“MN- 25” суваг телевизээс зохион байгуулдаг “Making the band” шоу нэвтрүүлгийн төслийн менежер О.Пүрэвтэй ярилцлаа.
-“Making the band-3” шоу нэвтрүүлгийн шалгаруулалт саяхан болж өнгөрлөө. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай телевизийн брэнд нэвтрүүлэг болох “Making the band” шоу нэвтрүүлэг хоёр дахь жилдээ гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн шоуны зорилго нь эрэгтэй, эмэгтэй холимог гишүүдтэй хамтлаг гаргаж ирэх явдал юм. Нийт 16-25 насны 700 гаруй оюутан сурагчид авьяас, чадвараа сорьсноос эцсийн байдлаар 18-24 насны Г.Энх–Амар, Ж.Батдөл, Б.Болдбаатар, Г.Амаржил, Г.Урангоо, Б.Төгсжаргал, Х.Гулназ зэрэг нийт долоон хүүхдийг шалгарууллаа. Шалгаруулалт хоёр үе шаттай үргэлжилсэн.
–Энэ удаагийн шоунд оролцогчдыг ямар шалгуураар сонгов?
-Дотоод хүн нь хэн бэ, урлагт сэтгэлээрээ хандаж цааш нь үргэлжлүүлж чадах уу , зүгээр нэг шоу болгоод орхих уу, ирээдүйд хэр амжилт үзүүлэхэв, урлагийн хэр мэдрэмжтэй зэргээр нь дүгнэсэн. Мэдээж гол шалгуур нь дуулж, хөгжимдөх байсан. Бидний сонгосон долоон хүүхэд үнэхээр авьяаслаг залуус. Тэдний олон талын авьяасыг нь харсан. Миссийн тэмцээнд оролцогчийн царай зүс, бие галбирыг чухалчилдаг бол бид тэр хүний авьяас чадвар, хамтлагт ороод өөрийн гэсэн өнгө төрх, хүнийг татах чадвартай байх зэргээр нь шалгаруулсан. Энэхүү хамтлаг Монголын рок попын ертөнцөд шинэ өнгө төрх, шинэ хөгжим, дуу хоолойг хүмүүст хүргэнэ.
–Дээрх шалгарсан хамтлагийнхныг юу юу хүлээж байгаа вэ. Өмнөх хамтлагуудын адил уу эсвэл?
– Эхний хамтлагийнхнаас илүү их зүйл хүлээж байгаа. Дээрээс нь шинэ хамтлагтайгаа 3-5 жилийн хугацаатай хамтарч ажиллах гэрээ байгуулаад манай телевиз продюсерлэж ажиллах юм. Энэ хүүхдүүд маш богино хугацаанд мэргэжлийн хүнээс заавар зөвлөгөө авалгүйгээр өөрсдөө юу сурсан түүнийгээ шалгуулсан. Бид одоо бүх зүйлээр нь хангаж өгнө. Хүүхдүүдэд зориулж байгаа мөнгө асар их юм. Дуу, клип хийлгэнэ, үс, нүүр, хувцас гээд бүгдийг нь телевиз хариуцна. Бид амлалт өгч хуураагүй. Хамгийн гол нь сайн бүжиглэдэг, дуулдаг, жүжиглэдэг, цаашдаа олны танил болж, рок попын ертөнцөд бүтээлээ хийсэн хамтлагтай дүйцэхүйц карьертай болж байгаа нь тэдэнд оруулсан маш том хөрөнгө оруулалт юм. Мөн дээрээс нь багш нар, салбартаа тэргүүлж байгаа хүмүүстэй хамтарч ажиллана.
–Хөдөө орон нутгаас оюутан залуус хэр оролцсон бэ?
-Бараг бүх аймгаас хүүхдүүд ирж оролцлоо. Бүгд дуулдаг, бүжиглэдэг их авьяастай байсан. Харин шалгарсан хүүхдүүд дотор хөдөө орон нутгийн хүүхэд байхгүй. Бүгд хотын харьяалалтай. Шоу гараад эхлэхээр бүгд харна биз.
-“Making the band” шоу нэвтрүүлэг цаашдаа жил бүр зохион байгуулагдах уу?
-Бид шоугаа телевизийнхээ15 жилийнхээ ойг угтаж, жилд хоёр удаа хийсэн юм. Ер нь цаашдаа жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулна.
–Хэзээнээс дэлгэцэнд гарч эхлэх вэ?
-Манай шоу реалити хэлбэрээр есдүгээр сараас өдөр бүр телевизээр гарч эхэлнэ. Энэ нь хүн бүхний амралт дуусч ажил, сургуульдаа орчихсон байх үе юм. Манай шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр “Витафит” компани, “Анар” брэнд ажиллаж байгаа.
Л.МИНЖМАА