд сууж байлаа. Харин тэдний ууж буй зүйл нь дан архи. Хажууд нь ганц хоёрын зэрэг ус төдийхөн л байх аж. Бүжгийн ая эхлэхэд охидууд нь хөвгүүдээ уриалан бүжгийн талбай руу зүглэх ажээ. Харин үлдсэн хэд гурван хөвгүүд нь тэднийг буцаж ирэхээс нь өмнө гялс ганц нэг татчихъя хэмээн ярилцан найзуудаасаа архиа нуун ууж суулаа.
Эндээсээ хөдөлж Сансарт хүрч ирлээ. Тус газрыг залуус “харчуудын хороолол” гэх болжээ. Учир нь барууны кинон дээр гардаг шиг үйл явдлууд болдог бололтой. Тийм дүр зураг ч харагдана. Шөнийн 00 цаг өнгөрч байхад өдрийнхөөс илүү хөл хөдөлгөөнтэй, түүнийг дагасан бяцхан бизнес цэцэглэж байна. Зарим иргэд шоудсан хүмүүст шорлог хийн худалдаалж байхад нөгөө хэсэг нь ширхгийн тамхи, цагаан утсаар үйлчилж байв. Энэ үйлчилгээнд ч архичид дуртай байдаг бололтой ойр орчмоос нь хүний хөл татарна гэж үгүй. Харин баарнуудынх нь хувьд гэвэл замын зүүн талаар нь эгнээстэй. “Банана”, “Ньюпрэйнд”, “Соёо” гэх мэтчилэн жижигхэн баарнууд олон байна. Энд орсон хүмүүс ихэвчлэн архи л захиалдаг гэнэ. Ийн архи уудаг шалтгаан нь мөнгөнд хэмнэлттэй, мэдрэлд нь хурдан үйлчилдгээс тэр аж. Биднийг энэ хавийн баарнуудаар ороход үйлчлүүлэгчид архи л хөнтөрсөөр суув.
Бид явсаар хамгийн сүүлд шөнийн нэг цаг болж байхад “Өргөө” кино театрын өмнө байрлах “Осеаn” гэх бааранд хүрч очив. Гаднаас нь ажиглахад хаягных нь гэрэл унтраастай ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй мэт. Харин дөхөж очиход өөдөөс хамгаалагчийн хувцас өмссөн залуу хүрч ирэн хэдүүл явна, суудал байна шүү хэмээн угтав. Түүний хэлснээр дотогш нэвтэрлээ. Орж очиход дүүрэн хүн. Биднийг суулгах гэж нэлээд юм боллоо. Эрт орж ирэн сүүлдээ уух архиа багасган удаан суухыг хүсэх болсон залуусыг баарныхан гадарлажээ. Тэгээд тэднийг шахсаар ширээнээ байсан архи, пивийг хүчээр шахам уулган тооцоог нь хийлгэлээ. Биднийг хөөгдөж гарсан хүмүүсийн суудалд сууж амжаагүй байхад үйлчлэгч хүрч ирэн юу захиалах вэ гээд зогсож байв. Бидний өмнө нь орсон баарнуудыг бодвол эднийд хүн олон цугладаг бололтой. Таван хүний суудалд зургуул, бүр том арван хүний суудалтай ширээнд 15-16 хүн сууж харагдана. Төд удалгүй рок хөгжмийн ая эгшиглэлээ. Тэрхэн агшинд ширээнд сууж байсан хүмүүс бүгд шахам босч бүжгийн жаахан талбайд шавах нь тэр. Ихэнх нь согтуу, зарим нь хана налан бүжгийн тайз, ширээ хоёрын хооронд явна. Харин энэ мөчийг тааруулан баарны DJ байдаг чадлаараа хашгичиж эхэллээ. Тэр юу гэсэн бэ гэхээр “За залуусаа өглөөний зургаан цаг хүртэл бидэнтэй хамт байгаарай. Ажлын таван өдрийн стрессийг өнөө шөнө нам тайчъя. Одоо л энийг хийхгүй юм бол залуус бид өвгөрч, эмгэрсэн хойноо хийнэ гэж үү” хэмээн хоолой мэдэн бахирлаа. Энэ байдал нь ч согтуу залууст таалагдсан бололтой. Тэнхээ мэдэн бүжиглэж гарлаа. Жаахан бахардаад ирэхээрээ ширээ рүүгээ гүйн хүрч ус, архи холин залгилсны эцэст буцан бүжгийн талбай руу хүрч очно. Ингээд бид хэсэг суусны эцэст гарахаар болж зөөгчөөс тооцоогоо хийе гэтэл “Аан” гээд итгэсэн янзгүй өөдөөс ширтэв. Дахин хэлтэл тэрээр билл барин гүйж ирлээ. Эднийд үйлчлүүлж буй залуус ийм хурдан гардаггүй бололтой. Бид гарснаар эднийх бараг завшсан гэж хэлж болно. Учир нь хувцсаа ч өмсөж амжаагүй байхад арав гаруй хүмүүс ирэн бидний суудлыг эзэгнэхээр зэхэж байсан юм. Энэ дашрамд нэгэн зүйлийг хэлэхэд тэнд суух хугацаандаа бие засах өрөө рүү нь орсон юм. Гэтэл тэнд орохын эцэс алга. Шээсний эхүүн үнэр хамар цоргин хөл хөдлөх бүрийд шал шал гэж дуугарч сонсогдлоо. Гайхан доош хартал бие засах өрөөнийх нь шал тэр чигээрээ ус, шээсээр дүүрчээ. Согтуу нөхөд суултуурынхаа гадуур бие засчихдаг бололтой юм. Ер энэ байдал баар бүхэнд байдаг юм билээ.
Баасан гаригийн үдэш нийслэлийн цөөхөн хэдхэн бааранд орж үзэхэд ийм байлаа. Үүнээс цааш ил далд үйлчилгээ үзүүлдэг ийм төрлийн байгууллагууд хэд, хэд бий гэдгийг хүмүүс биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Энэ үдэш нийслэлийн хэмжээнд 211 хүн эрүүлжүүлэх байранд хоног төөрүүлжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан 69 жолоочийг саатуулж тохирох арга хэмжээг нь авсан талаар цагдаагийн байгууллага мэдээлэв.
Л.МӨНХТӨР, А.БИЛГҮҮН, Гэрэл зургуудыг Б.МӨНХ–ЭРДЭНЭ