Гурван настайдаа анх кино урлагт хөл тавьсан жижигхэн буржгар шар үст Шерли Темплийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Зарим жүжигчид насаараа хүлээж байж Оскарын шагналын бараа хардаг байхад Шерли Темпл дөнгөж 6-хан настайдаа энэ нэр хүндтэй шагналын эзэн болжээ.
Төрөлхийн авъяас билэг, балчир биенд багтамгүй жүжиглэх чадвар, хүн бүхний зүрх сэтгэлийг булаасан өхөөрдөм хөөрхөн төрх, цангинасан цовоо хоолойгоороо хоногшин үлдсэн жүжигчин Шерли Темплтэй усны дусал мэт адилхан 4 настай бяцхан Монгол охин “Авъяаслаг Монголчууд” шоуны 3 дахь дугаарт оролцон үзэгчдийг баясгаад авсан билээ.
Хүүхэд багачуудын дуртай “Өхөөрдөм чоно” үлгэрийг өөрийн ур чадвараар яг л мэргэжлийн жүжигчин шиг үзүүлсэн байдал нь Дэлхийн бяцхан од Шерли Темпл-тэй дүйцэхүйц онц сайн байлаа. Шүүгчдийн асуусан асуултанд маш цэцэн цэлмэгээр хариулж, хэлэмгий доломгой Баяраа шүүгчийг хүртэл хэлэх үггүй болгосон адтай бяцхан охин шүүгч нараасаа 4-н тэнцлээ гэдэг хариултыг авсан бөгөөд дараагийн шатанд ямар үзүүлбэр үзүүлж үзэгч бидний хайрыг хүргэхийг хүлээх л үлдлээ.
Ямартай ч бид Шерли Темпл-ээс дутахааргүй нэгэн эгдүүтэй бяцхан жүжигчинтэй болох нь ээ.
Өхөөрдөм дүүгийнхээ цаашдын үзүүлбэрт амжилт хүсье.
А.Хатангоо