Гурван улсын эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Манжуурын гоо бүсгүй-2016” тэмцээний Үндэсний анхдугаар уралдааны хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Тиймээс бид тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй “Ариун Гоо Үжин” ТББ-ийн тэргүүн Б.Хандаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Манжуурын гоо бүсгүй” тэмцээн маань яг хэзээнээс зохион байгуулагдаж эхэлсэн хийгээд манай улс ямар амжилттай явж байгаа талаарх мэдээллийг юун түрүүнд өгөхгүй юу?
-Орос, Монгол, Хятад гурван улсын эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Манжуурын гоо бүсгүй” тэмцээн 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ хугацаанд Монгол Улсаа төлөөлөн 120 гоо бүсгүй уг тэмцээнд оролцсон байдаг. Ингэхдээ манай улс нийтдээ таван удаа тэргүүн миссийн титэмийг эх орондоо авчирсан амжилттай явж байна.
Тэмцээн маань 2003 оноос зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний хоёр жил Дорнод аймгаас гоо бүсгүйчүүд улсаа төлөөлөн оролцдог байсан бол 2005 оноос нийслэл хотоос оролцогчид төрж эхэлсэн нь тэмцээний цар хүрээг улам нэмэгдүүлсэн гэж хэлж болно.
Манжуур хотод зохион байгуулагддаг томоохон баяр ёслолын арга хэмжээ болох цас, мөсний баяраар “Манжуурын гоо бүсгүй”-г шалгаруулдаг нь гурван улсын эв найрамдлыг гэрчлэх чухал үйл явдал юм.
-Өөрийн чин хувьд энэхүү тэмцээний оролцогч байсан үе бий. Өөрөөр хэлбэл туршлагатай хүн. Тиймээс тэмцээнд оролцох гоо бүсгүйчүүдээ нилээн өндөр түвшинд бэлтгэж байгаа байх?
-Миний бие 2005 онд буюу одоогоос 11 жилийн өмнө “Манжуурын гоо бүсгүй” тэмцээнд оролцож гурван шагналын эзэн болж байлаа. Үүнээс хойш гоо бүсгүйчүүддээ багшилж, олон улсын тэмцээнийхээ хөтлөгчөөр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэмцээн маань өнгөрсөн 12 жилийн хугацаанд ямарваа нэг агентлагаас моделиудаа сонгон авч оролцуулдаг байсан бол энэ жилээс өөрчлөгдсөн. Тодруулбал, улс бүртээ үндэстэн шалгаруулах тэмцээн хийхээр болсон. Улмаар энэ сарын 21-нд ОХУ-ын Чита хотод үндэсний шалгаруулах тэмцээн болох бол манай улсад 27-ний өдөр зохион байгуулагдахаар болоод бэлтгэл ажилдаа ороод байна. Бид хүн бүрт боломж олгоё гэж зорьж байгаагийн хувьд агентлагуудаас шилдэг моделиудыг сонгон оролцуулахыг чухалчилсангүй. Тиймээс энэ удаагийн тэмцээнд оролцох охид өөрийн хүсэл зорилгодоо хөтлөгдсөн, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн гоо бүсгүйчүүд байх болно.
Тэмцээнд маань 40 гаруй охин бүртгүүлснээс 25-ыг нь Үндэсний шалгаруулах тэмцээний финалын шатанд оролцуулахаар сонгосон байгаа. Финалын шатнаас 15 шилдэг үндэсний төлөөлөгч нараа шалгаруулаад бүтэн сарын хугацаанд гоо зүй, бие бялдар, оюун санаа, тайзнаа алхаа гээд бүхий л талаар нь бэлтгэнэ. Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн “EVO” студи дээр түшиглэж охидоо бэлтгэнэ. Мөн ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж байгаа газрууд бий. Тухайлбал, “Акүа фитнесс” дээр охидын биеийн арьс талаас нь ажиллах бол агентлаг дээр тайзнаа алхааны бэлтгэл сургуулилт хийнэ. Охид маань загварын мэдлэг байхгүй, энэ ч, тэр ч талаараа дутагдалтай, би чадахгүй гэж өөрийгөө дутуу үнэлдэг. Харин бид тэдгээр хүмүүсийг нээж өгдөг.
