Сонгуулийн тухай хуулиар улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. Хүүхнүүд ч баяртай байгаа. Энэ нь 76 нэр дэвшигчийн 15 нь эмэгтэй байна гэсэн үг. Гэхдээ 15 эмэгтэйгээ 48 тойрогтоо нэр дэвшүүлэх үү, намынхаа жагсаалтад оруулах уу гэдгээ улстөрийн намууд дотоод сонголтоороо хийлээ. Харин намдаа танигдсан, таалагдсан, хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн “хүрд эргүүлэх” хүүхнүүдийн хэн нь хэн бэ гэдгийг сонирхъё.
Ардчилсан нам |
Монгол Ардын нам |
Ардчилсан намын жагсаалтад найман эмэгтэй бичигдсэн. “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаа эмэгтэй нэр дэвшигчдийн эхэнд байгаа бол Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг аман хүзүүджээ. Р.Бурмаагийн хувьд 2008 оны болон 2009 оны нөхөн сонгуулиар УИХ-д нэр дэвшиж байсан ч ялагдаж байсан. Энэ сонгуульд түүнд даагаа нэхэх боломж олдлоо. Гэхдээ энэ удаа түүнд өөрийн чадлаар бус намын чансаагаар сонгогдох гарц олджээ. Гэхдээ нам нь 25 хувийн ялалт байгуулж чадвал шүү дээ. Ардчиллын анхдагчдын нэг, сонгогчдыг ардчилсан сонгуультай танилцуулах ажлыг олон жил хийсэн тэрбээр сонгуульд нэг бус удаа өрсөлдөн аман хүзүүдсээр ирсэн.
Харин энэ удаа Элбэгээ Ерөнхийлөгчийн татаасын ачаар эмэгтэйчүүдээсээ хамгийн дээр жагсч байна. Харин М.Батчимэгийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажилладаг. Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, мөн улс үндэстний эв нэгдлийн бэлгэдэл. Энэ ч үүднээс аюулгүй байдал бол Ерөнхийлөгчийн ажлын хамгийн чухал чиг үүрэг бөгөөд энэхүү үүргээ хэрхэн гүйцэтгэх тухайд М.Батчимэг зөвлөж байгаа нь түүнийг хэр чадалтайг хэлээд өгөх биз ээ. Ажлын гараагаа Стратегийн судалгааны хүрээлэнгээс эхэлсэн. Бас нэгэн нэр дэвшигч бол АН-ын Тамгын газрын дарга Б.Ургамалцэцэг. Нам дотроо “Алтангадас”-ын угшилтай, багш мэргэжилтэй. Ажлын гараагаа УИХ-ын Тамгын газраас эхэлж, АНУ-ын Пентагоны “Хүүхэд хөгжил”-ийн төвд ахлах багшаар уригдан ажиллаж байсан гэж байгаа. Мөн Дэлхийн банкны “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” төслийн зохицуулагчаар ч ажиллаж байв. Ингээд 2008 оноос АН-ын Хүний нөөц хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж буй түүнийг дарга Н.Алтанхуягийн хүн гэдэг. Жагсаалтын 15 дугаарт МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа бичигдсэн. Хууль биелүүлсэн болж харагдахын тулд бэлгэдлийн чанартай мандатыг бэлгэнд авчихсан яваа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болох дотоод сонгуульд оролцоод Ц.Оюунгэрэлд ялагдаж байв. МоАХ-ны идэвхтэй гишүүн, зүтгэлтэн ч төрийн албанд ажилласан түүх түүний хувьд үгүй. Араас нь “Монгол шуудан” банкны дэд ерөнхийлөгч З.Нарантуяагийн нэрийг бичжээ. 2008 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвшиж байсан ч олонхын дэмжлэг аваагүй тэрбээр эдүгээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүний албатай. Өмнө нь Төв банкинд дээгүүр албан тушаал хашиж байсан бол өдгөө “Монгол шуудан” банкийг удирдаж байна. Жагсаалтын 21 дүгээрт Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, С.Сувдаа бичигдсэн. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй. “Хонх”-ын С.Цогтсайхан, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал нартай хойно нэг ангид сурч байсан гэсэн. Эрдэнэтэд кабелийн жижиг телевизтэй, мөн багахан хэмжээний хэвлэх үйлдвэртэй. Ардчилсан намын жагсаалтад орсон орон нутгийн анхны гишүүн. Хойгуур жагсч байгаа болохоор гишүүн болох шансгүй ч ирээдүйд хуваах бялуунаас их биш ч хүртэх магадлалтай. Монголын инкубаторын холбооны ерөнхийлөгч Ц.Энхтуяа ардчиллыг анхнаас нь дэмжиж ирсэн. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүн гээд сонгуульт ажил олонтой. Түүний ард жагссан Д.Үүрийнтуяагийн хувьд Ардчилсан хүчний холбооны тэргүүн, гүйцэтгэх захирал. Холбооныхоо тэргүүн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй хамт нийгмийн даатгалын мөнгийг идсэн хэргээр буруудах шахаж байсан. Үүнээсээ болоод Ганцхудагт улстөрийн өлсгөлөн зарласан удаатай. МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь Ардчилсан намын жагсаалтад нэлээд ард явна. Тойрогт нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн дунд танил хүн олон байна. ҮЗХ-ны гишүүн И.Нарантуяа, эдийн засагч С.Одонтуяа, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл, гишүүн асан Б.Мөнхтуяа гээд улс төрийн өндөр идэвхтэй, сонгууль алгасалгүй горилогч бүсгүйчүүд бий. Халамжийн гэх тодотголтой “Туул ротари” клубийн тэргүүн Б.Мөнхцэцэг Дорнодын тойргийг тоочигложээ. 2000 онд АЗХ байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж ирсэн тэрбээр Ц.Элбэгдоржийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэд даргаар томилогдон ажиллаж байв. |
МАН хуулийн дагуу нийт нэр дэвшигчдийн 20 хувь буюу 16 эмэгтэйг Их хуралд дэвшүүлэхээр илгээсэн. Олонхыг нь намын жагсаалтад оруулжээ. Нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл намынхаа жагсаалтын 10 дугаарт бичигдэж, эмэгтэй нэр дэвшигчдийн дунд чансаагаар тэргүүн гэдгээ харуулав.
