Олны танил хүмүүс, урлаг соёлын оддын гэрт зочилж, илэн далангүй “буу” халж суух дуртай Т.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгээ орхиод удаж байгаа билээ. Өөрийн гэсэн студи байгуулж, олон талын ажилд хүчээ сорихоор сэтгэл шулуудсан хөтлөгч залуу хэлэх гэсэн үгээ хаана ч дуулгачихдаг ширүүхэн зантай эр гэгддэг.
Тиймдээ ч түүнд “Universe best songs-2009″ наадмын ялагч, дуучин Ч.Цэлмүүний урлагаа орхих болсон явдал огт таалагдаагүй гэдгийг хатуухан хэлж. Түүгээр ч зогсохгүй “Тэр олон хүүхдийн хүсэл мөрөөдлийг ардаа үлдээж гарч ирчихээд хийж бүтээсэн юм нь хаана байгаа юм. Ганц цомог гаргасан даруйдаа л “Би ингэж амьдрахаас залхаж байна. Хуучин Цэлмүүнээ хайж байна” ч гэх шиг юу яриад байгаа юм бэ. Үнэхээр тэгж залхах, бэрхшээж зовох байсан юм бол яах гэж ийм урт шалгаруулалт, хүнд сорилтыг давах гэж хичээсэн юм бэ. Урлаг гэдэг хэн дуртай хүний шагайдаг ертөнц биш” хэмээн ихэд бухимдуу хэлжээ.
Түүнчлэн тэрбээр “Сайн уран бүтээлчдийн урлагт шинэ өнгө нэмж, авьяас чадварыг нь хөгжүүлэх гэсэн сайхан сэтгэл дээр дөрөөлж гарч ирсэн гэдгээ ухамсарлаагүй тэнэг охин. Ямар ч үед урлагт үнэнч байж ирсэн тэр олон хүмүүсийн хүч хөдөлмөр, авьяас чадварыг үнэлж ойлгох ухаан энэ дуучинд алга” гэж хайр найргүй шүүмжилжээ. Үнэндээ “Exodus” нэртэй цомог гаргасан Ч.Цэлмүүн ахиж дуулахгүй гэж амласан ч кинонд тоглож, сурталчилгаа “хэсч” яваа нь нууц биш. Урлаг залхуутай, бас хэцүү санагдсан юм бол огт өөр чиглэлээр хүчээ сорих боломж түүнд байсаар атал хоёрын хооронд ингэж зууралдаж яваа нь Т.Алтантүрүүгийн эгдүүг бүр ч их хүргэсэн бололтой.
Д.Ариун /Duulian.mn/