Ханцуйгүй цамц, богино бошинз өмсөх гэхээр гуя, гаран дээрх юу болох нь үл мэдэгдэх улаан биржгэрүүд бидний өөрөө итгэх итгэлийг унагаж орхидог. Яг юу болохыг нь тодорхойлж мэддэггүйн улмаас зарим бүсгүйчүүд целлюлит эсвэл батга гэж андуурах нь ч бий. “Тахианы арьс” буюу шинжлэх ухаанд “Кератосис Пиларис” /КП/ хэмээн нэрлэгддэг тэдгээр үргэлжилсэн улаан биржрүү нь ихэвчлэн гарны ар тал, гуя болон өгзөгний арьс, хүзүүн дээр тохиолдоно.
KП нь арьсы үхсэн эд эсийг гуужуулах чадвар муу байгаагийн шинж ба зарим тохиолдолд үсний уутан хальс кератин хэмээх сүүнцэр уургийг хэт их ялгаруулснаас үүдэлтэй байдаг. Улаан биржрүү ихэнхдээ ямар ч загатнаа, зовиур үүсгэдэггүй боловч, гоо сайхны талаас тийм ч таатай байдаггүй. КП нь арьс хуурайших үед илүү тод гарч ирдэг учраас өвлийн улиралд бүр идэвхждэг. Үүнийг бүрмөсөн эмчлэх арга гэж байхгүй. Учир нь энэ нь өвчин биш, зүгээр л генийн “хямрал” төдий зүйл. Томчуудын 40 хувь, 18-22 насныхны 60 хувь нь “тахианы арьс”-тай аж. Гэхдээ үүнийг бүдгэрүүлэх, алга болгох арга бий. Чийгшүүлэх, гуужуулах гэсэн хоёр аргын өөр өөр хэлбэрийг туршиж үз.
Арьсныхаа өнгөн талын давхаргыг гуужуулах нь нүхийг цэвэр байлгахад тусалдаг ба, чийгшүүлэх нь үхсэн эд эс дахин бөөгнөрч хуралдахаас сэргийлнэ.
1. Сүүний хүчил агуулсан биеийн тос түрх. Найрлаган дээрээс нь Lactic acid гэдэг үг хайхад болно. Сүүний хүчил агуулсан биеийн тос ихэвчлэн өтгөн, чийгшүүлж тэжээл өгөх чадвар сайтай байдаг. Ийм тос олдохгүй байсан ч шүршүүрт орсныхоо дараа заавал чийгшүүлэгч тос түрхэж бай.
2. Шүршүүрт орохынхоо өмнө Vaseline тосыг түрхээрэй. Халуун усны уур нь арьсыг чинь чийгшүүлж, шингээх болно.
3. Усанд орохынхоо өмнө хуурай сойзоор биржрүүтэй хэсгийг 5 минут орчим үрж бай. Усанд орохдоо ч гуужуулагч скрабтай биеийн саван хэрэглэ. Биеийн арьс нүүрнийхээс хэд дахин бат бөх, зузаан учраас өдөр бүр гуужуулсан ч болно. Сойзоороо тойрог хэлбэр үүсгэж үрэхээ мартуузай. Хэт чанга үрвэл улайлт нь улам ихсэх учир зөөлөн бай.
4. Аспирины маск тавь. Бүрмэлгүй, уусдаг таблеткан эмнээс 2-3-ыг сайтар нухашлаж бүлээн усанд хийж уусган өтгөвтөр маск болгоно. Маскаа биржрүүтэй газраа түрхэж 10 секунд үрснийхээ дараа угаа. Дараа нь заавал чийгшүүлэгч тос түрхээрэй. Аспирины маск нь үхсэн эд эсийг гайхалтай сайн гуужуулж толигор болгодог юм. Гэхдээ энэ маскыг долоо хоногт нэгээс олон удаа тавьж хэрэггүй.
Дээрх аргуудыг тогтмол хэрэглэснээр 1-2 долоо хоногийн дараа биржрүү багасч арьс чинь зөөлрөх нь мэдэгдэнэ. Гэхдээ КП-г дахин гаргаж ирэхгүйн тулд энэ дэглэмээ сааруулахгүй байх ёстой. Тэвчээртэй, гоо сайхандаа “үнэнч” байвал зуны турш чи хүссэн хувцсаа “тахианы арьс”-наасаа эмээлгүйгээр өмсөж болно.