АНУ-ын Бруклинд жил бүрийн зун Hot Dog идэх уралдаан болдог уламжлалтай. Энэ оны тэмцээн долдугаар сарын 4-нд зохиогдоход өмнөх 5 жилийн түрүүт Жои Честнат тасархай түрүүлжээ. Ийнхүү 6 дараалан түрүүлснээр тэр 2001-2006 онд ялалт байгуулсан Такэрү Кобаяшигийн дээд амжилттай зэрэгцжээ.
10 минутын хугацаанд хамгийн олон Hot Dog идсэн нь ялагч болох маш энгийн дүрэмтэй энэ тэмцээнд Жои Честнат 68 Hot Dog-ийг цааш нь харуулснаар аваргалсан. Уралдааны эхний минутад өнгөрсөн жилийн аман хүзүү, “Ёроолгүй таваг” хочит Пэт Бертолетти тэргүүлж байсан ч цаг дундаа орох үед Честнат хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө 6-аар илүү болоод байсан аж. 6 дахь жилдээ аваргаар тодорсон Честнатын аварга авсан жилүүдэд идсэн Hot Dog-уудыг нийлүүлж бодвол 377 болох гэнэ. Тэрээр “Шинэ рекорд тогтоохын тулд ирэх жилийн тэмцээнд оролцоно” хэмээн өгүүлсэн байна. Энэ жилийн аман хүзүүнд Честнатаас 16-аар цөөн Hot Dog идсэн Янус орсон бол Бертолетти 51 Hot Dog ходоод руугаа гулгуулснаар гуравлалаа.