Ханиад хүрэв үү, үгүй юу л эмийн сан руу гүйж, сураг төдий сонссон эмээ хүүхдэдээ таамгаараа өгдөг зан манайхаас өөр улс оронд бараг байдаггүй байх.
Хоолой өвдөж, гэдэс эвгүйрхэхэд барагтай л бол эмч, эмнэлэг хоёрт ханддаггүй, гэртээ ойр зуурын эмээр хүүхдээ эмчлэх гэдэг хэнэггүй зантай хүмүүст дараах мэдээллийг дуулгаж байна. Хүүхдэд ямар эм өгч болохгүй вэ гэдгийг та дараах мэдээллээс уншаарай.
Аспирин агуулсан эмийг хэзээ ч битгий өг
Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь “Reye’s Syndrome” буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсанаас болж үүсэх эмгэг хүртэх аюултай байдаг байна.
Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг. Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юмуу эмчээс найрлаганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй.
Жоргүйгээр ханиадны эм авах хэрэггүй
2007 онд Америкийн “Food and Drug Administration”-оос зарим нэг хүүхдийн ханианы эмийг зургаагаас доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулж байсныг санаж байгаа байх. /Tylenol, Johnson’s baby-н нэр төрлийн эмүүд/ Эдгээр эмүүдийг зургаагаас доош насны хүүхдэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг мөн хоёроос доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюулгүй болохыг хараахан судлан шинжлээгүй байгаа билээ. Хэмжээ нь ихэдвэл муу нөлөө ихтэй байх нь ойлгомжтой. Тиймээс таны хүүхэд ханиад хүрсэн бол өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх болон ахиухан шингэн юм уулгахыг танд зөвлөе.
Цэр ховхлох, бөөлжүүлэх эм ханиадыг хүндрүүлж ч мэднэ
Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхэддээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ханиад шуухнианаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурийн зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй. Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.
Томчуудын эмийг багачуудад бүү өг
Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг. Тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе. Мөн өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй. Үүнээс үүдэх хор хөнөөл ихтэй. Эмийг зөвхөн өвчний байдалд тохируулж бичиж өгсөн байдгийг сана.
Хугацаа нь дууссан эмийг шууд хая
Удахгүй хугацаа нь дуусах гэж байга эмийг шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг. Тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэснээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүйтэй. Хугацаа нь дууссан эмийг жорлон руугаа урсгаж болохгүй учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.
Парацетамол өгч болохгүй
Халуун болон өвчин намдаахын тулд парацетамолын найрлагатай эмүүд байдаг. Гэвч хүүхэддээ дан парацетамолыг өгч болохгүй. Эм чинь л зөвлөсөн үед парацетамол болон Имопурофен /өвчин намдаагч/ агуулсан эмийг хэрэглүүлээрэй.
Зажилдаг эм хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай
Хэрвээ хүүхэд чинь хатуу юм иддэг бол та зажилдаг эмийг сонгож болох ч эмээ өгсөнийхөө дараагаар иогурт ч юм уу шингэн зүйл уулгаарай. Зажилдаг эм нь хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай байдаг. Ургамлын гаралтай ихэнх эмнүүд ургамлаас гаргаж авсан цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэсэн үүднээсээ аюулгүй байдаг ч гэсэн энэ нь хүүхдэд зү- гээр гэсэн үг биш юм. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ихэнхдээ харшлын шалтгаан болж байдгаас гадна элэгийг гэмтээх болон цусны даралтыг ихэсгэж байдаг. Тун хэтрэх буюу буруу эмтэй хольсон тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Хүүхэддээ ургамлын гаралтай зүйлсийг хэрэглүүлэхээсээ өмнө эмчтэйгээ сайн зөвлөөрэй.