Судалгаагаар насанд хүрэгчид, хижээл насны хүмүүсийн дөрөвний гурван хувь буюу дийлэнх хэсэг нь шүдний эгнээний болон байршлын ямар нэгэн гажигтай байдаг ажээ. Харин сонирхолтой нь тэд түүнийгээ засах мөн эмчлүүлэхийг огт боддоггүй байна. Хойд Каролины Их Сургуулийн судлаачдын судалгаагаар насанд хүрэгчдийн дундах шүдний гажгийн тархалт нь бага насны хүүхдүүдийнхээс их байсан байна. Гэвч гажиг заслын эмчид хандаж буй эмчлүүлэгчдийн ердөө 15% нь л насанд хүрэгчид байжээ. Судлаачдын баталж байгаагаар томчуудад шүдний гажиг засах эмчилгээ нь бага насны хүүхдийнхээс илүү үр дүнтэй байдаг гэнэ. Түүнчлэн Гажиг заслын салбарт гарч буй шинжлэх ухааны ололт, дэвшлийн сүүлийн үеийн гажиг заслын зэмсгүүд нь хүний нүдэнд бараг мэдэгдэхгүй болсон тул гоо сайханд сөргөөр нөлөөлнө гэдэг ойлголт байхгүй болсон ажээ.