Бүсгүй хүн бүр аливаа сорилтонд орохыг хүсч байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн бүр өөрийнхөө амьдралд түүх, шинэ хуудсыг бий болгохыг хүсдэг шүү дээ. Тиймээс ч Манжуурын тэмцээн хүн бүрт нээлттэй.
-Өөр лүү чинь асуулт чиглүүлэнгүүт тэмцээн рүү яахын аргагүй орчихоод байна. Миссийн томоохон тэмцээн уралдаанд оролцож явсан хүний хувьд охид, бүсгүйчүүддээ хандаж юу зөвлөмөөр байна?
– Хүн аливаа уралдаан тэмцээнд оролцох тусам өөрийгөө нээж ялж байдаг. Би тав орчим миссийн тэмцээнд оролцож байсан. Үүнээс нэг л удаа тэргүүн миссийг авч байсан. Ингэхдээ дандаа хоёр, гурав, тусгай байрыг эзэлж байжээ. Ингэж тэмцээн уралдаанд оролцохдоо би огт шантардаггүй байсан. Зүгээр л ороод үзье, би чадна гэж өөрийгөө зоригжуулсаар ирсэн. Магадгүй тэмцээн уралдаан надад их зүйлийг сургасан гэж би хувьдаа боддог. Миний зорилго мисс болох биш. Гагцхүү тайзан дээрээс их зүйл сурч мэдэхийг хүсч байсан. Тэмцээнд оролцож байгаа охидуудад хандаж хэлэхэд, хүн ямарваа тэмцээн, уралдаанд таван өдөр бэлтгээд түрүүлдэг “үлгэр” байдаггүй юм шүү. Аливаа тэмцээн уралдаанд оролцох тусам өөрийгөө цэнэглэж, өөрийгөө ялж байдаг. Тиймээс бүх зүйлд өөрийгөө сорьж байх хэрэгтэй.
Миний хувьд хамгийн сүүлд “ТV мисс” гэх UBS телевизийн реалити шоунд оролцож байсан. Энэ үед өөрийгөө ялна, түрүүлнэ гэсэн 100 хувь итгэлтэй байлаа. Гэвч ОХУ-ын бүсгүй түрүүлсэн. Харин би хоёрдугаар байранд орж нилээн шок гэхүү дээ цочролд орж байсан. Гэхдээ энэ тэмцээн надад хамгийн их ухаарал өгч байсан. Өөрийгөө бүр илүү их боловсрох ёстой гэдгийг надад ойлгуулсан. Тиймээс охид маань аливаа тэмцээнд ялалт байгуулж чадаагүй ч дахин, дахин оролцоод өөрийгөө улам чадавхижуулж, сорьж, дайчилж, илүү их ахиж дэвшиж амьдрах хэрэгтэй.
-Аливаа гоо бүсгүйн тэмцээн ямарваа нэг хүмүүнлэгийн үйл ажиллагааны дуу хоолой болж байдаг. Гоо бүсгүйчүүд нь ч хүмүүнлэгийн үйлсийн элч, төлөөлөгчөөр тодордог. Энэ удаагийн тэмцээний хүмүүнлэгийн ажиллагаа хаашаа чиглэж байна вэ?
-Хэдий гурван улсын эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон тэмцээн гэж байгаа ч аливаа гоо бүсгүйн тэмцээн ямагт хүмүүнлэгийн элч төлөөлөгч байдаг. Үүгээрээ бусад уралдаан тэмцээнээс ялгардаг. Тэгэхээр бид энэ удаагийн Үндэсний шалгаруулах тэмцээндээ хүмүүнлэгийн зорилтот хөтөлбөр тусгаж өгсөн байгаа. Энэ маань аутизмтай хүүхдүүд рүү чиглэнэ.
Монголд өнөөдөр аутизмийн эмгэгтэй хүүхдүүд маш их байна. Бүр өсөх хандлагатай байгаа. Энэ бүхнийг энгийн иргэд бид төдийлөн мэддэгүй. Бүр төр засгийн зүгээс ч аутизмтай хүүхдүүд рүү чиглэсэн дорвитой ажлууд хийдэггүй. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого, зохицуулалт байхгүй. Тиймээс Манжуурын гоо бүсгүй тэмцээнд оролцох бүсгүйчүүд маанв “Аутизмтай хүүхдийн төлөө” уриан дор нэгдэж байгаа.
