Рок хөгжим, нүдний шил, хар хувцас, чадалтай хоолой, шударга зан. Энэ бол түүний ертөнцийн өчүүхэн хэсэг. Түүнд бусдаас өөр дотоод ертөнц, мөн чанар байдаг. Үүнийгээ тэр дуугаараа илэрхийлдэг. Буржгар урт үс, булцгар хацартай жаахан охин шиг харагддаг ч үнэндээ хэнээс ч илүү шулуун шударга зантай дуучин Б.Маралжингоотой ярилцлаа.
-Маралжингоог монголчууд даруухан хэрнээ даацтай дуулчихдаг шинэ үеийн чадварлаг уран бүтээлч гэдгээр нь мэддэг байсан бол “Яг түүн шиг” шоуны дараа арай өөрөөр хардаг болсон болов уу. Энэ шоу таны хувьд нээлт болсон гэдэгтэй санал нийлэх үү?
-“Яг түүн шиг” шоу бүх оролцогчийг байгаа түвшнээс нь ахиулж, тухайн хүний нууц олон авьяасыг нээсэн шоу болсон. Би Оросын “Один в Один” шоуны үзэгч байсан учир “Боловсрол” суваг телевизээс санал тавихад нь шууд л зөвшөөрсөн.
Би аав, ээжийнхээ хайртай зүйлүүдийг шингээж төрсөн учир өөрчлөх хүсэл огтхон ч байдаггүй
Миний хувьд өөртөө байгаа ч гэж мэдээгүй нөөц бололцоог энэ шоугаар гаргасан. Би нэлээд даруухан талдаа зан ааштай. Хувь хүн талаасаа өөрийгөө илүү задалж, дотроосоо асаж, хүч гаргаж сурсан гэх үү дээ. Тэгэхээр өөрийгөө нээсэн гэдэг нь уран бүтээлч хүний хувьд сайн задарч сурсан гэж хэлэхэд болно байх.
-Дүрийн оноолт бусад оролцогчдыг бодвол харьцангуй гайгүй таарсан байх. Хамгийн хэцүү дүр хэн байв?
-Бүх дүр жаахан түвэгтэй, хэцүү байсан. Жүжиглэх тал дээр өмнө нь ямар нэг юманд оролцож байгаагүй болохоор яах аргагүй жүжиглэх, задгай байх шаардлагатай болсон. Жүжиглэх авьяасгүй хүн чинь гэнэт өөрийгөө тэгэж хүчилж, эвдэнэ гэдэг хэцүү юм байна лээ.
Бүх дүрийнхээ ард гараад эргээд харахад үнэхээр кайфтай, дурсамжтай санагдсан. Шоуны сэтгэлд минь хоногшсон дүр Түмэндэмбэрэл гуайнх байсан. Тэр үед би эмээтэйгээ маш төстэй болсон. Би эмээ дээрээ өссөн болохоор цаанаасаа сэтгэл хөдлөөд, өөрийгөө харах тоолонд уйлчих гээд байв. Ээж маань хүртэл телевизээр намайг үзээд, уйлаад залгаж байсан.
-Өөрийг тань хүчирхэг хоолойтой гэдгээс гадна шударга зантай гэж хүмүүс дүгнэж байна?
-Аав маань ээжийн уурыг хүргэтэл хэт шударга зантай хүн. Харин ээж их зөөлөн, тайван. Аав, ээж хоёрын минь энэ сайхан эрхэм зан чанар надад байдагт би үнэхээр талархаж, баярладаг.
-Танай удамд дуучин хүн бий юү.Та багаасаа дуулах дуртай байсан уу?
-Манай өвөө “Ээ дээ, энэ хүүхнүүд үү” киноны Идэр, “Тунгалаг тамир” киноны Бадарч тахарын дүрийг бүтээсэн жүжигчин хүн. Манай аавын талд мөн уртын дууч хүн байсан гэсэн. Тэгэхээр энэ зүйлүүд надад өвлөж ирсэн юм болов уу. Гэхдээ багаасаа хөгжим сонирхож, дуу дуулж байсан хүний хоолойнд өнгө тогтсон, суусан байдаг.
