Парацетамол элгэнд хортой юу? Парацетамол нь халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй, жоргүй олгодог өргөн хэрэглээний эм боловч энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал.
Парацетамолыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж хэм алдагдалд хүргэх, нойр булчирхайг үрэвсүүлэх, цус төлжилтийг дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид нотолжээ. Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай тул зөв тунгаар хэрэглэх шаардлагатай.
Парацетамолыг хэрэглэхэд юуг анхаарах вэ?
Манай оронд парацетамол агуулсан дан болон нийлмэл найрлагатай 30 шахам бэлдмэлийг импортлон хэрэглэдэг. Тухайлбал, Эффералган, минигрип-п, миксагрип, колдакмин, саридон, дальрон-с, терафлю, колдрекс, седалгин-нео зэрэг өөр өөр худалдааны нэртэй эм нь.бүгд парацетамол агуулсан. Эдгээр эмийг эмийн санд жоргүй олгодог тул хавсран хэрэглэсэн тохиолдолд тун хэтрэх аюултай. Ялангуяа элэгний өвчин болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст парацетамолын хордуулах нөлөө илүү хүндээр тусдаг.
Иймээс парацетамолыг маш болгоомжтой, тунг багасгаж хэрэглэх, том хүнд хоногт гурван граммаас ихгүй тунгаар 10 хоног хүртэл, хүүхдэд нас, биеийн жингээс нь хамааран тунг тогтоож, таван хоногоос илүүгүй хугацаанд хэрэглэх нь зүйтэй. Харин цус багадалттай, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс, гурав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх хэрэглэж болохгүй..
Эрүүл мэндийн газрын Эмийн бүртгэл баталгаажуулалтын хэлтэс