“Аутизм” гэж өвчин юм уу, эсхүл эмгэг юм уу, эдгээр хүүхдүүдэд яг юу хэрэгтэй юм, олон улсын жишигт эл эмгэгийг хэрхэн эмчилдэг зэргийг судалж, тэдгээр хүүхдүүдийн дуу хоолой болохыг зорьж байна. Судалгаагаар бол монголд 20 мянга орчим аутизмийн эмгэгтэй хүүхэд байдаг юм билээ. Гэтэл эдгээр хүүхдүүд рүү чиглэсэн оношлогооны төв саяхныг хүртэл байдаггүй байсан. Харин “Анд хүүхдүүд” төрийн бус байгууллага өөрсдийн санаачлагаар оношлогооны төв байгуулан, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс гоо бүсгүйүчүүд маань энэхүү төрийн бус байгууллагатай хамтран аутизмтай хүүхдийн төлөө аян өрнүүлэхээр ажиллаж байна. Зөвхөн тэмцээний хүрээнд энэ асуудлыг сөхөөд орхих биш, бид шийдэлд хүртэл нь явах болно.
-Гурван улсын эв найрамдлын бэлгэдэл болсон энэхүү тэмцээнд төр засгийн оролцоо, дэмжлэг хэр байдаг юм бол?
-2005 оноос буюу тэмцээнд нийслэл хотын гоо бүсгүйчүүд оролцож эхэлснээс хойш Манжуур хот Нийслэлийн соёл урлагийн газартай гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ Нийслэлийн соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцдог болсон юм билээ. Энэ удаад ч мөн Нийслэлийн соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцож байгаа.
-“Ариун Гоо Үжин” ТББ ямар үүрэг оролцоотойгоор хамтран ажилладаг вэ?
-Ерөнхийдөө нийгмийн манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжигч байгууллага гэж явдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, тэднийг илүү нээж, хүсэл зорилгодоо хүрэх алхамд нь түлхэц болоё гэсэн эрхэм зорилготойгоор ажилладаг.
Байгуулагдсан цагаасаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн эрх тэгш байдлын талаар дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Салбар салбарын бүсгүйчүүдийн дунд томоохон хэлэлцүүлэг хурал зохион байгуулж байсан төдийгүй орон нутаг болон нийслэлийн захын хорооллын эмэгтэйчүүдтэй уулзаж, сургалт семинар явуулж байсан гээд охид, бүсгүйчүүд рүү чиглэсэн олон ажлыг нэрлэж болно.
Гэхдээ энэ удаад онцолмоор байгаа зүйл бол загварын чиглэлээр охидоо дэмжиж байгаа явдал. Бид гадаад, дотоодод болж буй олон улсын шинж чанартай фестиваль, шоу, уралдаан тэмцээнд гоо бүсгүйчүүдийг бэлтгэн оролцуулдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ.
Тухайлбал, мисс Ч.Ануг 2014 онд “Miss world bikinis” тэмцээнд оролцуулж байсан. Ану маань хоёрдугаар байранд ороод ирж байсан. Дараа нь загвар өмсөгч н.Анужинг Хятадад болсон “Олон улсын аялал жуулчлалын мисс”-ийн тэмцээнд оролцуулсан. Энэ мэт гоо бүсгүйчүүдтэйгээ хамтарч ажиллаж, гадаадын олон арван тэмцээн уралдаанд оролцуулж, өөрийгөө илүү нээж, чадавхижиж, хүсэл зорилгоо биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг.
Улмаар 2015 оноос хойш хоёрдахь жилдээ энэхүү “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний зохион байгуулагчаар оролцож байна. Эл тэмцээн маань 12 жилийн хугацаанд зохион байгуулагдахад ОХУ, Монгол тус бүр 5 удаа, харин ерөнхий зохион байгуулагч Хятад улс хоёр удаа тэргүүн титэмийг авсан байдаг. Үүнээс харахад тэмцээний шүүлт үнэн шударга явагддаг нь харагдаж байгаа юм.
Д.Ундрах
Grandnews.mn