“Захиалгат инээд” хамтлагт хүчин зүтгэж явсан жүжигчин Р.Адъяа сүүлийн үед дэлгэцийн бүтээлд хүч үзэх болсон. Тэрбээр хамгийн сүүлд “Маск” киноны гол дүрд тоглосноор үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Мөн тэрбээр өнгөрсөн бямба гаригийн үдэш УДЭТ-т болсон “Academy awards-2012” кино наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид “Миний ахын эхнэр” киногоор нэр дэвшсэн ч “Богд хаан” киноны туслах дүрээр УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд дээрх шагналыг хүртсэн юм.
Энэ үеэр жүжигчин Р.Адъяагаас сүүлийн үеийнх нь уран бүтээлийн сонин хачинаас асуулаа.
– Энэ зун хоёр, гурван кинонд тоглохоор урилга хүлээн авсан. Үүнээс гадна хувийн студиэ нээхээр ажиллаж байна. Одооноос багаа бүрдүүлээд эхэлж байгаа. Ихэвчлэн залуучууд нэгдэж байна. Бид ерөнхийдөө дэлгэцийн бүтээл туурвих бодолтой байгаа ч стидийнхээ ажлыг мюзикл жүжгээр эхлүүлэхээр ярилцаж байна. Энэ жүжигт СУИС-ийг мюзиклийн чиглэлээр төгссөн жүжигчид хамтран ажиллахаар болсон.
– Яагаад мюзикл жүжиг тоглохоор болсон юм бэ?
– Би өмнө нь “Валентины захидал” кинонд тоглож байсан. Энэ кинонд мюзикл хэлбэрийг түлхүү оруулсан. Анхны туршилтуудаа хийгээд үзчихсэн болохоор түүртэх зүйл байхгүй гэж бодож байна. Мөн бидний ажлыг дэмжих сайхан найзууд, ах, эгч нар маань байгаа болохоор санаа зовохгүй байгаа.
Ө.Халиун/www.INET.mn