Түүний хувьд хэвлэл мэдээллийн салбараас гарсан цөөн улстөрчийн нэг. Тус салбарт 20 жил ажилласан тэрбээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан анхны эмэгтэй. Харин тэрбээр өнөөдөр иргэн, эсвэл сэтгүүлч Д.Сарангэрэл биш 90 жилийн түүхтэй намын нарийн бичгийн дарга болоод байна. Улс төрд түүний орон зай, хийх ажил бий юу гэвэл бий. Наанадаж хэдэн парламентын нүүрийг үзсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн замыг нь засч өгөх биз. Угаасаа энэ хуулийн батлагдах эсэх нь улстөрчдийн хүсэл зоригоос хамаарч байгаа юм. Тэрбээр “Хэвлэлийн эрх чөлөөг баталъя гэвэл эдийн засагт эрх чөлөө олгох хэрэгтэй” хэмээн хэлж байсан удаатай. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн ардын сургаалыг амьдрал дээрээ хэрэгжүүлж байгаа хүн Д.Сарангэрэл байх. Тэрбээр жирийн нэгэн сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж байсан бол өдгөө “ТВ-5” телевизийг хөл дээр босгочихсон байна. Биеэ засаад гэрээ засчихсан тэрбээр өнөөдөр төрөө засахаар зориг, зорилго шулууджээ. Намын жагсаалтад орсон дараагийн эмэгтэй нэр дэвшигч ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав. Тэрбээр Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч “Монполимет” компанийн ерөнхий захирал байсан. Тэрбээр аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртэж, Монголын шилдэг эмэгтэй удирдагч, Монгол Улс, ОХУ-ын уул уурхайн салбарын тэргүүний ажилтан гээд олон алдрын эзэн. “Материал баялаг бүтээдэг хүмүүсийн олонх нь бүсгүйчүүд байдаг. Тэд улс төрийн салбарт ч эрчүүдтэй эн зэрэгцэн ажиллахад дутах зүйл ер байхгүй” хэмээн хэлдэг Ц.Гарамжав захирал их улс төрд хөл тавих цаг болсонтой хэн ч маргахгүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн дараагийн эмэгтэй бол БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа. НИТХ-ын гишүүнээр найман жил суусан тэрбээр нийгмийн бодлого тодорхойлохдоо нийслэлдээ л мэргэшсэн хүн. За тэгээд дэд сайд Ж.Цолмон, В.Удвал, Ж.Сауле гээд улс төрд байр суурьтай боловсон хүчнүүд жагсаалтыг өнгөлж байгаа юм. “Петровис”-ын Д.Энхчимэг, зохиолч Г.Мөнхцэцэг нарын нэр нь танил, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бүсгүйчүүд ч оржээ. Харин томилолт өвөртлөөд тойрогт нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн тухайд намдаа нэг суудал найдвартай авч ирэх хүмүүс. Д.Арвин, Д.Оюунхорол гээд улс төрийн бодлогыг зангидалцаж буй улстөрч эмэгтэйчүүд Завхан болон Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй. Хоёулаа л байнгын ажиллагаатай парламентад хэд хэдэн удаа сонгогдсон гэдэг утгаар улстөрчийн болон ард түмний элчийн үүргээ хэр сайн гүйцэтгэснийг нь хэлээд өгнө. Түүнээс гадна Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан гээд төрийн ажил хийж сурсан лидер эмэгтэйчүүд олон. Харин Сэлэнгэ, Баянхонгор аймагт нэр дэвшигч С.Гэрэлмаа, М.Билэгт нарын тухайд улс төрд шинэ. С.Гэрэлмаа МХЕГ-ын дарга Р.Содхүүгийн охин гэсэн. Монголын хөрөнгийн биржийн зээлийн бодлогын урдаа барьдаг боловсон хүчин тэрбээр Сэлэнгийн унаган охин. Харин М.Билэгт бол “Ачлал трейд” компанийн ерөнхий захирал. Том компанийг төвөггүйхэн удирдаж байгаа тэрбээр төрийн ажлыг ч хэнээс ч дутахгүй хийгээд байж чадахаар нэгэн. |
Б.Энхжаргал