Эмэгтэйчүүд хамт хонох, эсвэл хамт амьдрахад сарын тэмдэг нь зэрэг ирэх тохиолдол олон бий. Гэвч шинжлэх ухаанаар үүнийг тайлбарлах боломжтой болов уу?
Эмэгтэйчүүд ойртох үед тэднээс ялгарах феромон гэх бодис ямар нэг байдлаар холбогддог гэж эрдэмтэд дүгнэдэг. Феромон нь амьтан хоорондын харилцах нэг төрлийн химийн холбоо юм. Үүний тусламжтайгаар амьтад эсрэг хүйстнээ татаж, төрлөө ялган, аюул ослыг мэдээлдэг.
Их сургуулийн дотуур байранд найзтайгаа хамт амьдарч байсан Л.Золжаргал “Бидний сарын тэмдэг давхцаж ирэх тохиолдол зөндөө гардаг байсан. Нэг нь ариун цэврийн хэрэглэл аваад ирэхэд л нөгөөгийнх нь ирж таардаг” гэлээ. Түүнчлэн найз охидтойгоо дөрвөн жил амьдарсан Р.Цэцгээ ч мөн сарын тэмдэг нь нэг нэгнээ байнга дагадаг байсныг хэлсэн юм.
Эмэгтэйчүүд феромон гэх бодисоор холбогддог
Оксфордын их сургуулийн Нийгэм соёлын хүн судлалын профессор Александра Алверьн энэхүү хачирхалтай үзэгдлийн талаар судалжээ. Тэрбээр анх 1971 онд шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүллэгээс санаа авсан аж. Тухайн үед Марта МакКлинток хэмээх судлаач оюутны байрны 135 эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийг судалсан юм. Өдгөө сарын тэмдэг давхцах явдлыг МакКлинтокийн үзэгдэл ч гэх нь бий.
Уг судалгаагаар найзууд болон хамт амьдардаг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн эхлэх болон дуусах хугацаа ойролцоо гарчээ. Доктор МакКлинток үүнийг хамт амьдардаг эмэгтэйчүүдийн феромон бие биедээ нөлөөлснөөс үүдэлтэй хэмээн тайлбарласан. Нөгөө талаас хамт байдаг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зэрэг ирснээр нэг эрэгтэй олон эмэгтэйтэй нөхөн үржихүйд орох боломжгүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл, эрчүүдээс хамгаалах эмэгтэйчүүдийн балар эртний зөн билгийн холбоо ч гэж болно. Феминизм ид дэлгэрч асан 1970-аад онд эл таамаглал олон хүнд үнэмшилтэй санагдаж байжээ.
Гэхдээ багийн тоглогч байх дуртай эмэгтэйчүүд сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйтэй хэсэгхэн хугацааг өнгөрөөхөд л дагадаг. Инец гэх эмэгтэй “Би бол бета. Харин миний найз Сюзан альфа л гэсэн үг. Түүний сарын тэмдэг ирсэн үед нь 10 милийн зайд ойртоход л дагана. Сюзан өрөөнд ороход л бүгд тампон хайж эхэлдэг” гэв.
Дагадаг ч бай, дагуулдаг ч бай хулганаас ч илэрдэг энэхүү хачирхалтай үзэгдлийг эрдэмтэд судалсаар байна.
Г.Сайнзаяа
Засгийн газрын мэдээ