Монголын кино урлагт өөрийн зам мөрийг гаргаад зогсохгүй гадаад зах зээлд хөл тавьж, монгол жүжигчдийн ур чадварыг гадныханд харуулж яваа МУСТА жүжигчин Р.Анхнямтай “Аз жаргалын дуран” богино хэмжээний кино наадмын үеэр цөөн хором ярилцлаа.
– “Аз жаргалын дуран” богино хэмжээний кино наадмын шүүгчээр ажилласан хүний хувьд кино наадмыг хэрхэн дүгнэж байна вэ?
– “Жүр үр” компаниас энэ их стресс, бухимдалтай нийгэмд сайхан өнгө бэлэглэх үүднээс тус кино наадмыг зохион байгуулсанд нь баярлаж байна. Шүүгчээр ажиллах саналыг маш уриалгахан хүлээж авсан. Учир нь шинэ үеийн кино урлагт сонирхолтой залуус ямар түвшинд кино хийж байна, тэдний санаа юунд хамгийн их төвлөрснийг харж, шүүн тунгаана гэдэг мэргэжлийн хүнийхээ хувьд их сонирхол татаж байсан. Наадамд оролцож буй хүүхдүүдийн хувьд ялж, ялагдахдаа гол нь биш. Хамгийн чухал нь бие биенээсээ шинийг сурахад кино наадмын гол утга агуулагдсан болов уу. Богино хэмжээний кино наадамд ирүүлсэн бүтээлүүдийг үзэхэд Монголын кино урлагийн ирээдүй өнгөтэй харагдаж байна.
-Сүүлийн үед олны нийтийн арга хэмжээнээс хол байлаа. Хэзээнээс уран бүтээлдээ орох гэж байна вэ?
-Би уран бүтээлээсээ огт хөндийрөөгүй. Өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ хийсээр байсан. Уран бүтээлчдийг өдөр бүр телевиз, олон нийтийн арга хэмжээнд оролцож байх ёстой гэж боддог. Үнэндээ бид чинь нам жим байсан ч цаагуураа уран бүтээлээ тасралтгүй хийсээр байдаг шүү дээ. Энэ жилийн хувьд Монголдоо хоёр кинонд дүр бүтээсэн. Кино маань ирэх онд үзэгчдийн хүртээл болно.
-Гадны болон дотоодын кино зохиолын урилга хэр ирж байна?
– Кино саналууд ирж байгаа. Гадны кино зохиолын хувьд төслүүд авчихсан судалж байна. Гэхдээ хоёр нялх хүүхэдтэй учраас гадагшаа явах эсэхийг бодож үзнэ. Ажил гэдэг чухал ч амьдралын нэгт тавих шалгуур биш. Гэр бүл, хүүхдийн эрүүл мэнд юунаас ч илүү чухал учраас цаг хугацаа, хэр сайн төсөл байх вэ гэдгийг харж байж шийднэ. Мөн хүүхдээ хөлд орж, өсөж торнихыг нь хажуунаас нь хармаар байна.
– Сүүлд нярайлсан гэж дуулсан. Хүүхэд том болж байна уу?
– Манай хүүхэд одоо 2 сар гарантай.
– Таны хувьд гадны уран бүтээлчдийн кинонд их тоглож харагдах болсон. Монголынхоо уран бүтээлчдийн кинонд хэзээ тоглох бол..
– Монголдоо кино уран бүтээлчидтэй хамтарч тоглож байгаа. Саяхан телевизийн олон ангит кинонд дүр бүтээсэн. Удахгүй үзэгчдийн хүртээл болно.
– Монголын кино урлагынхан сүүлийн үед гадагшаа гарах нь ихэссэн. Гадны орнуудтай хамтарч кино хийх манай уран бүтээлчдийн хувьд хэр бэрхшээлтэй байдаг вэ?
– Миний хувьд гадны уран бүтээлчдээс суралцаж, хамтарч уран бүтээл хийхийг маш зөв алхам гэж боддог. Дэлхийн алдартай найруулагч, кино багийхантай ажилласнаар манай уран бүтээлчдийн чадвар улам илүү сайжирна. Харин гадагшаа гарахад хувь уран бүтээлчээс ихээхэн хичээл зүтгэл шаардана. Хамгийн наад зах нь тухайн орны хэлийг тодорхой хэмжээнд мэддэг байх нь чухал.
– Энэ их ажлын хажуугаар ар гэрийн ажлаа хэрхэн амжуулж байна?
-Урлагийн хүн гэдэг цаг наргүй ажилладаг. Манай ар гэрийн ажлыг миний ээж л амжуулж байна даа. Миний хань тамирчин хүн учраас мөн л өглөө гараад орой ирнэ. Тэгээд завтай үедээ миний хань ар гэрийн ажлаа зохицуулна. Нөхөр ажилтай байвал би гэрээ зохицуулна, хүүхдээ харна гэсэн зарчим баримталж ажиллаж байна даа. Миний том хүү одоо 10 настай. Нөгөө хоёроо бодвол бас ч гэж том болсон болохоор аав ээждээ их тусалнаа.
Г.Санчир
times.mn