Уран бүтээлээ хөөж яваагаараа “Universe best songs“-оос төрсөн цорын ганц дуучин гэж хэлэгдэх болсон Цэлмүүн “Exodus” нэртэй анхны цомгоо гаргаад байгаа . ”Exodus” гэдэг нь гэрлийн улирал гэсэн утгатай үг аж. Цомогтоо багтсан ‘’Гэрлийн улирал” дуугаараа ийнхүү цомгоо нэрлэсэн тэрээр зодог тайлж, үндсэн мэргэжлээрээ ажиллахаар шийдээд байгаа сурагтай.
Түүний “Exodus” цомгийн нээлтэд хөгжмийн зохиолч, МУСГЗ Л.Балхжав”, “UBS” телевизийн уран бүтээл хариуцсан дэд захирал Ж.Баяр, “Prosound” студийн продюссер Рагу Раман, ая зохиогч Оки нар болон дуучин бүсгүйн үнэнч фэнүүд нь оролцсон. Цомгийн нээлтийн үеэр цаг ямагт амнаасаа “Ямар ч мэдрэмж байхгүй. Хайш яйш…“ гэх зэргээр билэггүй голдуу үг унагаж суудаг ноён Рагу Ч.Цэлмүүнд “Монголын шинэ дива” хэмээх алдрыг хайрлав. Уг нь Монголчууд Сэрчмаа, Наран, Алтанцэцэг тэргүүтэй таван диваг аль хэдийн тодруулчихсан. Цэлмүүн тэдний энд хүрнэ гэдэгтэй санал нийлэх хүн тэр бүр гарахгүй биз. Ямартаа ч Рагугийн дива болсон Цэлмүүний цомог 21 мянган төгрөгөөр үнэлэгдэн, хамгийн үнэтэй цомгийн жагсаалтад ороод байгаа аж .
NUUTS.MN Х.Норов