Хэлд ороогүй байхдаа хөгжим сонсоод хэмжээг нь алдахгүй аялдаг байсан гэж ээж маань ярьдаг. Тэгээд л мэдээ орсон цагаасаа дуу хөгжимтэй “наалдсан”. Манай аав амьд хөгжмийн AC / DC, Led Zeppelin, Pink Floyd гээд тухайн үеийн рок хамтлагуудыг сонсдог байсан. Түүнийх нь нэг тийм гоё өгүүлэмж нь надад нөлөөлсөн. Хажуугаар нь сонгодог хөгжмөөр хичээллэдэг байлаа.
Сонгодог урлаг хүний мэдрэмжийг “мэрдэг”, нарийн мэдрэмж шаардсан урлаг. Тиймээс олон талын сонирхолтой зан ааш уялдаж, миний одоогийн хөгжмийн боловсрол бий болсон байх. Хүн үнэхээр хөгжимд дуртай бол түүнийг зогсоо зайгүй сонсдог. Би багаасаа л олон төрлийн хөгжим сонсдог байсан болохоор миний хоолойд болон зан аашинд маань нөлөөлсөн юм болов уу.
-Хэдэн цомог гаргасан бэ. Яагаад бие даасан тоглолтоо хийдэггүй юм бэ?
-Бие даасан тоглолт хийхийг бодолгүй яах вэ. Гэхдээ олон хүний туршлагаас харахад яараад хийчихээр эргээд харамсдаг юм шиг байна билээ. Хүн өөрийгөө болсон гэдийг мэдрээд, “За одоо л цаг нь юм байна” гэсэн мэдрэмж төрдөг дөө. Тэр үедээ л хийе гэж боддог. Үүнээс өмнө надад хийхээр төлөвлөсөн олон ажил байна.
-Ойрын хугацаанд шинэ уран бүтээл гаргах уу?
-Шинэ дуунууд хийсэн байгаа. Хөгжмийн багтай хамтарч, том ажил эхлүүлэхээр зэхэж байна. Том ажил гэдэг нь миний хоёр дахь цомог. Ерөнхийдөө цомхон бөгөөд чанартай хөгжимтэй цомог гаргана.
-Гэр бүлийнхнийхээ талаар танилцуулахгүй юу?
-Хувийн амьдралынхаа талаар ярих нэг их дуртай биш. Шар мэдээллээр олны анхаарлыг татах хүсэлгүй. Даруухан амьдрах дуртай. Гэхдээ зарим нэг асуултад хариулах нь зүйтэй болов уу. Эцэг, эхээсээ гурвуулаа. Нэг ах, нэг дүүтэй. Айлын дунд хүүхэд. Аав маань хэд хэдэн мэргэжилтэй. Хамгийн анхны сургуулиа АНУ-д улс төрийн чиглэлээр дүүргэсэн.
Нэлээд олон сургууль төгссөн, боловсролоор дагнасан хүн. Ээж мөн адил. Ахын хувьд Энэтхэгийн томоохон дацанд шавилж, бага насаа өнгөрөөсөн. Монголдоо Шашны дээд сургууль, дараа нь МУИС-д гадаад харилцааны чиглэлээр сурсан. Манай дүү одоо АНУ- д суралцдаг. Миний хувьд урлагаас өөр мэргэжлээр сургууль төгссөн. Одоо урлагаас гадна мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа.
Хорогдмоор, нандин дурсамжууд зөвхөн Завханд л байдаг
-Дуучин болох гараагаа “B продакшн”-аас эхэлсэн бил үү?
-12 настайдаа Дашка багшийнхаа “Nature sounds” студид орж байсан. Энхзол эгч, филармонийн Наагий ах бид нар анхны төгсөлт. Дараа нь “Хувьсал” продакшны Цогоо ах санал тавьж, Номинжин, Хаянаа ах, бид гурав “Чамайгаа алдмааргүй байна” дууг дуулсан. Ингээд 14-тэйдөө “Үгүйлэн санана даа” зэрэг дууг дуулсан. 16 настайгаас “B продакшн”-тай хамтарч ажилласан.
-Маралжингоогийн анхны имиж өнөөдөр огт өөр болсон. Таныг гоо сайхны хагалгаанд орсон гэх мэтээр янз янзаар л ярьдаг шүү дээ?
-Хүмүүс намайг цогц мэс засалд орж, бүх юмаа засуулсан гэж ярьдаг. Хэрэв би мэс ажилбар хийлгэсэн бол одоо шөвгөр царайтай байх байсан байлгүй дээ. Хүн эцэг, эхийнхээ ямар нэг зүйлийг дуурайж төрдөг. Энэ бол маш гоё зүйл. Би ч гэсэн аав, ээжийнхээ хайртай зүйлүүдийг шингээж төрсөн учир өөрчлөх хүсэл огтхон ч байдаггүй.
“Өөхөө соруулсан. Хамар хийлгэсэн. Хацраа хасуулсан” гэх мэт миний тухай онцгүй яриа гарсан. Гэхдээ мэс ажилбарыг хэзээ ч буруутгахгүй. Тухайн хүнд таалагдаж байвал болох л зүйл. Тэрийг хэн ч шүүж, буруутгах эрхгүй. Амаа хамхиад дотроо л бодох хэрэгтэй. Хүнд зориулж хэлэх хэрэггүй.
-Яагаад турахаар шийдсэн бэ. Фитнессээр хичээллэхээс гадна өөр ямар нэг арга хэрэглэсэн үү?
-Шилжилтийн нас байсан. Бусад охидын адилаар гоё болохыг хүсээд эрс шийдсэн юм. Хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьснаар 40 кг хаясан. Жоохон байхдаа 89 кг байсан. Аймар, бүр асар бүдүүн хүүхэд байсан. Өвчин зовлонгүй хэрнээ махлаг хүүхдүүд байдаг даа. Тэдэн шиг л төрөлхийн мяраатай байлаа.
Миний нэг сайн зан гэвэл ямар нэг зүйлд зорилго тавьбал мэрийж байгаад хүрэхийг хичээдэг. 13-тай хүүхдэд ямар юмных нь элдэв бодол байх билээ. Тэр үед “Чамайгаа алдмааргүй байна” дууг дуулж, олны танил болсон байсан. Автобусанд суухаар хүмүүс “Яана аа, ийм муухай хүүхэн байсан юм уу” гэж ярина. Бүр ээжийн маань насны хүмүүс хүртэл ярьдаг байсан.
Гэртээ уйлаад л орно. “Ахиж хэзээ ч гэрээсээ гарахгүй” гээд хэд хоног гэртээ бүгнэ. Жаахан байсан болохоор маш их гомддог байсан. Гэхдээ одоо “Энэ бол надад хандсан мессэж байна. Эсвэл зүгээр л тухайн хүний онцгүй, уурламаар санагдсан өдөр нь бололтой” гэх мэтээр юмны учрыг ойлгож, асуудалд тайван ханддаг бослон. Тиймдээ ч жаахан зүйлд сэтгэлээр унаж, бүдэрдэггүй.
-Маралжингоо гэдэг таны уран бүтээлийн нэр юм уу. Тэгвэл жинхэнэ нэрийг тань хэн гэдэг юм бэ?
-Үгүй ээ. Боловсрол суваг телевизийн “50 саяын уналт” нэвтрүүлэгт би үнэхээр дуртай байсан. Гэтэл нэг удаагийн дугаарт Эгшиглэн, Агиймаа, Цэлмүүн бид дөрвийн хэн нь Өэлүн гэдэг нэртэй вэ гэж асуусан. Би бүр гайхаад “Агиймааг Өэлүн гэдэг юм болов уу” гэж гайхаж байтал би болж таарсан. Үүнээс хойш л энэ яриа гарсан байх.
Өэлүн гэдэг нэр хаанаас гарсан юм бүү мэд. Миний төрсний гэрчилгээн дээр ч нэр маань Маралжингоо гэж бий. Өэлүн бол үнэхээр гоё нэр шүү дээ. Маралжингоо гэж далийтал солих шаардлагагүй. Аав маань урлагийн өндөр мэдрэмжтэй хүн учир нэрийг маань хүртэл нухацтай бодож өгч байсан гэж ярьдаг. Тэгэхээр намайг Маралжингоо гэдэг.
-Таныг баян айлын хүүхэд болохоор уран бүтээл хийх гэж чармайдаггүй гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Би энгийн, эгэл даруухан айлаас гаралтай. Ээж, аав маань төрийн албан хаагчид. Хувиараа өөр ажил хийдэг болохоор байнга үзэгчдийн нүдэнд харагддаггүй байх л даа. Гэхдээ хэзээ ч уран бүтээлээ орхигдуулахгүй. Учир нь багаасаа л дуу хөгжимтэй холбогдсон хүн, би. Нэгэнт чи уран бүтээл хийгээд эхэлчихвэл хаяхад үнэхээр хэцүү, сэтгэл өвдөм байдаг юм. Тийм болохоор урлаг миний хувьд яасан ч хаяж, гээхгүй үнэт зүйл.
-Рэппер Жийтэй үерхэж байсан гэсэн. Саяхан түүний хурим боллоо. Таныг маш дургүй байна гэсэн мэдээлэл гарсан?
-Энэ бүр үнэхээр тэнэг асуудал. Бодоод үз дээ. Хүн 15 настай үеийнхээ бүх дурсамжийг санадаг бил үү. Сэтгэлд нэг тийм тод юм байдаггүй шүү дээ. Жий бид хоёр жаахан байсан. Гэдгэнэсэн хоёр хүүхэд найзалж байгаад л хоёр тийшээ болсон.
Хоёр тийшээ болох ч гэж дээ. Хүүхдийн хөөрхөн юм байдаг даа. Нэг тийм маркийн юм үлдсэн байхгүй юү. Түүнээс биш учиргүй үерхэж нөхөрлөөд салсан юм байхгүй. Энэ талаар ярихаар миний инээд хүрээд байдаг юм. Хэрэв надад муухай байсан бол би одоо энэ тухай ярихдаа инээх биш эмзэглэх байсан байх.
Хэлд ороогүй байхдаа хөгжим сонсоод хэмжээг нь алдахгүй аялдаг байсан гэсэн
-Хэзээ гэр бүл зохиохоор төлөвлөж байна вэ. Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ. Одоо найз залуутай юу?
-Гэр бүл төлөвлөлтийн тал дээр нэг их яардаггүй. Үүнээс өмнө надад хийж амжуулах олон ажил байна. Гэхдээ “Гэр бүл төлөвлөх болоогүй, хаа ч байсан юм” гэж хэлэхгүй ээ. Цаг нь ирэхээр болох байлгүй.
Би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Хамгийн багадаа л гурван хүүхэдтэй болно. Хоёр хүүхэд хүртэл ганцаарддаг шүү дээ. Ганцхан хүүхэд төрүүлчихээд ганцааранг нь хорвоод үлдээгээд явах хэцүү. Ах дүү нар нэг нэгнийдээ очдог том гэр бүлтэй байвал сайхан. Тийм болохоор өнөр өтгөн сайхан айл болохыг хүсдэг. Найз залуугийн хувьд одоохондоо үерхэж байгаа гэсэн статустай биш байна.
-Аав, ээжтэйгээ хамт амьдардаг уу?
-Ганцаараа амьдардаг.
-Эрчүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Аливаа зүйлд хариуцлагатай, юманд наана цаанатай ханддаг, тийм нэг уужуу хүмүүс байдаг даа. Бас хөдөлгөөнтэй, амьдралд хайртай хүмүүст би маш их дуртай. Тийм хүмүүс дайчин, хатуу чанга байж чаддаг. Энэ бол эр, эм гэлтгүй хүнд байх ёстой хамгийн чухал зан. Одоо байгаа жижиг зүйлээр бүгдийг хаах биш холын хараатай байх нь чухал.
-Пянз цуглуулах хоббитой гэсэн. Цуглуулганд тань ямар төрлийн пянзнууд голчилдог вэ. Өөр ямар хоббитой вэ?
-Аавд зөндөө олон пянз бий. Аавын цуглуулгын дэргэд минийх хамаагүй бага. Гэхдээ сонгодог хөгжмийн пянз олон байдаг юм байна. Аялах дуртай. Монголынхоо ихэнх сайхан газраар аавыгаа дагаад аялаад үзчихсэн. Тэр дундаас аавынхаа нутаг Завхан руу гэр бүлээрээ явах үнэхээр дуртай. Хорогдмоор, нандин дурсамжууд зөвхөн тэнд л байдаг.
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